Харьж явсан жавар эргэж хурган хацар эсгэчих дөхсөн нэгэн долоо хоног ард улирав. Төрөөс олгож байгаа далан мянган төгрөгөө сар шинээс өмнө авах гэсэн иргэд харин хаялах цас, хайрах хүйтнийг ч үл ажран харьяа хороо, салбар банк руугаа хошуурсаар.
Манайхан л болсон хойно хаана ч очсон дараалал, түүнээс үүдэлтэй түмэн бухимдал, бас бөөн хүнд суртал…
Энэ дүр зургийг харахаар картын бараанд алалцаж асан тэртээх он жилүүд санагдана. Эсвэл Солонгос явахаар бүртгүүлэх гэж Төв цэнгэлдэхийн хашаанд хонож өнжиж байсан үй олон хүн санаанд орно. Бас “бид ямар ч ядуу юм бэ дээ” гэж эрхгүй шүүрс алдмаар. Тэр хэрээр ард түмнийхээ хоосон ходоодонд дөрөөлж баахан мөнгө амлан санал авчихаад, ичсэн нэрэндээ эргээд амлалтынхаа гурван хувьд хүрэхтэй үгүйтэй мөнгөөр ам хааж байгаа түшээдэд дургүй хүрэх юм.
Асуудлыг арай өөр өнцгөөс харвал, бэлэн мөнгө амлаж, бэлэнчлэх сэтгэлгээг даамжируулах нь эрх баригчдад ашигтай, иймэрхүү өглөгийг иргэдээс ирэх эрүүл шүүмжлэлийн эсрэг гал унтраах хэрэгсэл болгож байх шиг. Цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг авахаар хөөцөлдөж, энд тэнд дугаарлаад завгүй яваа хүмүүс юун яасан төр засгийн алдаатай бодлогыг шүүмжилж, зөв зүйтэйг шаардах… Улстөрчид ард түмнийг үргэлж ийм л байлгахыг хүсдэг бололтой.
Цагтаа дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн удам хэмээн хийрхэхээ байя гэхэд уул уурхайн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог, өргөн уудам газар нутагтай, 1000 гаруй ашигт малтмалын орд, 8000 орчим илрэцийн эзэн бид яагаад ингэж хоногийн хоол аргацаах төдий мөнгөний төлөө барьц алдан байдгаа барна вэ? Энэ асуултад монголчуудын хоёрны нэг нь ядуу, нийслэлчүүдийн тал хувь нь буюу 43,2 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэсэн судалгааны дүн хариулж байна. Гэхдээ “ядуу” гэдэг үг монголчуудын зөвхөн халаасны хэмжээнд хамаатай бус, төрийн гар харсаар сэтгэх, бүтээх чадвараа мөхөөж буй тархины “тураалтай” холбоотой. Үүний цаана дахиад л нөгөө сонгуулийн явуургүй амлалт, хэн сайн амалсан нь улс төрд орж ирэх төрийн гаж тогтолцоо…
Үнэндээ бэлэн мөнгө тараах нь нийгмийн халамжийн хэлбэрүүд дотроос хамгийн үр дүнгүй хэрнээ сөрөг нөлөө ихтэй арга гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай батлагдсан. Халамжийн сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, инфляци өсөхөөс эхлээд сар шинийн өмнөхөн тарааж буй энэ мөнгө иргэдийн амьжиргааг тэтгэнэ гэхээсээ Эрээний зах зээлд хөрөнгө оруулаад таарна, эхнээсээ ч ингэж байна. Тэглээ гээд амлалт нэхэн алгаа тосох олныг яалтай ч билээ.
Засгийн газар эхний ээлжинд 91 тэрбум төгрөгийг 1,3 сая хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээхээр олгож байгаа. Албаны хүний мэдээллээр хоёр долоо хоногийн хугацаанд дээрх иргэдийн 70 орчим хувь нь эх орны хишгээ авчээ. Багахан хугацаанд ийм олон хүн мөнгөө авсан нь монголын жирийн иргэдийн амьдрал ямаршуухан байгаа, яажшуухан аж төрж буйг харуулаад өглөө. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж тэрбум тэрбумаар хөрөнгө баталж суудаг түшээд жирийн иргэд нь 70 мянган төгрөгний төлөө хөхөө өвлийн хүйтэнд яаж хөлөө хугалах шахам гүйж байгааг хараад эрхбиш нэгийг бодсон л байлгүй. Бодоод зогсохгүй дараагийн нүүдлээ зөв тодорхойлж, амлалтаа арай бүтээлчээр хэрэгжүүлэх гарцаа олсон байх гэж найднам. “Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хувь, хишиг олгох ажил улам хүрээгээ тэлнэ” гэж салбарын сайд мэдэгдэж байгаа. Хэрэв энэ мэтээр аманд ч үгүй, хамарт ч үгүй арав таван цаасаар гол зогоогоод байвал уул уурхайн баялаг ямар ч үлдэцгүй, үр ашиггүйгээр салхинд хийсэх нь байна. “Иргэн баян бол улс баян” гэдэг. Эхлээд 70 мянга, дараа нь 50 мянгыг авлаа гээд ард түмний амьжиргаанд мэдэгдэхүйцээр нөлөөлж чадах уу? Ядаж л зуданд малаа бараад ядуусын эгнээг тэлэх малчдад ямархан нэмэр болох бол. Энэ мэт хувь, хишиг тойрсон олон асуулт хариу нэхнэ, гэхдээ судалгааны дүнгээс арай илүү жинтэй, далайцтай хариулт эрэлхийлж байна.
/"Мм" 2-р сарын 8/
1 comment:
зиа бүүтэй болсонд баяр хүргэе. Ингэхэд дүүтэй болсон юм уу, маамуулсан юм уу.
Post a Comment