Tuesday, March 9, 2010

Хэрэг нь гараагүй хэмнэлт буюу Гаити, Чили, Монгол

Газар хөдлөлийн гамшиг сүүлийн үед дэлхий нийтийг түгшээж байна. Одоогоос хоёр сар орчмын өмнө Гаитид аймшигтли газар хөдлөлт болж 200 гаруй мянган хүний амийг авч одсон бол өнгөрсөн долоо хоногт үүнээс 500 дахин хүчтэй түлхэлтүүдэд Чили улс өртөж, хохирогчдын тоо хэдэн зуугаар тоологдож байна. Гэхдээ хэдэн зуугаар биш хэдэн мянгаар тоологдох хүн сүйдэж, тоймгүй олон барилга байшин сүйрсэн Гаитиг бодоход Чилийн хохирол харьцангуй гайгүй байгаа юм.

Гаитид болсон газар хөдлөлт Чилийнхээс хүч багатай атал чухам яагаад хувь илүү хохирол амсаж байна гэсэн асуулт эндээс гарч ирж байгаа юм. Мөн ойр ойрхон байгалийн гамшиг тохиож буй нь арай дэлхийн сүйрлийн эхлэл биш байгаа гэсэн айдас ч төрүүлж буй. Гэтэл АНУ-ын геологчид, газрын хөдөлгөөнийг судалдаг эрдэмтэдийн мэдээлснээр өнгөрсөн зууны 60-аад оноос л дэлхийн гүний хөдөлгөөн идэвхжиж байгаа тул газар хөдлөх магадлал ерөнхийдөө ихэсч байгаа гэнэ. Эх дэлхийн хөрс 100 миль буюу 160 км гүн, хэдэн мянган км өргөн бөгөөд бидэнд анзаарагдалгүйгээр байнга хөдөлгөөнд оршиж байдаг, хэрэв хөдөлгөөн нь идэвхжиж гэмээ нь хүн төрөлхтөнд эрсдэл эхэлж байгаа нь тэр хэмээн тэд мэдэгдэж байв. Гэхдээ дэлхийн улс орнууд харилцан адилгүй бүсэд оршдог учир газар хөдлөх магадлал ч бас өөр хоорондоо ялгаатай, үүсэх уршиг, үр дагаварын хувьд ч адилтгах боломжгүй аж.

Гэхдээ байгалийн гамшигт хэрхэн өртөх нь тухайн улс орны хот төлөвлөлт, төрийн бодлого, цаашлаад улс төр, эдийн засгийн үйл ажиллагаагаас хамааралтай гэдэг нь шил шилээ дарсан энэхүү эмгэнэлт үйл явдлаас харагдаж байна. Хэрвээ Чилид болсон шиг хүчтэй түлхэлтүүд дараалан тохиосон бол Гаитийн бүх барилга байгууламж нурах байсан гэдэгт судлаачид бат итгэлтэй байгаа. Учир нь энэ улс газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог атлаа барилгын стандарт байхгүй, байсан ч мөрддөггүй аж. Эдийн засгийн бололцоо тааруугаас бараг бүх барилга байшингийн каркас буюу гол “арга яс”-ыг цутгахдаа цементний хэмнэлт гаргасан гэдэг. Иргэдийнх нь худалдан авах чадвар сул учир барилгын компаниуд аль болох хямдхан материалаар барилгаа барьсаар байсан. Энэ нь нэг талаар төсөв хөрөнгөө хэмнээд, иргэдийнхээ амьжиргаанд тааруулаад байгаа мэт боловч нөгөө талаар ирээдүй рүүгээ их буугаар буудсан шийдвэр байсан учир хожмын нэг өдөр төсөөлж ч байгаагүй гарз хохирол хүлээжээ.

Нэг үгээр хэлэхэд Гаити, Чили улс нь адилхан газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч хохирлын хэмжээ харилцан адилгүй байгаа нь алсыг харсан, зарчимч байдалтай холбоотой. Гаитийн барилгын компаниудын хэмнэж байсан багахан мөнгө тэдэнд хэрэг болсонгүй харин ч гай авчирсан гэж хэлж болохоор байна. Дээрээс нь Гаитийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, үндэстэн хоорондын мөргөлдөөн ихтэй зэрэг дотоод зөрчил тэмцэлтэй байдал нь дэлхийн баруун хагасын хамгийн ядуу энэ улсыг улам нэрвэж, мөхөл сэхлийн ирмэгт аваачаад байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм. Бид үүнээс ямар сургамж авч болох вэ гэхээр хэрэггүй хэмнэлт амжилт бус аюул дагуулдагийг ой тойндоо оруулах нь зүй бөгөөд хөнгөлөлт, түүнээс гарах үр ашиг, үүсгэл дагаварыг орон сууцны санхүүжилтийн бодлогодоо тодорхой хэмжээгээр тусгах хэрэгтэй юм.

