УИХ-ын 2009 оны намрын чуулган өндөрлөлөө. Анхаарал татсан олон асуудлын ард гарч, халгаа сэлгээ, албан тушаалын томилгоогоор баялаг байсан энэ удаагийн чуулган ажлын 91 хоногт үргэлжилж, 104 хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэж баталжээ. Цаг хугацаа давчидсаны улмаас хэлэлцэхээр төлөвлөсөн 40 гаруй асуудлыг орхигдуулснаа ч эрхэм гишүүд хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээрээс тэргүүлэх ач холбогдолтой гэж үзсэн, бодлогын чанартай 28 төслийг хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэхээр түр ацаглаад байгаа юм. Үүнд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага тогтоох, төсөвт тодотгол хийх зэрэг олон чухал асуудал бий.
Энэ удаагийн чуулганы хугацаанд Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, чуулганы хуралдаанд мэдэгдэл хийснээр парламентад дараагийн Ерөнхий сайдыг томилох ажил ундрав. С.Баярын халааг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан С.Батболд залган авч, Хамтарсан Засгийн газрыг тэргүүлэхээр болсон юм. Тэмдэглүүштэй нь энэ чуулган урьд урьдын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ярьдаг шигээ ашиг сонирхлоороо талцан асуудлыг гацааж цаг авсангүй, танхимын сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шуурхай батламжилсан. Гэхдээ шинэ Ерөнхий сайдын саналын дагуу ЗГХЭГ-ын даргын алба хашиж байсан Б.Долгорыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишvvн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хvрэлбаатарыг томиллоо. Мөн Ерөнхий сайд өөрийн хашиж байсан Гадаад харилцааны сайдын албан тушаалд УИХ-ын гишvvн Г.Занданшатарын нэрийг өргөн барьж, чуулганы хуралдаанаар батлуулсан юм.
Намрын чуулганы хугацаанд өөр нэг онцлох зүйл тохиосон нь 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш жил гаруй хугацаанд дутуу бүрэлдэхүүнтэй явсан парламент элэг бүтэн болсон үйл явдал. УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан С.Эрдэнэтэй холбогдох сонгуулийн маргаан шүүхээр шийдэгдэж, тэрбээр УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр Баянголчууд парламентад бүрэн төлөөлөлтэй болов. Мөн УИХ-ын 24 дүгээр тойргоос сонгогдсон Ц.Элбэгдорж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсноор тус тойрогт нөхөн сонгууль зарласан. Нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ялснаар тэрбээр парламентын гишүүдийн бүрэлдэхүүнд багтав. Ийнхүү УИХ 76 гишүүнтэй болж, намрын чуулганаар бүтэц бүрэлдэхүүн цэгцэрсэн юм.
Жил жилийн намрын чуулган нь ирэх оныхоо төсөв, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталдагаараа хаврын чуулганаас илүү хариуцлага үүрдэг. Гэвч энэ үеэр гишүүд хөрөнгө оруулалт нэрээр тойрог тус бүрдээ тэрбум төгрөг хуваарилан, төсөв захиран зарцуулах эрх бүхий төсвийн захирагч нарын нэр дээр тараан байршуулсан нь нийгэмд багагүй шуугиан тарилаа. Хоёр том хамтарч Засгийн газраа байгуулснаар сөрөг хүчний дуу хоолой УИХ-д үгүйлэгдэж байгааг иргэд шүүмжилж, тойрогтоо дахин сонгогдох хундаамаа цутгаж байна хэмээн эсэргүүцэж байсан ч асуудал гишүүдийнхээр шийдэгдсэн юм. Хэдийгээр УИХ-д бие даан сонгогдсон З.Алтай, Ногоон намын төлөөлөл Д.Энхбат, ИЗН-ийн дарга С.Оюун нар сөрөг хүчний байр суурь илэрхийлсэн ч тусыг эс олсон. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан ч гишүүд хүлээж аваагүй. Ийнхүү 76 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий, 358 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар 2010 оны төсөв батлагдаж байв.
Энэ оны төсөв алдагдалтай батлагдсан ч vvнтэй зэрэгцээд Хvний хөгжлийн сангийн тухай хуулийг хамтатган баталж, эх үүсвэрийг нь шийдсэнээрээ энэ чуулган түүхэн шийдвэр гаргасан гэж хэлж болно. Улстөрийн хоёр том хүчний сонгуулийн амлалтад дөрөөлсөн хувь хишиг хүртээх тухай асуудал Хүний хөгжлийн санд туссан бөгөөд уул уурхайн баялагаас эхний ээлжинд иргэн бүртээ 120 мянган төгрөг хүртээхээр болсон юм. Үүнийгээ нэгэн зэрэг хүн болгонд, нэг дор олгох боломжгүй учир хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар шинийн баяраас урьтаж 70 мянган төгрөг олгож буй. Хэдийгээр энэ нь хоёр намын ам уралдан амласан 1,5 сая төгрөгийн эх орны хишиг, нэг сая төгрөгийн эрдэнийн хувьтай харьцуулахад үлэмж бага тоо ч чамлахаар чанга атгахыг илүүд үзсэн иргэд өвлийн хүйтнийг ч эс хайхран хороо хорин, харьяа банкныхаа салбарт урт дараалал үүсгэж байна.
