Monday, February 1, 2010

Улстөр амилах цагаар

Хамтарсан Засгийн газрын далбаан дор харьцангуй нам гүмхэн оршиж байсан Монголын улс төрийн амьдрал сүүлийн хэд хоногт сүрхий хөдөлгөөнд орж бужигнан, будаатай шөл шиг буцлах янзтай болов. Зудтай өвлийн зузаан цастай зэрэгцэн дагтаршиж эхэлсэн энэхүү үйл явц Монголбанкны удирдлагуудын халаа солио тойрсон үйл явдлаар дөрөөлөн нийгэмд хүчтэй мэдрэгдэж байна.

Төв банкны дэд Ерөнхийлөгч нар үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ нэгэн зэрэг гаргаж шийдүүлсэн учир оронд нь хэнийг томилох вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Дараагийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан нам Н.Золжаргалыг, дэд Ерөнхийлөгчөөр МАХН Б.Жавхланг томилуулахаар оруулж ирсэн ч МАХН-ын бүлэг АН-ын санал болгосон хүнийг дэмжээгүй. Энэ талаар тус намын бүлгийн дарга албан ёсоор мэдээлээгүй ч бүлгийн гишүүд ингэж ярьж байгаа юм. Хэрвээ энэ нь үнэн бол баргийн юмыг ажралгүй, ах намтайгаа нэгэн дээвэр дор эвтэй найртай “аж төрж” байсан АН-д цочроо өгч, цаашид дараагийн сонгуульд хүртэлх үлдэж буй хугацаанд сөрөг хүчнийхээ дүрд тоглох чиг хандлагатай боллоо гэх таамаг чих дэлсэх болов. АН-ынхан УИХ-ын чуулган дээр МАХН-ын бүлгийнхэн нэр дэвшигчийг нь унагаавал дараагийн нэр дэвшигчээр цагтаа төв банкийг удирдаж явсан Ж.Үнэнбатыг сойж магадгүй байна. Хэрвээ тэгвэл Н.Золжаргалтай харьцуулахад харьцангуй олонхийн дэмжлэг авахаар байгаа юм. Хэдийгээр өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Н.Золжаргал, Б.Жавхлан нарыг хоёуланг нь дэмжээд байгаа боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. Төв банкны удирдлагуудын томилгоотой зэрэгцээд банкны салбарын алдаа оноо хүчтэй сөхөгдөж, санал шүүмж өрнөж байгаа. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн суудлыг ганхуулах хэмжээнд хүрч болзошгүй байсан ч энэ удаа дэдүүдийн сэлгээгээр халхлагдаад өнгөрөх төлөвтэй байна.

Дээрх үйл явдлын хажуугаар МАХН, АН-ын тус бүрийн тогоон доторх дотоод зөрчил хүчээ авч байгаа нь эдгээр нөлөө бүхий улс төрийн хүчний зарим нэг гишүүний үг үйлдлээр илэрч байна. Улирч буй долоо хоногийн эхээр УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан “Ардчилсан хүчний холбоо” гэх ТББ байгууллага мэндэлсэн нь үүний нэг илрэл байв. Хэдийгээр энэ холбоо нь “Монголоо шинэчлэе” уриатайгаар ардчилсан үзлийг дэмждэг хүн бүрийн эрх ашгийн төлөө үйлчлэнэ гэж байгаа боловч цаагуураа нам дотроо чигийг заагч “Алтангадас” бүлэглэлийн хүчийг сааруулж, “МАХН-тай нэг хөнжилд орсон” гэж нэг нэр, хоёр хоч зүүх болсон намынхаа нэр хүндийг аврах зорилготой байж магадгүй байна. Тэд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд цус сэлбэхээр ирэх гуравдугаар сард болох ротацийн сонгуулиас урьтаж “Алтангадас” болон МоАХ, "Мүдняк"-ын талынхантай тулж ажиллахаар ханцуй шамлаж эхэлжээ. Ингэснээр тус намын дотоод бүлэглэлүүдийн “тогоон доторх нанчилдаан” идэвхжиж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. З.Энхболдын бүлэглэлд багтсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ардчилсан хүчний холбоо бол нийгмийн захиалга” хэмээн мэдэгдээд “Ардчилсан намд төлөвшил хэрэгтэй. Гэхдээ илүү нээлттэй байж, бодлого тодорхойлох чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Албан тушаал, ширээ сандлаар олонхийг бүрдүүлж, олон урьгалч үзлийг боомилох явдал гарах болсныг зогсоох нь зүйтэй” хэмээсэн нь дээрх таамаглалыг баталж байгаа юм.