Монголд, ялангуяа томоохон хот суурин газарт өнөөдөр иргэдийн амьжиргааны өртөгт тохирсон орон сууц хамгийн их хэрэгцээтэй байгаа нь үнэн боловч барилгын компаниудаас үндэслэлгүйгээр үнээ хямдруулахыг шаардах нь иймэрхүү нөхцөл байдалд хүрэхийг үгүйсгэж болохгүй. Агаарын бохирдол хэмээх толгойн өвчинд олон жил дарлуулж, адаг сүүлд нь гэр хорооллынхныг барилгажуулахгүй л бол хорт утаанаас салахгүй гэдгээ ойлгосон манайх шиг орон энэ асуудалд хамгийн оновчтой хувилбараар л хандахгүй бол “харамч хүн хоёр дахин илүү төлдөг”-ийг давтаж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр зургаан балл-ын газар хөдөлбөл Улаанбаатарын барилгуудын тал нь тэсч үлдэхгүй гэж ярьдаг. ОХУ газар хөдлөлтийн стандартыг чухалчлаагүй барьсан барилгууддаа бэхэлгээ хийсэн байдаг. Тэгэхдээ шаардагдах мөнгөний ерэн хувийг төрөөс, арван хувийг оршин суугчдаас гаргуулан газар хөдлөлийн эрсдлийг тодорхой хувиар бууруулсан тухай Эрхүүгийн ТИС-ийн мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Гаитийн гамшиг сургамж дагуулж байгаа бол Чилийн газар хөдлөлт манайд боломж авчирч байна хэмээн эдийн засагчид үзэж байна. Зэсийн олборлолт, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Чили улсад газар хөдөлсөн мэдээ тархангуут дэлхийн хөрөнгийн биржүүдээр зэсийн үнэ огцом өсөөд буй. Одоогоор нэг тонн зэс 7400 ам.доллар даваад байгаа бөгөөд энэ нь сүүлийн 45 хоногийн турш харагдаагүй өндөр үзүүлэлт юм. Гэхдээ гэнэтийн энэ өсөлт удаан үргэлжлэхгүй хэмээн шинжээчид дүгнэж байгаа. Тэдний тайлбарлаж буйгаар зэсийн хуримтлал хангалттай хэмжээнд байгаа учир нэг хэсэгтээ хомсдол үүсэхгүй аж. Чилид болсон газар хөдлөлтөөр тус улсын төрийн өмчит “Codelco" компанийн дунд хэмжээний дөрвөн уурхайд хохирол учирсан байна. Аз болоход эдгээр уурхай Чилийн нийт олборлолтын багавтар хувийг буюу 20 хувийг л эзэлдэг байна. Бусад томоохон ордууд гамшигт өртөөгүй ч эрчим хүч, тээвэрлэлт, дэд бүтцэд нь нэлээд асуудал үүсээд байгаа аж.

Ер нь гамшгийн дараах нөхөн сэргээлтэд чамгүй хөрөнгө шаардагдаг тул Чилид зэс олборлолт хэвийн хэмжээнд хүртлээ багагүй хугацаа хэрэгтэй. Энэ хооронд зэсийн үнэ өнөөдрийнх шиг огцом биш ч ерөнхийдөө өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь зэсийн үнийн өсөлт буураптаас дундрах дүүрэх эсэх нь шийдэгддэг эрсдэлтэй төсөвтэй бидэнд нааштай үзүүлэлт юм.

Чухамдаа дэлхийн нэг бөөрөнд болж буй гамшиг нөгөө талдаа боломж авчирдаг тохиолдол олон бий. Хамгийн гол нь төсвөө үргэлж хэтрүүлж, хөнжлөөсөө илүү гарган хөлөө жийдэг бидэнд төсвийн алдагдлаа бууруулах бололцоо гарч ирж байна. Гагцхүү тэрбум тэрбумаар тойрогтоо мөнгө хуваарилаж, санхүүгийн хүндрэл гарах болгонд л бонд гаргаад төсвөө хүндрүүлдэг манай төрийн түшээд иймэрхүү нөхцөл байдлыг соргогоор мэдрэх эсэх нь л чухал байна.

/”Мм” гуравдугаар сарын 9/

Wednesday, March 3, 2010

Тамгатай хөөцөлдөөн

Монголын улстөрд тун “дажгүй” мода дэлгэрээд чамгүй удаж байна. Төрийн ажил хашиж тамга эзэмшиж байгаа дарга дургүйгээ хүрэхээрээ өрөөгөө түгжээд тамгаа өвөртлөөд зугатаачихдаг, эсвэл ажлын хариуцлага тооцох, огцруулах тухай ярих гэхээр тамгатайгаа “өвдчихдөг”. Энэ жишиг Монголд 2008 оны сонгуулийн дараахнаас тогтсон. Хаа нэгтэйгээс хуулбарлаагүй энэ “аргачлалаа” манайх өнөө хэр өвлөн үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлж яваа. Монголоос өөр газар ингэж төрийн тамгыг хувьдаа өмчилж, өндөг мэт өрцөндөө дарж хэвтээд улсын ажил унагаах, гацаах явдал гардаггүй байх. Тэгэхээр зарим мода Монголоор эхэлж болдог байх нь.

Тамгаа хүлээлцдэггүй дарга, тахимаа өгдөггүй бөх хоёрын зорилго ерөнхийдөө агаар нэг. Гэхдээ унасан бөх өвдөг шороодсоноо хүлээн зөвшөөрөхгүй дахиж барилдаж хайнаа хагалахыг шаарддаг бол огцорсон дарга дахин өрсөлдөхгүйгээр суудалдаа үүрд үлдэхийг гүрийдэгээрээ багахан ялгаатай.

Монголчууд эртнээс “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж ярьдаг ч өнөө цагт албан тушаал өмчлөх харалган хандлага хаяагаа тэлсээр байгаад учир байна. Аливаа бүхэн, албан тушаал ч ялгаагүй аваа өгөөтэй байдаг нь амьдралын жам. Гэвч даргын суудалд нэг л тухалсан бол тэндээ тэр чигтээ “наалданпад” болохыг хичээдэг нь цаанаа хувь хүний амин зуулга гэхээсээ улстөрийн томоохон шалтгаан оршиж буй бололтой.

2008 оны орон нутгийн сонгуулийн дараа Хан-Уул дүүргийн нэг хороо тамгатай тамгагүй хоёр даргатай хэсэг хугацаанд ажиллаж, бүр хорооны иргэд нь жагсаал цуглаан хийхдээ хүрч байсан. Нэг хороо байтугай бүхэл бүтэн аймагт энэ мэт удирдлагатай холбоотой хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр хэд хэдэн дарга зэрэгцэн оршиж байсан удаатай. Хэнтий аймгийнхан хоёр гурван Засаг даргатай болчихоод учраа олохгүй мунгинаж байсан бол Баян-Өлгийнхэн бас дарга цэргээ огцруулахаар өвлийн хүйтэнд суулт зарлаж, байгалийн зудтай барьцаж ашиг сонирхлын зуд өдөөж байв. Саяхандаа, Замын-Үүдийн Засаг дарга бас хөрөнгө орлогоо худлаа мэдээлснээс хариуцлага тооцох гэсэн чинь тамгаа аваад зугатсан удаатай. Бүр олон хоног гүрийж эцэст нь шүүх цагдаа болж байж төрийн тамгыг салгаж авч хамгаалалтад авсан гэсэн.

