-Шагнасан шагнуулсан хоёр башийж, төрийн шагналын нэр хүнд түмний хөлд унасаар байна. Үнэхээр үнэ цэнг нь өргөж, шагнал тойрсон шалдир булдар тогтолцоог үндсээр нь өөрчлөх зорилт тавьж байгаа бол одон медалийн тодорхойлолт хүлээж авахаа одоо зогсоочихмоор-.
Одон медалийн хур он дамжин шаагисаар л байна. Гар утас барьдгаасаа барьдаггүй хүнийг олох илүү амар болсон шиг одоо монголчууд дундаас одонтойг нь биш одонгүйг тоолоход хялбар болжээ. Ядаж байхад манайхны тэмдэглэлт ой, баяр ёслол ойр ойрхон давтамжтайг хэлэх үү. “Төрийн шагналын бодлогыг цэгцэлж, нэр хүндийг нь өргөнө” хэмээн амлаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн эгнэн зогсоо хүмүүсийн энгэрийг инээмсэглэн цоолж өгч буй дүр зураг телевизийн дэлгэцнээс салахгүй л байна. Ардчиллын 20 жилийн ойгоос улбаатай энэхүү шагналын даллага өнгөрсөн долоо хоногт ч үргэлжилж Үндсэн хуулийн өдөр, түүний нөгөөдөр олон хүн зэрэг одон зүүлээ. Энэ мэт шагналын марафон бүтэн жил үргэлжлэх юм гэсэн. Сүүлдээ эрхэм Ерөнхийлөгч энгэр цоолох ажилдаа түүртдэг болсон уу, Тамгын газрын дарга нь албан өрөөндөө баахан хүнийг шагнадаг жишиг тогтож байх шиг.
Оны өмнөхөн, Ардчиллын 20 жилийн ойгоор Ерөнхийлөгч төрийн одон, медалийг хэдэн зуугаар нь тарааж, араас нь Д.Дорлигжав дарга “харин ч багадуулчихлаа” хэмээж байх тэр өдрүүдэд сонин хэвлэл “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо буюу Ц.Элбэгдоржийн найзууд энгэр цоолох цагаар” гэх мэтээр шүүмжлэл хавчуулсан нийтлэл нэвтрүүлгээр шуурч байлаа. Гэвч харамсалтай нь өөрсдөд нь бөөн цол, тэмдэг зүүж өгөөд зогсохгүй жил болгоны энэ өдөр сэтгүүлчдийг шагнаж байхаа амласан тэр мөчөөс эхлэн телевиз, радио, сонинууд одон медалийн шүүмжлэлээ санал нэгтэй зогсоочихоод байгаа юм. Уул нь өөрсдийгөө “дөрөвдэх засаглалынхан” хэмээн дөгөөдөг хэвлэл мэдээллийнхэн одон зүүнгүүтээ амаа үдүүлэх биш болж бүтэхгүй зүйлийн талаар дуугарсаар, тэмцсээр байвал зохилтой сон.
Чухамдаа шагналд салхи оруулах цаг болсныг хүн болгон мэдэж буй ч горьдох нь горьдож, хүлээх нь хүлээж, асуудлыг өөрөөр шийдэхээс өмнө амжаад шагнаад, шагнуулаад авъя гэсэн хүмүүсийн тоо багасахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Одоо сар шинийн баяр, Эх орончдын өдөр гэх мэт баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр олон олон одон медаль эзэндээ очихоор зэхээстэй байгаа гэдэгт ч эргэлзэх юм алга. Өөрчилнө гэж ярьсаар өнөөдөртэй золгох хооронд өнгөрсөн нийгмийн төмөр тэмдгүүд ямар ч өрсөлдөөн, сонгон шалгаруулалт, бодлогогүйгээр эзнийхээ энгэрт гялалзаж, түгээж байгаа Төрийн тэргүүн, түүнийг нь зүүгээд хөөрч байгаа түмэн олон бид бүгдээрээ гадныхны нүдээр харвал инээдмийн жүжгийн гол дүрд тоглосон хэвээр. Нэг хүнд ногдох одон медалийн тоогоор манай улс аягүй бол дэлхийд тэргүүлж, хөдөлмөрийн болон улсын баатрууд, гавьяат, шилдэгүүд, сайчуудынх нь тоог улс орных нь хөгжил рүү механикаар хөрвүүлж үзвэл хамгийн өндөр хөгжилтэй орон байхсан.
