Монгол Улс ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Цас зуд ч юм уу эсвэл байгалийн баялагаараа биш цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Төрийн тэргүүний УИХ-ын чуулганы индэрт хэлсэн үг энэ удаад дэлхийн чихийг дэлдийлгэв.
Энэ тухай мэдээллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлснээс хоёр цагийн дараагаас BBC, CNN, “Ройтерс” мэтийн дэлхийд нэртэй агентлагууд онцлон мэдээлж, уг санаачлагыг талархан дэмжиж буйгаа НҮБ, Франц, Их Британи, ХНБГУ болон эгнээндээ 27 улсыг нэгтгэдэг Европын холбоо илэрхийлэв. Европын холбооны энэхүү байр суурийг тус холбоонд элсэхээр яриа хэлэлцээ явуулж байгаа зургаан орон, Европын чөлөөт худалдааны хэлэлцээрийн гишүүн найман улс мөн дэмжиж байгаа аж.
Цаазын ялаас татгалзах тухай Ерөнхийлөгчийн уриалгыг гадаад ертөнц ийн нааштай хүлээж авч байх зуур энэ шийдвэр харин монголчуудын сэтгэхүйд шооны хоёр тал мэт хар цагаанаар бууж байна. Нийгмийн нэг хэсэг нь амь уучлах гэдэг нь ял уучлах гэсэн үг биш, онц гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг нь биеэр эдлүүлэн гэмших, засрах боломж олгох ёстой гэж байна. Өөрөөр хэлбэл хүн ямар ч хүнд гэмт хэрэг үйлдсэн түүний төрмөл эрхэнд төрийн нэрийн өмнөөс халдахгүй байх нь зөв гэж үзэж байна.
Харин нөгөө хэсэг нь “амийг амиар” буюу хүн алсан хүн заавал эрлэгт очих ёстой хэмээж буй. Ийм бодолтой иргэдийн дийлэнхийг ойр дотны хүнээ бусдын гарт цаг бусаар алдаж, цөхөрч шаналсан хүмүүс эзэлж буй нь яалт ч үгүй үнэн. Тэдний өнцгөөс харвал Монгол Улс цаазын ялаас татгалзана гэдэг шударга бус ч юм шиг. Асуудлыг гуравдагч байр сууринаас авч үзэж, нэгэнт дээд хэмжээ авсан хүнийг олон жил хорих нь эдийн засгийн үр ашиггүй гэх нэгэн ч байх юм. Бүр Ерөнхийлөгчийг тулгамдсан олон асуудал, амлалтаа орхигдуулж, цаг нь болоогүй зүйлээр оролдлоо гэж шүүмжлэх нь ч байна. Ямартаа ч энэ тухай нэгэнт л төр засгийн хэмжээнд хөндөж тавьсан болохоор хууль тогтоох байгууллага ойрын хугацаанд шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд ороод байна.
Эдүгээ манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд долоон төрлийн хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноодог. Улс төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, төрлөөр нь устгах, хүний амийг санаатайгаар хөнөөх, хүчирхийлэх, зандалчлах, террорист үйл ажиллагаа зохион байгуулах, хүн төрөлхтний эсрэгт гэмт хэрэг үйлдэх гэх мэтчилэн. Гэхдээ энэ долоон заалтыг дотор нь задлаад үзвэл хүнийг цаазаар авах ялаар шийтгэж болох 59 хэсэг, гэмт үйлдэл байдаг аж. Иргэнээ цаазаар аваачих ийм өргөн талбар нээчихсэн хэрнээ түүнийгээ оноох, шийтгэх, гүйцэтгэхдээ зөв зүйтэй зохицуулалт, хөндлөнгийн хяналт ямагт дутуу явсаар ирсэн дөрвөн орны нэг нь Монгол гэнэ. Цаазын ял гүйцэтгүүлсэн хүмүүсийн талаар хангалттай мэдээлэл байдаггүй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй байдаг нь дээрх үзүүлэлтийг хойш нь чангаадаг аж.
Цаазын ял шийтгүүлсэн хүнийг “буудан хороох” тухай манай Эрүүгийн хуулийн зүйл ангид заажээ. Гэхдээ ялыг хэзээ, хэн, яаж гүйцэтгэх нь нууцын зэрэглэлд хамаардаг учир ялагдагчийн ар гэрийнхэн ч мэдэх боломжгүй. Чухам эндээс л цаазын ялаас цааргалах эгзэг эхэлж байгаа юм.