Нэг нь авч давхиад нөгөөх нь гуядаж нэхдэг тоглоом одоо бүр шат шатанд халдварлажээ. Нэг хорооны хэсгийн ахлагч шинээр ажил авсан чинь өмнөх хүн нь өөрийгөө хууль бусаар ажлаас өөрчлөгдлөө гэж үзэн хороо хориныхоо иргэдийн бүртгэлийг аваад арилсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч л байсан. Арга буюу шинэ байцаагч айл айлын хаалга тогшин учир байдлаа хэлж байж дахин данс бүртгэлтэй болсон гэнэ билээ. Тамгатай нь тамгаараа, тамгагүй нь бүртгэлээрээ албан тушаал барьцаалж буй энэ мэт байдалтай хэн хариуцлага тооцож байна вэ? Уул нь иргэдийн бүртгэл мэдээлэл гэдэг төрийн нууц байх учиртай болохоос хэн нэг хурган мяндагтны хурууны үзүүрээр нааш цааш зөөгдөх цаас биш л баймаарсан. Хэрэг дээрээ хэсгийн ахлагч гэдэг тогтмол цалингүй, хэдхэн төгрөгийн урамшуулалтай, хүн дурлаад байх ажил биш юм шиг боловч цаанаа хэний багт багтаж, цаашдаа ямар албан тушаалд очихоор бэлтгэгдэж байгаад хамаг учир байдаг бололтой.

Тамгатай хөөцөлдөөн өнөөдөр ч өрнөж л байна. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын С.Баярт аанай л тамгатайгаа алга болчихжээ. Бүр он дамжин ор сураггүй болсон гэж байгаа. Сураг дуулахнээ өвдсөн гэж байв. Хэн ч өвдөж болох авч эмнэлэгт хэвтэхдээ төрийн тамга өвөртөлж очихоор өвчин амархан илааршдаг дом байдаггүй л баймаар. Үр дүнд нь өчнөөн хүн цалингаа авч чадахгүй, жагсаал цуглаандаа тулж байна. Хороо, дүүрэг гэдэг үргэлж маргаж мэтгэлцэж байдаг парламентын танхимаас шал өөр. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх анхан шатны нэгж болохоор өдөр тутмын аж амьдрал засаг захиргааны эдгээр нэгжүүдийн тамгагүйгээр явахгүй. Гэтэл тамгатай хөөцөлдөөний учрыг олж, учгийг тайлах хүн алга.

Энэ мэтээр тоочвол тамга булаалдах тоглоомд оролцогчдын нэрс, шалтаг шалтгаан, үр дагавар их л урт жагсаалт болох нь. Тэмээн хяруул аюулаас нуугдахдаа элсэнд толгойгоо шургуулдаг гэдэг шиг тамгатайгаа байвал албан тушаалтайгаа байна гэсэн гэнэн ч гэмээр хөгийн ч гэмээр ойлголт Монголын төрд хүчээ авч байгаа нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.

Аливаа албан тушаалтанд ажил хэргийн ёс зүй, улстөрийн соёл гэж байх учиртай. Төрийн албыг авч чадсан шигээ өгч чаддаг болоход эрхмүүд эн түрүүн суралцах хэрэгтэй байна. Эс тэгвээс ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг эдүгээ цагт биелэлээ олохыг үгүй гэх газар алга.

/”Мм” гуравдугаар сарын 3/

Tuesday, March 2, 2010

Чөлөөт бүсээ чөдөрлөсөөр байх уу

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНСУ-д айлчлаад ирлээ. Монголын парламентынхан энэ үеэр дэлхийн хамгийн орчин үеийн технологийн дэвшил бүхий 53.3 хавтгай дөрвөлжин км.газартай Сонгдо дүүрэгт зочилж, Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийг үзэж сонирхов.

2020 онд бүрэн ашиглалтад орох уг чөлөөт бүсэд одоогоор 410 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ. Хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын нэлээд ажил хийж, Азидаа анхны ногоон бүс болох зорилтынхоо үндэс суурийг хэдийнэ тавьсан байна. Мөн энд олон улсын боловсролын төв байгуулагдаж АНУ-ын 12 сургууль салбараа нээх аж. Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд ОХУ, Хятад зэрэг худалдааны томоохон зах зээлтэй орныг ч татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаагаа солонгосчууд манай төлөөлөгчдөд тайлбарлажээ. Гэтэл 10 орчим жилийн өмнөөс л хойд, өмнөд хил дээрээ чөлөөт бүс байгуулах тухай ярьж эхлээд төмөр хашаа тойруулахаас хэтрэхгүй байгаа бидэнд эндээс санаа авах зүйл дэндүү олон байгаа аж.

УИХ 2002 онд Сэлэнгийн Алтанбулагт худалдааны, Дорноговийн Замын-Үүдэд эдийн засгийн, Баян-Өлгийн Цагааннуурт худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хууль баталсан юм. Гэвч тэр үеэс өнөөг хүртэл чөлөөт бүсэд дорвитой хөрөнгө шийдээгүй, бодитой ажил ч хийгдээгүй, хойд хил дээрээ төмөр хашаа хатгаж, урд хил дээрээ гурвалжин чулуу босгоод, газрын зураг дээр Цагааннуур, Чойрт чөлөөт бүс байгуулах цэг хатгаснаас өөр тоймтой зүйлгүй сууж байгаа юм. Болоо ч үгүй төмөр хашаа барих гэж тендер зарлаж, тэрбум орчим төгрөг зарцуулсан гэж байгаа.

