Манайхны цаг тооллогоор, таван ес шувтрах тийшээ хандаж, талын жавар наашилж байгаа хэдий ч Монголын нийт нутгийн 90 орчим хувийг хамраад байгаа зудын гамшиг цаашлах яагаа ч үгүй байна. 200 гаруй суманд өвөлжилт хүндэрч, ядарч туйлдсан малчид сая илүү толгой малаа зуданд тавиад туучихлаа. Өвс ачсан тусламжийн цуваа, үхсэн малын сэг зэмээр барьсан хашаа үдэш бүр л цэнхэр дэлгэцээр үзэгдэх болов. Тэр хэрээр малчдыг эвийлж хөөрхийлөх хүний тоо олширч, ам нээх бүртээ анхаарал халамж хүссээр.
Зудтай аймгуудад өвс тэжээл, өргөн хэрэглээний бараа худалдаж авахаар Засгийн газар 2,7 тэрбумыг зарцуулахаар болж, хойд урд хөршүүд, олон улсын байгууллагынхны тусламжийг машин машинаар нь орон нутагт хүргэх их аян улс даяар өрнөн буй. Улаанбаатарт байгаа нутгийн зөвлөлүүд ч хандив тусламж цуглуулж, хүн бүр чадах ядахаараа идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүчлэн байж байдгаа барин гүйлдэж байна. Төсвийн байгууллагууд ажилчдынхаа нэг өдрийн цалинг хандивлаж, сургуулийн багачууд зайрмагны мөнгөө лаа чүдэнз, нэмнээ болгож багшдаа хураалгасаар. Нэг үгээр хэлэхэд монголчууд тэвдсэн малчиддаа тэвнээр ч болов туслахсан гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна.
Гэвч энэ бүхний цаана “Зуд болохоор нохой зоолж, зовлон ихдэхээр лам цаддаг” гэдэг шиг байгалийн гамшгаар далимдуулан нэр төр олох, орон нутагт оноо авах гэсэн улстөрийн тоглолт давхар дэглэгдэж байна. Үүндээ зунжингаа найр хэсч морь уралдуулчихаад, өвс тэжээлээ хангалттай аваагүйдээ бантсан малчдыг гол дүрдээ тоглуулсаар. Тусламжийн цувааг тууз хайчилж, хундага тулгахын наахнуур замд үдэж буй дарга нар, дараагийн сонгуульд нэр дэвших далд санаа өвөрлөн сая сая төгрөгийн хандив амлан буй бизнес эрхлэгчид, хэдэн малаа бараад хэцүү бэрхээ тоочиж байгаа малчдыг харахаар өөрийн эрхгүй нэг иймэрхүү зураглал бууж байгаа юм. Үүнд орон нутагт газрын баялгыг нь ашиглаж байгаа гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сайхан сэтгэлийн өглөг ч бас хамааралтай. Товчхондоо монголчууд зудыг ашиг сонирхлын хэрэгсэл болгоод сурчихжээ.
Хахир өвлийн жаварт хайруулж ядаж байхад нь хатуу хөтүү үгээр дайрах гээгүй ч өнөөдөр монголын зуд малчдад зол, улстөрчдөд олз болж байгааг олон жишээгээр тайлбарлаж болно. Ер нь зуд хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн боловч малчдын өвлийн бэлтгэлээс шууд шалтгаалдаг, байгалийн гамшиг дотроос хүний хүчин зүйлээс хамгийн их хамааралтайгаа онцлогтой. Газар хөдлөлт, цунамитай харьцуулахад эрсдлээ хүн өөрөө удирдаж болдог учир гадныхан манай зудыг нэг л сайн ойлгож өгдөггүй гэсэн. Их цас унах, хүйтрэх нь дэлхийн олон оронд тохиодог үзэгдэл бөгөөд тэглээ тэд манайхан шиг өвлийг зуд, зудыг гамшиг, гамшигийг үл дийлдэх хүчин зүйлийн хэмжээнд авч үздэггүйгээрээ ялгаатай. Тиймээс зудыг “монгол маягийн гамшиг” ч гэж хэлж болох юм.
Нөгөөтэйгүүр зуд нь нүүдэлчин монголчуудад ялгавартай хандаад байх шиг. Аль төлөвлөлт тооцоо муутай, залхуу малчны хотонд илүү тухлах дуртай. Харин айсуй өвөлд алсаас бэлдэж, өвс тэжээлээ хангалттай базаан, өөрөө өөрийгөө аваад явчих арчаатай нэгнээр тэр бүр оролдоод байдаггүй.
Аймаг, сум, багын Засаг дарга нар ч битүүхэндээ зуданд элэгтэй. Намрын тайландаа өвөлжилтийн бэлтгэл 80-100 хувьтай хангагдсан дүн мэдээ ирүүлдэг мөртлөө анхны цаснаар л аврал эрэн хашгирдаг. Бодит байдлыг тавин хувь хүндрүүлж, болохоо байвал мал төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн “авралын” заалтаар түрээ барихаа ч андахгүй. Түүнийг нь ард түмэн, малчин олныхоо төлөө гал руу үсрэхээс ч буцахгүй эх оронч төрийн түшээд өлгөн авч телевизийн камерын өмнө “Малчдад хэн нь илүү хайртай вэ” реалити шоу зарлан өрсөлдөж эхэлнэ. Ингээд л гахайн ханиад, эх нялхсын эндэгдлийг бууруулахад олддоггүй хөрөнгө мөнгө ямаа үржүүлэхэд, мах борлуулахад, малчдад саван шампунь худалдаж авч тараахад урсаж өгнө. Байчихаад малчдын тавьсан зээлийг татварын мөнгөөр төлөх хуулийн төсөл ч яригдаж байна. Уул нь “Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү дурын хэрэг” гэгчээр малтай иргэд хувийнхаа өмчийг банкиндаа барьцаална уу, тогоогоо тосолно уу, мах сүүгээ өндөр үнээр худалдаж авдаг хотын бидэнд төдий л хамаатай бус.
