Байгалийн давагдашгүй хүчин зүйл дотроос хамрах талбай, халдах уршигаараа хамгийн хөнөөлтэй нь газар хөдлөлт гэгддэг. Азаар манай улс түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хэдэн тохиолдлыг эс тооцвол байгалийн энэ гамшигт харьцангуй бага өртөж иржээ. Харин сүүлийн үед "Дайны хажуугаар дажин" гэгчээр ойрын хэдэн жил тохиогүй зуд турхантай зэрэгцээд нийслэлд газар хөдлөх мэдээ олныг түгшээх болов.
Ингэж айх ч бүрэн үндэслэлтэй. Хориодхон хоногийн өмнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 км зайд 5.1 магнитут газар хөдөлсөн бол Улаанбаатарт 3-5 баллын хүчтэй мэдрэгдсэн. Ер нь манайд газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа төдийгүй тодорхой давтамж үүсчихээд буйг шинжлэх ухааны байгууллагууд ч анхааруулж байгаа. Одон орон, геофизикийн судалгааны төвийн мэдээллээр Эмээлт өртөөнөөс Өлзийт хорооллын баруун хэсэгт 9-10-н балын, зүүн хэсэгт 8-9 баллын, түүнчлэн Хустайн нурууны урд хэсгийг дагнасан хэсэгт 9-10 баллын хүчтэй газар хөдөлж болзошгүй аж. Тэд энэ талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн бөгөөд Хустайн нурууны газар хөдлөлт нийслэлд 8-9 баллын хүчтэй мэдрэгдэх гэнэ. Гэхдээ газар хөдлөх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй учир яг хэдийд гэдгийг хэлж чадахгүй байгаа аж. Тойм баримжаа гаргахын тулд гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгтэй гэж байв.
Хэдийгээр хүн гэдэг амьтан байгалийн "агсамнал"-ыг зогсоож чадахгүй ч түүнийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдэг хамгаас чухал. Улаанбаатарт энэ хэмжээний газар хөдөлбөл тэсч үлдэх барилга байшин бараг байхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт сэтгэл сэрдхийлгэж байгаа энэ үед сэтгэлээ чилээж, тархиа гашилгаж суух ёстой төр засаг, холбогдох байгууллагууд ажин түжин байгаа нь "Сүх далайтал үхэр амар" гэгч болж байна.
Ертөнцийн нөгөө бөөрөнд Гаити хэмээх арлын жижиг улс газар хөдлөлтийн гамшигт бүрэн нэрвэгдэж, дэлхий нийт тэрхүү үндэстний хувь заяанд санаа зовинож буй. Улстөрийн зөрчил, дотоод тэмцэлдээ туйлдаад байсан тэр улсыг байгалийн "гэсгээл" мөддөө өндийхгүй болтол нь навс ниргэж, үй олны хүний амийг авч одсон. Одоо олон улсын байгууллагын тусламж дэмжлэг, хүмүүнлэгийн өглөг төдийхнөөр амь зогоож буй тэднийг бэлхнээ харсаар байж бид юу хийж байна вэ?
Өвөл болохыг мэдсээр байж өвс тэжээлээ хангалттай базаагаагүй малчиддаа хошуу дэвсэн, өөр хоорондоо сандал ширээ албан тушаал булаалдан маргаж суух зуур үнэхээр тэр аюулт үзэгдэл болвол яах вэ? Ядаж л бидэнд ямар ямар барилга газар хөдлөлтөд тэсвэргүй талаарх бодитой судалгаа, хэрэв гамшиг тохиолдвол хэрхэх тухай тодорхой төлөвлөгөө байна уу? Эсвэл заавал байшин нурж, хүн эндэж байж сэрж сэхээрэх гээд байна уу? Үгүй бол газар хөдлөх нь яг тогтоогдоогүй, таамаг төдий болохоор үл тоож байна уу?
Улаанбаатарын барилгуудын 60 гаруй хувь нь найман магнитутын газар хөдлөлийг тэсвэрлэх боломжгүйг ОХУ-ын Сибирийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд зургаан жилийн өмнө тогтоож байжээ. Түүнээс хойш чанаргүй барилгын тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Дээрээс нь нийслэлд 50, 60 жил болж буй барилга өчнөөн бий, ядаж байхад бүгдээрээ шахам бөөрнөөсөө нүхлэгдсэн, даацын ханаа нураалгасан байшингууд хэтрүүлж хэлбэл дөмөгхөн салхинд дашираараа яваад өгөх аюултайг ам дамжин ярих төдий. Үгүйдээ л улсын комисс хүлээж аваагүй 100 гаруй барилгад хүн амьдарч, зочид буудал, худалдаа үйлчилгээ явуулсаар байгаа. Газар хөдөлсөн, хөдлөөгүй чанаргүй барилга алсдаа ямар урхаг авчирахыг хэн бүхэн хэлүүлэлтгүй мэддэг атлаа хойргошиж, хойш суусаар юу хожих бол. Урдчилан сэргийлэх гэдэг нь муу амлахаас ялгаатай л баймаар.
/"Мм" 2-р сарын 1/
No comments:
Post a Comment