Инчоны чөлөөт бүсийн дэд бүтцийг Солонгосын Засгийн газар бүрэн хариуцаж зам, холбоо, ус, цахилгаан эрчим хүч зэрэг асуудлыг шийдсэн байна. Чөлөөт бүс байгуулах эрхзүйн орчин бүрдмэгц улсаас давхар хөрөнгө оруулалт шийддэг нь олон улсад түгээмэл жишиг аж. Дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа 1000-гаад чөлөөт бүс бий. Тэдний дэд бүтцийг тухайн улс орон өөрсдөө хийсэн байдаг. Хар ухаанаар бодоод үзсэн ч хүний мөнгийг өөртөө татах гэж байгаа улс энэ зэргийн бэлтгэл ажил хангасан байх шаардлагатай, үүндээ элдэв ашиг сонирхол, улстөржилт оруулалгүйгээр мөнгө хаях хэрэгтэй юм. Гэтэл манайх бүс байгуулна гэж ярьдаг ч дагалдах хөрөнгийг нь хангалттай шийдэхгүй, өөрсдөө хүчрэхгүй ч бусдын мөнгийг татах талаар дорвитой ч ажиллахгүй байгаа учир ийн чөлөөт бүсийг төмөр пайзан дээрх зургаар төсөөлөөд сууж байна.

Чөлөөт бүсийн хамгийн гол эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд эдийн засаг, худалдааны чөлөөт бүс амжилттай байгуулж чадсан аль ч орны туршлагаас харахад чухам үүнд л хамгийн ихээр анхаарсан байдаг. Хэдийгээр манай улс далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хоёрхон улстай хиллэдэг, хүн ам цөөтэй буюу зах зээлийн багтаамж бага гээд гадны шууд хөрөнгө оруулалтыг хангалттай авч чадахгүй байгаа шалтгаанаа тоочвол одоо урт жагсаалт гарах ч гол нь хууль эрхзүйн орчноо хэр эрүүл авч явж байгаагаас олон зүйл шалтгаалдаг нь Инчоны чөлөөт бүсээс харагдаж буй аж. Үнэндээ монголчууд дэлхийн эдийн засгийн жишгээс үргэлж хол хоцорч явдагийг элэглэсэн онигоо ч бий. “-Цаг хугацааны машиныг анх хэн бүтээсэн бэ? -Монголчууд. -Яагаад? -Тэд цаг хугацааны машиныг бүтээгээд бусад үндэстнүүдийг 300 жилээр урагшлуулаад өөрсдөө араас нь бэдэрч яваа юм” гэж.

Чөлөөт бүс байгуулах асуудал 2004 оноос арайхийн идэвхжиж Замын-Үүдийн чөлөөт бүсэд тендер зарлан “Вэст Парадайс” /West Paradise/ хэмээх Британийн компанийг шалгаруулаад байсан. Гэвч тус компани гэрээт хугацаандаа үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээг цуцалжээ. Мөн онд “Алтанбулаг” чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний төслүүдийг хэсэгчлэн хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендер зарласны дүнд зарим нэг ажил хийгдэж байгаа юм байна. Дэд бүтцийг нь төр хариуцахаар болсон бөгөөд эхний ээлжинд 987 сая төгрөгөөр чөлөөт бүсийг гаалийн хяналтын талбайтай холбосон хэсгийн замыг сайжруулах, Алтанбулаг сумаас чөлөөт бүс рүү цэвэр усны хоолой, цахилгааны шугам татахад зарцуулахаар төлөвлөжээ. Гэвч жил тутам шаардагдах хөрөнгийг нь төсөвлөхгүй байсаар байшин барилга барьж буй хөрөнгө оруулагчдыг гацаанд оруулаад байгаа аж.

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд чөлөөт бүсүүдэд зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа ч нэг бүсэд нэг л тэрбум ногдож буй аж. Ингэж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг жилд хийгээд явлаа гэхэд нэг бүс гучин жилийн дараа л хөл дээрээ босох дүр зураг харагдаж байна. Уг нь Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт хөтөлбөрт Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн дэд бүтцийг иж бүрнээр нь шийдвэрлэнэ гээд тусгачихсан байгаа. Үүний дагуу орон тооны бус зөвлөл байгуулагдсан ч үйл ажиллагаанд дорвитой ахиц гарахгүй, чөлөөт бүс чөдөр тушаатай хэвээр л байгаа аж. Олон улсад чөлөөт бүсийн дэд бүтцийг 3-4 жилд тавьдаг бөгөөд 10-15 жилд өөрийнхөө зардлыг бүрэн хэмжээнд нөхөөд ашигтай ажилладаг жишиг байдаг аж. Гэтэл манайд дээр өгүүлсэн ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх бэнчинтэй болохоо хүлээх, эс бол хөрөнгө оруулагчдын хүсч байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг батлах хоёр л зам байгаа аж.

"Мм" гуравдугаар сарын 02/

Monday, March 1, 2010

Төрөх эмнэлэг ба төрийн ордон

Байшин тойрсон шүүмжлэлт үгс ойрын хэд хоног олны амнаас салсангүй. Шатсан буурин дээр босох МАХН-ын 12 давхар ордон, шатаагүй ч гологдоод байгаа байрны суурин дээр сүндэрлэх АН-ын 20 давхар өргөөг эс тооцвол шүү дээ.

Нийслэл рүү чиглэсэн хөдөөгийнхний нүүдэл суудал идэвхжиж эхэлсэн 1990-ээд оны дунд үеэс л их хотын эмнэлгүүдийн даац хэвийнхээсээ хэлбийж, ялангуяа амаржих газрын ачаалал хэрээс хэтрэн, хүчин чадал нь хаанаа ч хүрэхгүй мөхөсдөж байгаа тухай ярих болсон. Нүүдлийн хажуугаар төрөлт ч огцом нэмэгдэж, 2000 оны эхэн үеийнхтэй харьцуулахад одоо хоёр дахин олон эх амаржиж байна.