Манай улсад цаазаар авах шийтгэлийг 18 нас хүрсэн, 60 нас хүрээгүй эрэгтэй хүнд оноодог. Энэ нь гэмт хэрэг үйлдээгүй, аль эсвэл өөр ялаар шийтгэх боломжтой байхад уг ялыг дээрхи насны хоорондох дурын иргэндээ оноочихсон байх үүд хаалга нээлттэй байгаа талаар Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд гарч байв. Зөвхөн ганц жишээ дурдахад 1937 оны 10 дугаар сараас 1936 оны дөрөвдүгээр сар хооронд буюу нэг жил, дөрвөн сарын хугацаанд 20474 хүнийг буудан хороосон баримт Монголын түүхийн хуудаснаа хар толбо тогтоон үлдсэн байдаг. Өнөөгийн улс төр, эрх зүйн орчинг тэр үеийнхтэй харьцуулахааргүй өөрчлөгдсөн ч хүний амийг төрийн нэрийн өмнөөс егүүтгэдэг нь хэвээрээ. Монголд шүүхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67 хувь нь идэрхэн 20-40 насны эрчүүд байгаа аж. Эдний олонхи нь анх удаа гэмт хэрэг үйлдэж цааз сонссон байдаг байна.
Цаазын ял тойрсон хамгийн ярвигтай, үеийн үед гарсаар ирсэн, гарч ч байгаа асуудал бол нийгэм дэх хардлага сэрдлэг. Уг ялыг нууцаар гүйцэтгэдэг, хаана, хэзээ, хэрхэн гэдэг нь эцсийн мөчид үзэгний үзүүрээр шийдвэр гаргах эрх бүхий Ерөнхийлөгчид хүртэл нууц байдаг учир тэр. Хүний амийг санаатайгаар хохироосон этгээд зүсээ хувиргаад гадаадад явж байна гэх мэт ам дамжсан, худал үнэн нь үл мэдэгдэх яриа тархаж, хохирогчийн гэр бүлийнхэнд сэтгэлийн дарамт болсоор буй нь эдүгээ нууц биш юм. Харин цаазын ялыг түдгэлзүүлснээр энэ хардлага үгүй болж, шийтгэл ил тод, нээлттэй, бодитой болох боломж бий. Цаазын ялыг 30 жилд гянданд хорих ялаар солих нь хүний амийг жигшүүртэйгээр хороосон хүнд илүү тохирох шийтгэл ч байж болох юм.
Өөр нэг зүйл нь цаазаар авах ялыг цаазаар шийтгэгдэх ёстойд нь биш ёсгүйд нь халдааж хэрэглэсэн жишээ манайд цөөнгүй байдаг. Завхан аймгийн харьяат н.Эрдэнэ-очир гэдэг хүнд Монголын шүүх гурван удаа цаазын ял өгсөн боловч долоон жилийн дараа хэрэг нь цагаадаж байсан аж. Хэрвээ түүний эцэг нь Монголын шүүхтэй долоон жил заргал¬даж, давж заалдаж яваагүй бол хэргийн үнэн мөн илрэхгүй, эсвэл нэгэнт цаазыг гүйцэтгэсний дараа илэрсэн ч ялыг буцаах аргагүй болно гэсэн үг.
Үүнээс зайлсхийхийн тулд Америкт жишээ нь ял хойшлуулах аргыг хэрэглэдэг аж. Тухайн гэмт хэрэгтний үйлдсэн хэрэгт цаазын ял өгөх боловч ялын гүйцэтгэлийг тодорхой хугацаагаар, 3-5 жил хүртэл хойшлуулдаг байна. Энэ хугацаанд хэрэг задрах ч юм уу, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх, жинхэнэ гэм буруутан илрэх тохиолдол байдаг учраас тэр. Гэтэл манайд цаазаар авах ял сонссон хүн хэргээ давж заалдах бол 10, хэрвээ амь гуйх бол дөнгөж 15 хоногийн л хуулийн эрхтэй. Уул нь энэ хугацаанд наад зах нь гурван жилээс багагүй байх ёстой гэж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага зөвлөдөг аж.
Шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазын ял өгсний дараа ялын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх тогтоолд Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг. Энэ хугацаанд яллагдагчийн ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан уучлал хүсч өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Ерөнхийлөгч тэдний хүсэлтийг ёсоор болгож, амь хэлтрүүлсэн тохиолдолд цаазын ял 30 жилийн гяндангаар солигддог. Харин өнгөрсөн 2009 оны сонгуулиас хойш хагас жил гаруйн хугацаанд Ерөнхийлөгч нэг ч ялын тогтоолд гарын үсэг зураагүй тухай албаны эх сурвалжууд өгүүлж байна. Мөн үүнээс хойш ч Ерөнхийлөгч цаазын тогтоолд гарын үсэг зурахгүй гэдгээ зарлалаа. Үүнийг олон улсын хэллэгт моратори гэж нэрлэдэг аж.