Гэхдээ энэ чуулганы хугацаанд улс орны хэмжээнд ч, олон улсын түвшинд ч санхүү, эдийн засгийн байдал хүндхэн байсан, тэр нь одоо ч үргэлжилж буйг хэлэх хэрэгтэй. Манай орны экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тогтворгүй байгаа учир төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалт маргаан дэгдээсээр байгаа юм. Энэ бүхэн нь төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийг бодит боломжтойгоо уялдуулан тэнцвэржүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг УИХ-аас шаардаж буй.
Энэ хэрээр батлан гаргасан 2010 оны төсөв, мөнгөний бодлого бүхэлдээ эдийн засгийн уналтыг зогсоох, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хэмээн УИХ-ын дарга хэлж байсан. Дэлхийг хамарсан санхүү эдийн хямрал үргэлжилж, ялангуяа манай банк санхүүгийн салбарыг хүчтэй нэрвэж байгаа ч УИХ энэ онд эдийн засгийн өсөлтийг 7.4 хувиас буулгахгүй байх зорилт тавьж буй аж.
Энэ зорилтоо хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 443 тэрбум, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөөд байгаа. Хувийн хэвшлийнхний өөрсдийн хийх хөрөнгө оруулалтын ажлыг нэмж тооцвол улсын хэмжээний нийт бүтээн байгуулалтын ажлын цар хэмжээ хоёр их наяд давах тооцоо гарчээ.
Санхүүгийн хямралыг хохирол багатай давахын тулд Монголын төр банк санхүүгийн салбарын дархлааг сайжруулж, иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасан боловч өнгөрсөн хугацаанд хоёр ч арилжааны банк дампуурч орхисон. Найдваргүй зээл, буруу менежмэнтийн улмаас дансаа дугуйлсан “Анод”-ын араас “Зоос”-ыг тавиад туучихаж болох байсан ч шийдвэр гаргагчид уг банкийг төрийн мэдэлд авахыг илүүд үзэн, УИХ-аас Засгийн газарт 100 тэрбумын бонд гаргах эрх олгосон юм.
Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд энэ намрын чуулган онцгой анхаарч ажиллав. Үйлдвэрлэлд зориулсан хөрөнгийн хэмжээг өнгөрсөн жилийнхээс 1.5 дахин нэмэгдүүлж, 45 тэрбум төгрөгт хүргээд байна. Мөн дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагыг харгалзан Үйлдвэрлэл, технологийн паркийг бүс нутагт байгуулах эрх зүй, эдийн засаг, татварын таатай орчинг бүрдүүлэх хэд хэдэн эрхзүйн баримт бичгийг батлав. Хэрвээ энэ том зорилтууд ажил хэрэг болж чадвал ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого сайжрах учир Засгийн газарт бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах л үлдээд байна.
Түүнчлэн Концессын тухай хууль анх батлагдсан нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаархи төрийн бодлогыг тодорхойлсон томоохон алхам боллоо. Дотооддоо хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хөгжүүлэх, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд бие дааж гарах шаардлагад нийцүүлэн төрийн өмчийн хувьчлалыг явуулах, эрдэс баялгийг эргэлтэд оруулах талаар Засгийн газрын саналыг УИХ хүлээн авч Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг тодорхойлсон нь ч намрын чуулганы нэг ололт байв. Одоо энэхүү эрх зүйн энэхүү дэмжлэг, нөхцөл, боломжийг Засгийн газар бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай тулгараад байна.
Намрын чуулган завсарлахынхаа өмнөхөн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Б.Жавхланг, дэд Ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг амжиж томиллоо. Өмнө нь алба хашиж байсан Б.Энххуяг, Д.Энхжаргал нар өөрсдийнхөө хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Гэхдээ халаа сэлгээ ярихаар л гацаа үүсдэг байдал энэ удаа ч давтагдаж намын бүлгүүд зөвшилцөөнд хүрэх гэж цөөнгүй хоног алдсаныг дурдах нь зүйтэй болов уу.
Монголын нийт нутгаар өвөлжилт хүндэрч, ойрын гучин жил тохиогоогүй зудын гамшиг нэрвэсэн нь яах аргагүй парламентын “шүдний өвчин” болж байлаа. Зудтай аймгуудад тусламж хүргэх, өвс тэжээл худалдаж авахаар УИХ 3,7 тэрбум төгрөг хуваарьлаж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг цаашид хохирол багатай даван туулах, малгүй болсон иргэдийг малжуулах чиглэлд нэмж хөрөнгө гаргахаар болоод байна.
Төрийн түшээдийн зарим нь чуулган завсарлахыг хүлээж тэсэлгүй зудтай аймаг сумдыг зориод байгаа. Үлдсэн хэд нь ч өнөө маргаашгүй тойрог руугаа явахаар бэлтгэлээ базааж, малаа алдаж хотоо харлуулсан тэдэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээр яарцгааж байна. Төв, суурин газраас сонгогдсон гишүүдээс ч малчдад туслах санал удаа дараа гарсан бөгөөд малаар барьцаалсан банкны зээлийг төрөөс барагдуулах хувилбар яригдсан ч хараахан батлагдаагүй. Товчхондоо намрын чуулганы сүүлийн хагас нь зудаар амьсгалж, байгалийн гамшгийг давахтай холбогдсон бодлого шийдвэр гаргахад чиглэгдлээ. Ийнхүү танхимаа бүрдүүлж, сонгуулийн амлалтаа эхлүүлсэн энэ удаагийн намрын ээлжит чуулганыг үүрэг зорилгоо үндсэндээ хангасан гэж дүгнэж болохоор байна.
/"Мм" 2-р сарын 5/
No comments:
Post a Comment