Гэвч “Монголын үрс маш олон болтугай”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэх мэт эхийн цагаан сүүтэй зүйрлэм сайхан үгсийг сав л хийвэл ишлэх дуртай төрийн түшээд нийслэлд нэмж амаржих газар барих тухай зөвхөн ярьсаар л өдийг хүрэв. Шинээр барих нь битгий хэл дөч гаруй жилийн хугацаанд дөрвөн амаржих газрын барилгад олигтой засвар ч хийсэнгүй. Цаасан дээрхээ ажил болгохгүй явсаар цаг алдсаны гор гарч дөнгөж мэдэлсэн дөрвөн нярай сарын өмнө хүйн халдвараар эмнэлэгт нас барсан. Одоо л нэг “хэргийн эзэн” амаржих газруудыг хувийн эмнэлэг бараадуулж нүүлгэчихээд, байрыг нь засч янзалж байна. Уул нь эртхэн иймэрхүү арга хэмжээг шат дараатай авч явсан бол хүний хорвоод дуугаа хадааж ирсэн жаахан үрс бусдын буруугаас орчлонг орхихгүй, бие тулгар эхчүүд ингэж хаврын хавсарганаар эмнэлгээс эмнэлэг дамжин зутарч явахгүй байхсан.

Гэтэл “муухай дээрээ улцан” гэгчээр сар шинээс хойш улирлын томуу гэдэг өвчин огцом дэгдэж нийслэлийн бүх шатны эмнэлгүүд 40 хэм хүртэл халуурсан багачуудаар дүүрэн, хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүдэд эмнэлгийн хонгил, шал хүртэл ховордов. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд нийт 350 хүүхдийн ор байдаг бол өдгөө өвчилсөн хүүхдийн тоо 1500 хол гарчээ. Аргаа барсан эмнэлгийнхэн Батлан хамгаалах яамны агуулахаас 50 эвхдэг ор гуйж аваад ч хүрэлцсэнгүй. Дахиад л эрүүл мэндийн байгууллагын төсвийг нэмэх, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, шинээр эмнэлэг барих тухай ярьж байна. “Олон хавар нэгэндээ” гэдэг. Олон удаагийн сэрэмжлүүлэг нэг удаа нэгмөсөн ниргэхийн жишээг бид нэг бус удаа харсан. Байшин барина гэдэг уул нь тэгтлээ ч барж дийлэхгүй ажил бишсэн.

Хачирхалтай нь, энэ өдрүүдэд шинэ парламентын ордон барих тухай асуудал яагаад ч юм эргэн сөхөгдөж, зэрэгцэн яригдаж байна. Сэжүүр нь ордны зураг төслийг хийж байгаа ажлын хэсэг саяхан хуралдсантай холбоотой бололтой юм. УИХ шинэ ордонтой болоход Кувейтын Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн ч 1,5 сая кв.км газар нутагтай монголчууд газар олдохгүй байна хэмээн гурван жил зүгээр суужээ. Асуудлын гол нь эрхэм түшээд шинэ ордноо нийслэлдээ, тэгэхдээ бүр заавал хотын төвд, одоо байгаа ордныхоо ойр орчимд залгуулж барих гэж зүтгэсэнд байгаа юм. Харин саяхан ажлын хэсэг газраа нэгэнт тогтож, шинэ ордонг төрийн ордны ард буюу төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нойрсож байсан цэцэрлэгт барихаар зураг төслөө бэлэн болгожээ. Тэд Улаанбаатарын ганц гайгүй цэцэрлэгт байгууламжийн талыг нь зөөж шилжүүлж газар чөлөөлж авахаар болсон гэнэ. Одоогийн шаргал ордонтойгоо гурав, дөрөвдүгээр давхраараа холбогдох уг 14 давхар шинэ харшийн олон улсын тэндерийг зургадугаар сард зарлаж, наймдугаар сараас барилгын ажлыг эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ ордонг босгоход 20 орчим сая ам.доллар шаардагдах учир дутаж буй хөрөнгийн талаар дахин Кувейтын талтай ярьж магадгүй байна. Асуудал шийдэгдвэл 2012 онд сонгогдох гишүүдийг шинэ ордонд тухлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Нэг зүйлийг нэмж өгүүлэхэд, дөрөвдүгээр амаржих газрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу "Чингис хаан" олон улсын нисэх буудлын урдаас Төв аймаг руу салдаг замын тэнд барихаар төлөвлөж буй. Үүнд иргэд сэтгэл дундуур байгаа. Шинэ мэндлэх иргэнд хором мөч бүр үнэтэй. Хэрэв унаа саатах ч юм уу замын түгжээнээс болж амаржихаар өвдөж буй эх хугацаа алдаж эмнэлэгт хүргэгдвэл юу юунаас илүү эрсдэл учирна. Тэгээд ч түргэн дуудаад хүлээж цөхсөн иргэд голдуу такси барьж амаржих газарт ирдэг. Хүнээ хэвтүүлэх, эргэж тойрох, эмнэлгээс гаргах тоолонд хол газар таксигаар явах нь тааруухан амьжиргаатай нэгэнд амаргүй л байх. Тэгвэл төрийн ордонд тухлагсдад энэ бол асуудал биш. Чухамдаа парламентын ордон барихад хотын төвд газар олдсон хэрнээ төрөх эмнэлэгт нь болохоор зайдуу байрлал ногдож байгааг эргэж хармаар...

Хөрс гэсч, газар шорооны ажил эхлэхийн өмнөхөн Монголд байшин барилга тойрсон нэг иймэрхүү асуудлууд босч ирээд байна. Чухам ямрыг нь чухалд тооцохоо, алийг нь ард түмний амьдралд илүү хэрэгтэй гэж үзэн түрүүлж эхлүүлэхээ эрх мэдэлтнүүд эрхбиш тунгааж буй байлтай.

/"Мм" гуравдугаар сарын 01/

Ченжийн засаглал

Монгол хэлний үгсийн санд орчуулахад хэцүү ч ойлгоход хялбар нэлээд хэдэн гадаад үг бий. Тэдгээрийн нэг нь “change”. Энэ үг манайд ерээд оны эхээр, монголчууд хилийн дээс алхаж худалдаа наймаа хийх нь элбэгшсэн цагаас орж иржээ. Уг нь “солих”, “солилцоо” гэсэн утгатай англи үг. Гэвч одоо үед улс орны амьдралыг тодорхойлогч гол давхарга, хөгжлийг хөдөлгөх чухал хүч мэт далайцтай сонсогддог болоод буй.

