“Монголын парламент ингэж ажилладаг...” гэсэн тайлбар бүхий бичлэг www.youtube.com сайтад тавигджээ. Нээгээд үзвэл УИХ-ын эрхэм гишүүдийн хууль баталж байгаа үйл явцыг Я.Отгонбаяр гэдэг зураглаачийн хальсанд бууснаар оруулсан байх юм.
Чуулганы танхимын самбар дахь он, сар, өдрөөс харахад саяхны хуралдааны бичлэг бөгөөд ирц ба санал хураалтын тоо алд дэлэм зөрүүтэйгээр хууль баталж байв. Танхимд ердөө хорь хүрэхтэй үгүйтэй гишүүд байх атал байгаа нь байхгүй нэгийнхээ өмнөөс товчлуур дарсаар санал хураалтад 44 гишүүн оролцож, 40 нь зөвшөөрч, дөрвөн гишүүн татгалзсанаар уг асуудал дэмжигдэж байна. Нэг гишүүн 2-4 хүнийг төлөөлж санал хураалгасан ба АН, МАХН гэлтгүй бүгд л дор бүрнээ жуумалзан, хавь ойрынхоо эзэнгүй суудлын кнопийг дарсаар. Дунд нь ерөнхий сайд маань ч инээгээд сууж байх шиг. Хачирхалтай нь УИХ-ын дарга үүнийг харсан атлаа хараагүй мэт алхаа цохиж байх юм.
Ер нь хурал “хаясан” хэдийнхээ өмнөөс үлдсэн хэд нь давхар санал өгдөгийг манай парламентын түгээмэл дүр төрх гэж хэлж болно. Албан тушаалаас огцруулах, томилохоос бусад асуудалд гишүүд ихэнхдээ тоомжир муутай ханддаг бөгөөд орж ирж ирцээ бүртгүүлчихээд сонин гарчиглаж сууж байгаад гараад явчихдаг. Санал хураах болохоор гишүүдийг дуудаж авчрах буюу туслахуудаар нь уриулж залуулах хэрэг гарна.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэх үеэр гишүүд аанай л ингэж аяглав. Төслийн хувьд нэлээд тулгамдсан, ойрын гурван жилд ямар ямар объектийг хувьчилж төрийн мэдлээс хувийн хэвшилд шилжүүлэх, цаашид ер нь өмч хувьчлалын оновчтой бодлого чиглэл юу байх тухай нэлээд ач холбогдолтой асуудал байлаа. Гэтэл танхимд суугаа арав гаруй гишүүн санал хураахад хангалттай ирц бүрдүүлж чадахгүй байсан учир УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг танхимд орж ирэхийг хэд хэдэн удаа зарлаж, залсны эцэст эрхмүүд уван цуван суудлаа эзэлсээр 25 гишүүн санал хураалтад оролцлоо. Гэвч хэд хэдэн гишүүн ойр хавийнхныхаа өмнөөс санал өгсөөр самбарт 48 хүн санал хураалтад оролцсон мэтээр бүртгэгдлээ.
УИХ-ын хууль баталсан бүх үйл явц Тамгын газрын протоколд үлдэж, баримт болж архивлагддаг. Шинжээчид тухайн асуудлыг хэлэлцэх үед гишүүд ямар байр суурьтай байсан талаар дүгнэлт гаргахдаа дээрх баримтыг иш үндэс болгодог. Гэвч энэ мэтийн саналын “хулгай” хэр зөв баримт болж үлдэхийг хэлж мэдэхгүй юм. “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг шиг гишүүд ч үүнийгээ хулгай, булхайн хэмжээнд авч үздэггүй бололтой.
Нөгөөтэйгүүр, хууль хэлэлцэх нь төрийн энэ институцийн үндсэн үүрэг. УИХ-ын Дэгийн тухай хуульд 76 гишүүний тавин хувь нь буюу 39 хүний ирц бүрдсэнээр санал хураалт явуулах нөхцөл бүрдэх ёстой. Түүнчлэн бусдынхаа өмнөөс санал өгч, өөртөө ашигтай байдлаар кноп дарж суух нь эрхэм түшээдийн Ёс зүйн дүрмийн ашиг сонирхолтой холбоотой заалтыг зөрчиж буй. Гэвч аливаа хуулийг ариутган шүүж, тогтоон хэрэгжүүлэх үүрэгтэй эрхэм түшээд өөрсдөө хууль зөрчин хуулиа баталж байгаа нь тэдний ширээнээс “хууль бус” шийдвэр төрж буйтай агаар нэг юм.
“Монголын хууль гурав хоног”, “хууль гууль болох” гэх мэт хэлцүүд чухам эрхэм түшээдийн энэ мэт хариуцлагагүй үйлдлээс ч улбаатай байж болох юм. Ер нь УИХ-ын Тамгын газраас сар бүр гаргадаг ирцийн мэдээллээс харахад цөөнгүй гишүүн чуулганы хуралдаандаа идэвх султай оролцдог. Хуулиар бол Монгол Улсын Ерөнхийлөгч л чуулганы хуралдаанд тааллаараа суух, үг хэлэх эрхтэй байдаг болохоос биш эрхэм гишүүдийг дуртай хэлэлцүүлэгтээ ороод, дургүйгээ үл тоохыг зөвшөөрсөн зүйл заалт хаана ч үгүй. Жирийн нэг албан хаагч ажлаа тасалбал цалингаа хасуулахаас эхлээд халагдах хүртэл арга хэмжээ авах шийтгэлтэй. Харин үг яриа, үйл хөдлөлөөрөө үлгэр жишээ болж байх учиртай УИХ-ын гишүүдэд иймэрхүү хууль үйлчилдэггүй бололтой. Хаа сайгүй "хариуцлагагүйн зуд" нүүрэллээ хэмээн ярих болсон одоо үед Монголын төрийн эрх барих дээд байгууллага иймэрхүү маягаар ажлаа явуулж байвал хууль хэрэгжүүлэх, хариуцлага тооцох тухайд яриад ч хэрэггүй юм шиг. Хэрэв тухайн хуулийг хэлэлцсэн үйл явц хууль бус бол уг хууль ч хүчин төгөлдөр биш байх учиртай гэдэг ухагдахуунаар эрхэм та дараах бичлэгийг үзээд нэгийг тунгаагаарай.
/"Мм" нэгдүгээр сарын 28/
No comments:
Post a Comment