“Өргөн чөлөө” хоёр ой дөрвөн сартайдаа дүү дагуулав. Нэр нь “Бичгийн ширээ”. Нэг эхийн хүүхдүүд гэхэд энэ хоёр эрс тэс зан ааштай, хэлбэр дүрс, хэл яриа нь ч өдөр шөнө шиг ялгаатай, өөдгөө сөөргөө царайтай.
Idea гуайн “Өргөн чөлөө”-нд ихэнхдээ далийлт, мурийлт, хазайлт, чимхэлт, дугтралт, сэгрэлт, за тэгээд санаа бодлоос сад тавьсан саваагүй сараачмалууд сав баглаа боодолгүй шалдан чигээрээ харайж явдаг бол “Бичгийн ширээ”-нд нь арай цэгцтэй, нухацтай, албархаг, хэн нэгний шүүлтүүрээр орж, сэтгүүрээр сэглэгдсэн, зарим хэсэгт нь огтоосоо сонирхолгүй, хэтээсээ хэрэггүй юмс цугларах вий. Нэг ёсондоо бусдын талбараар дамжиж, олны чих хийгээд сонорт хүрчихсэн зүйлүүдийг энэ ширээн дээр овоолж харж хямгадан, хадгалж арвижуулах зорилготой.
Эгээ л эзэн шигээ шавилхан, энд тэндээс нь сонирхоод үзвэл элдэв өнгийн эд агуулсан, новширч ноолорсон энэ ширээ төд удалгүй тоосонд дарагдах, эс бөгөөс улам өнгө орон гялалзахыг хэн мэдлээ. Юутай ч блог ертөнцөд арай илүү оймс элээсэн “Өргөн чөлөө”-нд зочин гийчин тасардаггүй, үгүйдээ л үдэш оройдоо цаг нөхцөөж ядсан гудамж метрлэгч, танхайчууд холхилдон хэл амаа билүүдэж явдаг бол “Бичгийн ширээ”-гээр нас тогтож намба суусан, нүдэндээ шилтэй, нүүрэндээ атираатай, дотроо бодолтой дороо суурьтай нэгэн намбалаг гишгэлсээр орж ирэх нь үү, эсвэл үглээнтэй дуулиантай өмдөө чирсэн кипокууд үүгээр түүгээр нь шиншлэх нь үү гэдэг явцын дундаас харагдах буйзаа. Үнэндээ үхэр ч тоож долоохгүй, үнэг ч анзаарч шиншихгүй байсан ч “Бичгийн ширээ” байсаар л байх болно.
1 comment:
Амьдрал ус мэт урсан өнгөрнө
Архив уул мэт сүндэрлэн үлдэнэ гэдэг.
Энэ чинь их сайхан idea байна.
Post a Comment