Үнэндээ монголчуудын амьдрал солилцоон дээр тогтож байгаа гэхэд хилсдэхгүй. Нийгмийн бүхий л салбарт ченж шургалж, ченжийн гараар ороогүй юм гэж нэгээхэн ч үгүй болж. Хар захын наймаачнаас эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртэл ченж маягаар ажиллаж, амьдраад хэвшчихлээ. Үр дүн нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа, хэдэн гар дамжиж тэнгэрт хадсан үнэтэй орон байр, унаа тэрэг, яриулж зуучлуулж орсон нэгэнд үүдээ нээх ажлын байр...

Чухамдаа төрийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж, хамгийн их доголдсон салбаруудад ченж үүссэн байдаг. Тэд тухайн салбарт гарч буй гажуудал дээр дөрөөлж, шийдвэр гаргагчдын олж харж зохицуулж чадахгүй байгаа зүйлийг анзаарч орон зайг нь нөхөж байна. Мэдээж энэ нь хэсэг бүлэг хүнд л ашигтай болохоос ард түмний хувьд хүсээд байх зүйл биш. Сүүлдээ ченжийн сүлжээ улам бүр далд хэлбэрт орж, цаад нууц ноёнтон нь бодлого боловсруулагчид болж батжиж байх шиг.

“Батгана явсан газар өттэй” гэдэг шиг ченж оролцсон салбар бүр жирийн хүмүүст хохиролтой. Тухайлбал шатахууны ченжүүд үгсэж хуйвалдаад үнээ нэмж орхино. Дэлхийн зах зээл дээр газрын тос үнэ өсөх сургаар л шууд нэмчихдэг хэрнээ буурлаа гэхэд дагаж хэзээ ч бууруулж байгаагүй. Зарим үед улсын төсвөөс нөхөн олговор авах нь бий. Валютын ченжүүд “ногоон”-ы ханшийг хөөрөгдөж, заримдаа үгсэж тохироод зохиомол хомсдол үүсгэдэг. Мал аж ахуйн түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн ч бүхэлдээ ченжийн гарааг зохицуулагддаг. Хэрэв төрөөс шударга өрсөлдөөн буй болох нөхцлийг хангаж, зөв менежмент хэрэгжүүлж чаддагсан бол ченжийн хэрэг байхгүй. Модны ченж нар ойн байцаагчидтай найзууд. Тэд машины тэвш дүүрэн модыг байцаагч, цагдаа нартай хуйвалдаж нийслэл рүү зөөсөөр. Чоноор хонь мануулж байгаа энэ үйл явцыг мэддэг нь мэдэхгүй мэт царайлна. Тэдэнтэй бүр цагдаа нар орооцолдсон ч гэх мэдээлэл бий.

Энэ мэтээр тендерийн, автомашины, алтны, визний, газрын гээд тоймгүй олон ченж улс орны өнцөг бүрт, салбар болгоныг эзлэн аж төрсөөр, ашиг орлого хүүлсээр. Сүүлийн үед утааны ченжүүд хүртэл бий болчихжээ. Улаанбаатарын утааг багасгана хэмээн төсөл санхүүжилт авч дорвитой хийсэн ч юмгүй дундуур нь өөрсдийнхээ бизнесийг шахна. Агаарын бохирдолд тэрбум тэрбумаар төсөвлөх атлаа цогцоор нь шийдэж байгаа юмгүй, шахмал түлш, утаагүй зуух, гэрийн дулаалга, хийн түлш гээд тал тал тийш тарамдуулж орхиод, нь хойтон намар нь хэнэг ч үгүй дахиад л хорт утаатайгаа золгоно.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. Хууль баталдаг, эсвэл түүнийг хэрэгжүүлж мөрдүүлэх үүрэгтэй хүмүүс хуулиа зөрчиж, илүү харж билүү долоож байгаагаас л ченжүүд хүчээ авч, хүрээгээ тэлэх боломж олгож байгаа хэрэг. Хамгийн гол нь дээрх этгээдүүдэд төр ямар ч хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг ченжийн засаглал улс орныг бүрхэх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.

Саяхан харин сар шинийн өмнөхөн үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэсэн хүмүүстэй Засгийн газар хариуцлага тооцох тухай ярих болов. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар одоо л жинхэнэ утгаараа ажиллаж эхлэх нь бололтой. Хэдхэн хоногийн өмнө Монголд болсон эдийн засгийн чуулга уулзалтаар бүртгэлийн тогтолцоог сайжруулах нь бүх салбарт ач холбогдолтой талаар дэлхийд нэртэй эдийн засагчид ярьж байсан. Үнэндээ ченжүүдийг эхлээд бүртгэж, далд сүлжээг илрүүлэхээс л эдийн засгийн үр ашгийг сайжрах тухай яриа эхлэх ёстой болов уу. Эс тэгвэл ченжийг дагаад авлига бий болж, баян хоосны ялгаа улам бүр гаарч, салбар болгонд ченж нэртэй бодлого, үнэ үгсэн хуйвалдаж тодорхойлж байдаг хэсэг бүлэг хүмүүс улс орныг удирдан залах дээрээ тулах болно.

/"Мм" 2-р сарын 24/

Monday, February 22, 2010

Эрт дууссан наадам

Хүн төрөлхтний овоо хараа ойрын өдрүүдэд Канадын Ванкувер хот руу чиглэж байна. Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн өвлийн 21 дүгээр опимп 17 хоног үргэлжилнэ. Харамсалтай нь олимпийн эрх авсан манай хоёр тамирчин эхний гараандаа хойгуур байр эзэлснээр монголчуудын хувьд энэхүү аз, эз сорьсон цагаан олимп өнгөрөгч долоо хоногийн эхээр дуусчихаад байгаа.