Манайхаас бусад орон цаазын ялд хэрхэн ханддагийг сонирхож үзвэл, Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзсэн байна. Өөрөөр хэлбэл “хөгшин” Европ цаазын ялаас цааргалсан үзүүлэлтээр түрүү магнайд явж байна. Харин Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бүрэн халжээ. Дээр нь эндхийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээ мэдэгдэж түдгэлзсэн аж. Ингэснээр хар тивийн нийт орны 76 хувь нь уг ялыг халсан эсвэл түдгэлзсэн байна.
Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар 78 хувийн үзүүлэлттэй байгаа бол Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халж, нэг орон түдгэлзсэнээр харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа аж.
Харин Монгол Улсын Төрийн тэргүүн ийн мэдэгдсэнээрээ манай улс цаазын ялаас түдгэлзсэн орны тоог нэгээр нэмж, гадаад ертөнцөд нэр хүндээ өргөж байна. Гэвч энэ нь Ерөнхийлөгч нэг удаа үг хэлээд л шийдэгдчих асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуульд хүний амьд явах эрхийн талаар “Шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосноос бусад тохиолдолд хүн амьд байх эрхтэй” гэж заасан байдаг байна. Тиймээс Эрүүгийн хуулиас цаазын ялыг авч хаяна гэвэл Үндсэн хуульдаа гар хүрэх тухай дахиад л ярих хэрэгтэй болно. Гэхдээ зарим нэг орон шиг хуульдаа гар хүрэхгүйгээр цаазын ялыг хэрэглэхгүй явж болох л юм. Францад жишээ нь хуулиараа цаазын ялыг хүлээн зөвшөөрдөг ч шүүхийн практик-таа сүүлийн 40 жил хэрэглээгүй аж.
Хэдийгээр хүний эрх, эрх чөлөөний тухай ярьдаг, нийгмийг илүү эрүүл саруул, гэгээлэг талаас нь хардаг оюунлаг хэсэг нь дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан цаазын ялыг хэрэглэхгүй байх нь зөв гэж үздэг ч олон нийтийн хувьд энэ нь бас л маргаан дагуулсаар буй зүйл. Ялангуяа алдсаны арван тамыг эдлэн буй хохирогчийн ар гэрийнхэнд хамгийн эмзэг асуудал гэдгийг дээр өгүүлсэн. Гэвч цааз, гучин жилийн гяндан хоёрын аль нь ч амиа алдсан хүнийг нь босгоод ирэхгүй. Хохирогчийн ар гэрийнхэн цөхөрч шаналсан сэтгэлээ өчүүхэн ч болов тайлах гэж, бас шударга ёсны нэгээхэн хэсгийг ч болов хүсэмжилсэндээ амийг амиар солихыг илүүд үздэг байж болох юм. Харин шийдвэр гарсны дараа гэмт хэрэгтэн цаазлуулсан болов уу, үгүй болов уу гэж эргэлзэн, хэвлэлийн шар бор мэдээ, элдэв цуу яриад итгэж ядан алдсан хүний арван тамаа нэгээр нэмэхийн зовлонг эдэлдэг. Энэ үүднээсээ ил тод, бодитой шийтгэл хохирогчийн ар гэрийнхэнд ч хэрэгтэй гэдэг талаас нь харвал бас ч гэж тэдэнд ч ач холбогдолтой.
Ерөнхийлөгч мэдэгдэл хийснээс хойш олон хоног өнгөрөөгүй байгаа энэ цаг мөчид цаазын ял тойрсон дуулиан шуугиан нийгэмд намжаагүй байна. Намжих ч болоогүй биз. Ямар боловч Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн эрх мэдлийн хүрээнд цаазын ялаас татгалзаж, дэлхий дээр төр нь иргэнээ егүүтгэдэггүй зуу гаруй орны эгнээнд улс орноо аваачих оролдлого хийлээ. Энэ шийдвэрийн зөв бурууг шүүхдээ биш ийм хэмжээний шийтгэл хүлээх гэмт хэрэг хийдэггүй ухамсар бүхий иргэдийг төлөвшүүлэх, ийм төрлийн гэмт хэргийн орчингүй нийгмийг бүрдүүлэх нь л бидэнд одоо юу юунаас илүү чухал байгаа билээ.
/"Мм" нэгдүгээр сарын 20/
No comments:
Post a Comment