Харин МАХН-ынхан АН-тай харьцуулахад өнгөн талаасаа ажин түжин байгаа хэдий ч өнгөр дотроо нэлээд хөдөлгөөнтэй байгаа аж. МАХН-ын удирдах зөвлөл намынхаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар хэлэлцүүлэг, санал асуулга, судалгаа явуулаад завгүй байгаа. 2010 оныг “Ард түмнээ сонсох жил” болгон зарласан тус нам дотоод ардчилалгүй гэдэг нэрээсээ салахын тулд нам доторх жигүүрийн байр суурийг ойшоон үзэх болжээ. Гэхдээ намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэх шалтгаанаар улс төрөөс түр хөндийрсөн нь тус намыг эзэнгүйдсэн мэт харагдуулж буй. УИХ дахь тус намын гишүүдээс, тухайлбал Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу нар үүнд шүүмжлэлтэй хандаж “Бид ингэж эцэггүй хүүхдүүд шиг байж болохгүй. Бодлого хэрэгжүүлэх, наад зах нь л гэхэд томилгооны асуудал ярих болоход намын дарга байдаггүй. Ингэснээрээ төрийн машин гацаж, нам хоёр хуваагдах дээрээ тулаад байна. Одоо Ерөнхий сайд Сү.Батболдод түүнтэй дүйцэхүйц эрх мэдэл олгож, стандарт ёсоор ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. Энэ нь нэн даруй намын даргыг солих явдал юм. Шулуухан хэлэхэд Монгол төрд үгүйлэгдэж байсан зоримог бодлогуудыг боловсруулж эхлээд байгаа түүнийг МАХН-ын даргаар сонгох нь зөв гэж бодож байна. Авахаараа авдаг, өгөх болохоороо өгч чаддаггүй стандарт бус сэтгэлгээнээс бид татгалзах цаг болжээ” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байна. Ер нь тус намд нэн даруй Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлаа хийн, цаашлаад Их хурлын товыг зарлахыг шавдуулж буй гишүүн олон байна. Тэд үүнийгээ жигүүр хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлсээр байгаа юм.

МАХН-ын гишүүд сүүлийн үед намын шинэчлэлтэй холбоотой асуудлаар нэлээд хүчтэй дуугарч, хэвлэлд ярилцлага өгөх төдий бус өөрсдийн нэрээр нийтлэл бичиж байр сууриа илэрхийлэх болов. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 25-ны дугаарт “МАХН орших уу, эс орших уу” гарчигтай өгүүлэл нийтлүүлж, “Өнөөдөр манай нам үзэл баримтлал, урт хугацааны хөтөлбөрийг дэвшүүлснээрээ биш бүлэглэлээрээ наймаалцан асуудлыг шийддэг болсон нь нууц биш. МАХН дотор албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж ил тод үйл ажиллагаа явуулдаг ганцхан жигүүр бий. Бусад нь голдуу бизнесээрээ нэгдсэн явцуу бүлэглэлүүд. Эдгээр бүлэглэл эрх ашгаа намын эрх ашигтай цаашлаад улс орны амин чухал асуудлуудтай хутгаж чаддаг нь харамсалтай. Үүнээс салж чадахгүй бол бид хөгжихгүй” гэх мэтээр намын өнөөгийн үйл амьдралдаа нэлээд шүүмжлэлтэй хандаж засч залруулах тодорхой санал дэвшүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үнэн” сонины энэ долоо пүрэв гарагийн дугаарт хүний эрхийг дээдлэх асуудлаар бичсэн “Нийгэмд үүрэгт тулгуурласан хандлага үгүйлэгдэж байна” нийтлэлдээ тодорхой нэг нам эвсэлд хандаагүй ч “Манай зарим улстөрч бvлэглэлийн зvгээс зөвхөн улстөрийн ашиг хонжоо олох зорилго, сонирхол давамгайлснаас нийт иргэдийн эрх, эрх чөлөөг тэгш хангах ардчиллын зарчим ярихаасаа гэмт хэрэг, ял шийтгэлд холбогдсон хvний эрхийг сөхөн тавих төдийгөөр хүний эрхийн асуудалд хандаж байна” хэмээжээ. Мягмар гарагт хуралдсан МАХН-ын бүлгийн хуралдаанаар ч намынхаа дотоод асуудлаар нэлээд удаан маргалдсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Байр сууриа илэрхийлж байгаа УИХ-ын гишүүд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд удаа дараа сонгогдсон, архаг хуучуулын дэргэд нам дотроо нөлөө багатай ч ийн үгээ хэлэх болсон нь нэгийг үгүйлж байна. Салхилж буй улс төрийн цаг агаарын цаана бүлэглэл, жигүүр, хөдөлгөөн, хүчнүүд тойрсон тоглолтууд хүчээ авах шинжтэй.

/"Мм" нэгдүгээр сарын 29/

No comments:

Post a Comment