Хэдийгээр Монгол дөрвөн улиралтай, өвөлдөө цас мөстэй төдийгүй жилийн талаас илүүг хүйтэн өнгөрөөдөг орон ч цагаан олимпоос медаль авах өдий байна гэх гонсгор үгс энэ үеэр хүн болгоны амнаас гарч байсан. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан манай тамирчин Э.Очирсүрэн 78 тамирчнаас 74 дүгээрт оров. Тэрбээр энэ зайг 32 минут 56 секундэд туулж, улсынхаа амжилтыг шинэчлэв. Энэ зайд түрүүлсэн Шведийн тамирчнаас мань хүн найм орчим минутаар хоцорчээ. Найман минут гэдэг бага хугацаа мэт боловч спортод асар том зөрүү. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн зайд уралдсан Х.Хаш-Эрдэнэ 95 тамирчнаас 87-д орж, хувийнхаа амжилтыг л ахиулжээ.
Монголчууд 12 дахь удаагаа өвлийн олимпод, тэр дундаа цанын спортоор 11 дэх удаагаа олимпийн мөсөн замд “тоос өргөж” буй. Энэ хоёр тамирчны хувьд өмнө нь 2006 оны Турины олимпод хүч үзэж байсан туршлагатай. Манайхан өвлийн олимпоос медаль хүртэх нь бүү хэл дорвитой амжилт ч үзүүлэхгүй байгаа нь спортын энэхүү том арга хэмжээнд оролцох арга хэлбэр, бэлтгэл сургуулилтаа өөрчлөх цаг болсныг Ванкуверын олимп дахин нотоллоо. Манай тамирчдын урд орсон цаначид дунд өвөл болдоггүй, халуун орны тамирчид цөөнгүй байсан нь ч нэгийг өгүүлж, хоёрыг бодуулна.

Амжилт үзүүлэхгүй байгаагийн шалтгаанаа хөрөнгө санхүү рүү чихдэг байсан нэг үеийг бодвол төр засгаас биеийн тамир спортын хөгжилд анхаардаг болж, үндэсний шигшээ баг байгуулан, шаардагдах хөрөнгийг төсөвт жил бүр хуваарилдаг болсон. Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын бай шагналыг ч нэмэгдүүлсэн. Гэвч тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтийг хангалттай хэмжээнд хүргэх суурь бааз, техник хэрэгсэл дутуу, өрсөлдөгч цөөхөн, өндөр мэргэжсэн дасгалжуулагч алга.

Нөгөөтэйгүүр манай спорт холбооны удирдлагуудад шинжлэх ухаанч мэдлэг, судалгаа үргэлж дутагддаг. Тэд дөрвөн жилийн хугацаанд тамирчдаа олигтойхон бэлтгэж, олимп болох орны уур амьсгалын онцлогийг сайтар судалж болох байсан. Өвлийн олимп зохиож буй өндөр хөгжилтэй орнууд манайхаас арай өөр уур амьсгалтай. Тэдний өвөл чийглэг дулаавтар учир цас мөснийх нь ширхэг нь ч бас ондоо байдаг аж. Гэтэл манайд өвлийн спортын бэлтгэл хангах битүү байгууламж байхгүй, хэдэн тамирчин нь жавар тасхийсэн гадаа агаарт жаал салхи залгиж, тамираа барж байгаад явдаг. Тал нутгийн жавар тамирчдад ташуур биш тушаа болдогийг олимпод “баян ходоод” болсны дараа баахан ярьдаг ч өнөөдрийг хүртэл хөөцөлдөөд шийдүүлчихсэн юмгүй байна.

Спортын амжилтын тулгын гурван чулуу нь сайн дасгалжуулагч, сайн тамирчин, сайн өрсөлдөгч. Гэтэл манайд олон улсын тавцанд өрсөлдөх тамирчдаа хурцлаад өгөх олигтой өрсөлдөгч алга. Тиймээс ч “жаран чавганц” дундаас шалгарсан хэдэн тамирчин нь эндээ цойлж байгаад тэнд очоод хэт тасарсан гадаадын тамирчдад навс ялагддаг. Өвлийн спортыг цаашид дормитой хөгжүүлье гэвэл тамирчдыг багаас нь сонгон шалгаруулж, хүчтэй өрсөлдөөн дунд системтэй бэлтгэх хэрэгтэй юм. Гүйлтийн цана, шорт трейкээр дорвитой амжилт гаргаж чадахгүй байгаа бол сноуборд зэрэг шинэ төрөлд хөрөнгө мөнгө зарцуулж, гадаадаас сайн дасгалжуулагч гэрээгээр ажиллуулах, хамтарсан бэлтгэл зохиох шаардлагатай. Уг нь тулалдаанд зөвхөн шонхорууд л өрсөлддөг. Гэтэл манайхан хувийнхаа ч юм уу улсынхаа амжилтыг ахиулахын төлөө аягласаар, багахан амжилтдаа сэтгэл ханасаар... Үнэндээ өвлийн улиралтай улс орны өвлийн спорт “Гуяа дагадаг хүзүү” шиг хөшүүн атлаа шоовдор байж боломгүй. Эс бөгөөс бөөн хөрөнгө зарлагадаж явчихаад гаргасан амжилт ч үгүй ирж байхаар тэр мөнгийг өвлийн спортыг бүх нийтийн биеийн тамир болгон дотооддоо хөгжүүлэхэд зарцуулбал илүү үр дүнтэй байх биш үү.

/"Мм" 2-р сарын 22/

Friday, February 19, 2010

Барс жил Танд баринтаглан дайх үгс

Өсч үржих, төлжин дэлгэрэх, цэцэглэн мандахын бэлгэдэл болсон хавар цаг, хаврын тэргүүн сар эх нутагт минь айлчлан ирлээ. Тэсгим өвлийн хүйтэн жаварт хайрагдаж, хөр цасанд толгой гудайсан Монголын цэлгэр талд удахгүй төлийн дуу цангинаж, түмэн зүйлийн цэцэг навчис дэлгэрнэ. Түүхийн ээдрээ нугачааг элээж, орчих оршихуйн дайдад олон хаврыг угтаж үдсээр ирсэн бидний алтан баринтагтай цадигт XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр барс жил хэрхэн тэмдэглэгдэж үлдэх бол.