Ер нь 1990 оны ардчилсан хувьсгалаар л халах, өөрчлөх ёстой байсан юмны нэг нь энэ их одон медаль байсан нь харагддаг. ОХУ-д л гэхэд шагналын тогтолцоогоо орвонгоор нь өөрчилж, Дорнод Европт хүчингүй болгосон, хэрэв социализмын үеийн одон медалиа гаргаж зүүвэл шийтгэгдэх хууль ч зарим газар мөрдөж л байна. Харин эдүгээ Монгол, Хойд Солонгос хоёр олон төрлийн цол шагнал, одон медальтайгаа зууралдаж үлджээ. Албан байгууллагууд ч “одоо тэр маань шагнуулаагүй байгаа, энэний маань ээлж болсон, түүний маань шагнуулсан зай нь арай холдчихлоо” гэх мэт бүтээлээр биш жагсаалтаар хүнээ тодорхойлж, эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй бүгд шагнуулах зорилт тавин “ажилласаар”. Нэгэнт тогтолцоо нь хэвээр болохоор шагнуулагсад нь ч наанаа илэрхийлэхгүй ч цаанаа битүүхэн хүлээлттэй, горьдлоготой, шагналаас хоцорсон нэг нь гомдолтой, гонсгор явах нь аргагүй мэт. Зүүгээд өгч байгаа шагналыг “авахгүй” гэвэл төр засаг, түмэн олноо доромжилсон хэрэгт унах биз. Үр дүнд нь шагнасан шагнуулсан хоёр башийж, төрийн шагналын нэр хүнд түмний хөлд унасаар байна. Үнэхээр үнэ цэнг нь өргөж, шагнал тойрсон шалдир булдар тогтолцоог үндсээр нь өөрчлөх зорилт тавьж байгаа бол одон медалийн тодорхойлолт хүлээж авахаа одоо зогсоочихмоор.
Монгол Улсын шагналын түүхийг хальт сонирхож үзвэл сүүлийн жар гаруй жилд л тэрхүү одон медалиар “өвчилжээ”. 1930-аад онд "Аж үйлдвэрийн гавьяаны", "Цусан гавьяаны" одонгууд төрж, Халх голын тулааны үед "Улсын баатар", 1950-иад онд "Хөдөлмөрийн баатар" бий болж, завсарт нь бусад одон медаль, ойн медалиуд цувж мэндэлсээр1960-аад онд жинхэнэ одоогийн дүр төрхөө олжээ. Энэ хугацаанд одон медальд зориулж хичнээн зуун тонн ган, болд хайлуулж цутгасан, хичнээн тонн төмрийн будаг, боронз урсгасан, хичнээн мянган хүний хөдөлмөр, ур ухаан шингэсэн зэргийг яриад ч хэрэггүй биз.
Уг нь аливаа шан шагналын цаана шагнуулагчийн амьдрал дээшилж, мөнгөн хуримтлал, нийгмийн бусад баталгаа оршиж байвал зүгээрсэн. Харин манайд эсрэгээрээ, энгэр дүүрэн одонтой хэрнээ ядуу зүдүү яваа улс бишгүй л байна. Одонгийн угаалгад байгаа хэдээ барчихдаг явдлыг “Гэрээ зараад одонгоо угаав” гэж шоглон наадам зугаа хийх атлаа одонгийн найранд уригдсаар, ууж идсээр л яваа бид. Зарим ядруухан нэгэнд нь одонгийн найр гэж чухам дараа болдогийг хэлэхэд илүүц. Гэхдээ яг одон зүүсэн тэр өдөр цаад хүний сэтгэл хэчнээн тэнэгэр, өег болдгийг энд үгүйсгэж болохгүй л дээ.