Хэрэв энэ хууль батлагдчихвал эрсдэлтэй бараа буюу зуданд хэзээ ч үхэж болох мал барьцаалж зээл өгсөн арилжааны банкнуудын үүрэх хариуцлагыг татвар төлж байгаа жирийн иргэд үүрч таарах нь. Энэ мэтээр төр засаг алаг үзэлтэй, айлын үрэлгэн авгай шиг зан гаргаад байвал иргэн бид татвараа төлөхөө больчихмоор байна. Даанч сумын засаг даргад өвсний, аймгийн дарга нарт тээврийн бизнес авчирч, нутгийн зөвлөлд сонгуулийн нэр хүнд, намын гишүүдэд хувийн “пи-ар” бэлэглэдэг зуд гээч “ачтан” илүү хүчтэй бололтой.
Нөгөөтэйгүүр “малчдад туслах” нэрийн дор хандив тусламж зохион байгуулж байгаа хүмүүс ч цугласан хөрөнгөнөөс “дансны аргаар” идэж буйг үгүйсгэх аргагүй. Гишүүдийнхээ татвараас өөр санхүүгийн эх үүсвэргүй жалга довны зөвлөлүүд дундаас нь баахныг зувчуулж, хүргэж яваа “энхийн элч” нар завсраас нь жаахныг зохицуулаад, тарааж хуваарилах эрх бүхий эвэртэн туурайтнууд үлдсэнээс нь өчүүхэн тоншдог гэх яриа мэр сэр дуулддаг. Барин тавин үзүүлчих баримт үгүй ч хандив тусламж хаагуур ороод, хэний гарт хэрхэн очиж байгааг эргээд нэгбүрчлэн тайлагнаагүй цагт иймэрхүү хардлага сэрдлэг гарах нь зүйн хэрэг.
Түүнчлэн цасанд боогдсон сумдад өвс тэжээл хүргэх машинууд замдаа сууж, араас нь аврахаар мөн тооны машин техник түлш шатахуун зарцуулан, хүрэх тусламжийн үнийн дүнгээс илүү үргүй зардал гаргаж буй мэдээ орон нутгаас ирсээр байгаа. Аймаг, орон нутаг өөрсдөө өвс тэжээлийн фонд хангалттай бүрдүүлэхийн оронд төвөөс тусламж дуудаж, тэр болгонд мянгаад км-ийн холоос малчдад өл залгуулахаар хөрөнгө урсгаж, хөл болж явахын оронд нэн шаардлагатайг нь нисдэг тэргээр хүргээд явчихвал олон машины цуваанаас арай л хямд тусна. Гагцхүү хүмүүсийн хувийн тоглолтод л жаахан ашиггүй байх.
Бид л сүүлийн гучин жилд тохиогоогүй гамшиг учирлаа хэмээн сүржигнээд байгаа болохоос монголчууд түүхэндээ цөөнгүй зудын нүүр үзэж, хүнд хүчир өвлийг даван туулж ирсэн. Гэтэл зуданд дулдуйдсан бидний энэ мэт араншин учирсан хохирлыг улам дэврээж байна. Байгалийн зудаар бамбай болгон, ашиг сонирхол, улстөр, нэр хүндэд ашиглаж байгаа хүмүүст төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсаны хэлсэн гуравхан үгийг сануулчихмаар байна. 1960-аад оны дундуур зудтай сумд руу төлөөлөгчид явуулах тухай хэлэлцсэн нэгэн чухал хурал дээр Ю.Цэдэнбал дарга Ж.Самбуу даргаас ямар бодолтой байгааг нь асуухад тэрбээр хэсэг чимээгүй сууснаа "Зудан дээр зуд" хэмээсэн байдаг. Үнэндээ том дарга нар очлоо гээд зуд арилахгүй, харин ч нөгөө аймаг, сумын Засаг дарга нар нь дагаж намиран ажлаа алдаж, байгаа хэдэн төгрөгөө төлөөлөгчдийн хоол хүнс, бензин шатахуун, архи дарсанд өгөөд дуусгах учир бөөн зардал чирэгдэл болох нь тодорхой. Одоо орон нутгаас сонгогдсон гишүүн бүр чуулган завсарлав уу үгүй юу зудын голомтод очихоор зэхэж байгаа. Тэднийг дагалдаж нутгийн зөвлөлийнхөн, аймаг орон нутгийн удирдлагууд хөдөөгүүр явна. Энэ мэтээр зудан дээр зуд бологсод байгалийн гамшигийг байгаагаас нь хоёр дахин хүндрүүлэх юм даа.
/"Мм" 2-р сарын 4/
No comments:
Post a Comment