Ямар ч гэсэн шагналд бодитойгоор хандах үе ирчихээд байна. Бүр цагаан сараас өмнө эв зүйд нь оруулчихмаар санагдана. Ухаалаг үнэмлэхээс урьтаад ухаалаг шагналтай болчих юмсан. Ерөнхийлөгч хэдийгээр төслийн уралдаан зарлаад байгаа ч түүнд нь оролцож, түрүүлсэн нэгний саналаар шийдэх гэсээр байтал удна. Үгүйдээ л бид цэргийн гавьяаны болон хөдөлмөрийн гавьяаны “улаан тугийн одон”-гоосоо эхлээд салъя. Дараа нь салбар бүрт мэндэлдэг 13 төрлийн гавьяатыг цэгцэлж, нэг томхон нэр хүндтэй шагналтай болгож эмхлэе. Тэгээд “Хөдөлмөрийн баатар”, “Улсын баатар” ойр ойрхон төрдгийг болиулъя.
Оройтож дуугарч байгаа мэт боловч үүнийг бичиглэх шалтгаан бас байна. УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн дээд шагналын тухай хуулийн төсөл санаачилжээ. Сайшаалтай нь тэд өргөн барихаасаа өмнө иргэдийн саналыг авч байна. Тэдний дэвшүүлснээр одоо байгаа найман төрлийн одонг өөрчилж зургаа болгох аж. Одонгийн төрөл эрэмбэ нь “Чингис хаан”, “Сүхбаатар”, “Өгөдэй хаан”, “Хубилай хаан”, “Цэргийн алдар”, “Эхийн алдар” одон гэж байхаар төсөлд тусгажээ. “Эхийн алдар” одон нь дотроо “Өэлүн эх”, “Алдарт эх” I, “Алдарт эх” II гэсэн гурван зэрэгтэй байх гэнэ. Үүнээс гадна Монгол Улсын баатар цол хүртсэн хүнд 50 сая төгрөгийн, “Төрийн шагнал” хүртсэн хүнд 30-40 сая төгрөгийн, “Чингис хаан” одонгоор шагнуулбал 20 сая гэх мэтээр доошлох аж. Боловсруулсан төслийн буруу зөвийг шүүж хэлэлцээд батлахад тийм их хугацаа орохгүй. Үгүйдээ л нэг хэсэг нь шагнаж, нөгөө хэсэг нь шагнуулж, гуравдахь нь түүнийг сурталчилж, үлдсэн хэсэг нь гонсойж суух шаардлага алга.
Ер нь шагнал үнэ хүндтэй байхын гол нөхцөл нь тэр шагнал өөрөө үнэтэй байх явдал. Ямар ч шагналыг дагасан мөнгөн урамшуулал байхын зэрэгцээ тэр нь улсын төсөв төлөвлөгөөнд суудаг, хэмжээ хязгаартай, эргэж тайлагнадаг, олон түмний хараа хяналтан дор үйлдэгддэг байхын чухлыг олон хүн өгүүлэх болсон. Яг ийм шаардлага, нийгмийн хэрэгцээн дээр үндэслэж даруй өөрчлөх ёстой ажлын нэг нь энэ болчихоод байна. Шагналын цаана их хэмжээний мөнгө, эрх мэдэл, алдар хүндлэл дагалдаж байгаа гэдгийг ойлгодог болоод ирэхээр түүнийг хүртэх эрхгүй хэн нэгэнд шударга бусаар тийм давуу эрх олгуулахыг хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор шагнал урамшууллын тодорхойлолтонд хүртэл хариуцлагатай хандах шаардлагатай болно. Шагнал жилд нэгээс хоёр удаа олгогддог, дороос дээшээ шат дараалан тодорхойлогддог, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлагддаг, магадгүй зориуд зохион байгуулалттай явуулсан шалгаруулалтын үр дүнгээр тодруулдаг баймааж ханшгүйдэж байгаа зүйлийн үнэ цэн нэмэгдэж, нэр хүнд өснө. Түүнээс төрийн шагнал гэдэг хэн нэгэнд төлөх төлөөс, эсвэл хүссэн болгонд найр тавих бэлэг биш юм.
/"Мм" нэгдүгээр сарын 19/
Шог зургийг С.Цогтбаяр/
No comments:
Post a Comment