Монголчууд бэлгэ дэмбэрлийг эрхэмлэж ирсэн ард түмэн. “Сайхан жил гарлаа. Ирж буй жилд бултаараа буян хишиг нь дэлгэрч, эсэн энхийн жаргал оршном буй за” хэмээн хэлэлцдэг нь ч ёс. Гэхдээ бэлгэ дэмбэрлээс гадна бодит ахуй гэж байдаг. Энэ талаас нь шинжин үзвэл монгол хүн бүрийн сэтгэл, итгэлд цагаан барс жил өөдлөн дээшлэх, өргөжин хөгжих сайхан цагийн үүд хаалгыг нээнэ хэмээсэн найдварын гал бадамлан асч байх шиг.

Улиран одсон “Харшлалт” хэмээх шороон үхэр жил монголчуудын хувьд тийм ч амар байсангүй. Үер ус, халдварт өвчин, зуд турхан гээд түмэн олны тэвчээр, төр засгийн бэлтгэлийг шалгасан олон үйл явдал шилээ шилээ даран өрнөв. Сүүлийн гучин жилд тохиогоогүй хатуу өвөл болж, нийт нутгийн гуравны хоёр нь цасан хунгарт дарагдан, хүн малгүй зутарч, шуурга даалгүй шургачиж унах дөхөв. Саяхан л 43 сая хүрлээ хэмээн хөөрцөглөж байсан малын тоо толгой гурван сарын дотор даруй хоёр саяар хорогдов. Энэ нь зун намаржин наадамлаж, найрлаж явсаар хадлан тэжээлээ хангалттай базааж аваагүй хөдөөгийнхөнд хатуухан сургамж болсны зэрэгцээ төр засагт малын гаралтай түүхий эдийн үйлдвэр хөгжүүлэхгүйгээр тоо толгойг өсгөх нь саваа бэлдээгүй байж саалиа халгиулан асгахын үлгэрийг санууллаа.

Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийн жил” болгон зарласан ч ноолуур, нэхий эдлэлийн хэдэн үйлдвэрийг эс тооцвол өнгөрсөн жилд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортлодог үйлдвэрийн тоо төдий л нэмэгдсэнгүй. Ер нь мал аж ахуйн түүхий эдийн үйлдвэр гээд ярихаар малчдын гар дээрээс арьс шир авч угаагаад гаргах дамжлага төдийхнөөр хэмжигддэг хэвээрээ. Аливаа түүхий эд эцсийн бүтээгдэхүүн болж байж өндөр үнэд хүрдэг бол түүхий арьс шир хоногийн хоол залгуулах төдий. Чухам хоногийн хоолоо аргацааж ядан яваа үйлдвэртэй улсад олон мал дараа болно уу гэхээс ашиг өгөхгүйг улирч буй жил бидэнд хангалттай нотлов.

Нөгөөтэйгүүр намартаа хэдэн тэвш өвс хурааж тавиад өвөлжингөө түүнийгээ түлш гарздан хөдөөгүүр тараах байдлаар өвлийг давдаг байдлаа өөрчлөх цаг болжээ. Чухамдаа малын эрүүл ахуйг төрийн хатуу бодлогоор анхаарахгүй бол мал эмнэлгийн үйлчилгээ байхгүйгээс гууранд цоорсон арьс, бруцеллёзтой сүү, эрүүл ахуйн баталгаагүй махыг гадныхан нэг нүдээрээ ч харахгүй байна. Малаа чанаржуулж, малчдынхаа амьжиргааг дээшлүүлэн баргийн зуданд барьц алддаггүй болгохын тулд энэ хоёр асуудлыг л эн түрүүнд шийдэх хэрэгтэйг үхэр жилийн зуд үнэхээр тодорхой хэлж өглөө. Гэхдээ аливаа зүйл өөрийн цаг хугацаатай, үе давтамжтай. Өдөр шөнө ээлжилдэг шиг өвлийн дараа хавар, зовлонгийн дараа жаргал ирдэг. Мал нь хорогдсон ч чанаржиж, малчид туйлдсан ч тэвдэх цагт тэвнээр тусалсан түмнийхээ итгэл, сэтгэлээр тэнхэрч, хахир хүйтэн өвлийг мэнд давсандаа өегшиж байна. Тиймээ, дэлгэр нутагт минь хавар ирсэн шиг дэвжих төрд маань зөв бодлого, дээдлэх түмэнд минь тэгш амьдрал заяана. Энэ бол барс жилд дайх бас нэгэн үг.

Хулжиж одсон үхэр жил монголчуудын хүсэн хүлээсэн олон үйл явдлын учигийг тайлсан жил болсон гэж хэлж болохоор. Говийн ганц айл, цагаан зээрийн нутаг байсан Оюу толгойн ашиглалт энэ оноос эхлэх нь. Арав гаруй жилийн өмнөөс анхны хайгуул хийгдэж, тав зургаан жилийн турш хөрөнгө оруулалтын гэрээндээ хүлэгдэж байсан ил уурхай өнөөдөр жинхэнэ утгаараа Монгол түмний хувь заяаг атгаж байна. Магад ганц Монгол биш дэлхий нийт энэ товцог тойрсон яриа хөөрөө, явдал суудлыг сонирхон, сониучирхан харж байгаа гэхэд нэг их буруудахгүй биз. Манай улсын “саалийн ганц үнээ” гэгдэх Эрдэнэтээс гурав дахин нөөцтэй буюу тодруулбал, 1000 орчим тонн алт, 32 гаруй сая тонн зэсийн нөөцтэй гэх энэ ордын чиглэсэн эхний цуваа хэдийнэ өмнө зүг хөдлөөд буй.

Монгол Улсын төв болон өмнөд хэсэгт орших 62 мянган хавтгай дөрвөлжин км энэ талбайд ил болон далд уурхай, хайлуулах үйлдвэр, түүнийг эхлүүлэхэд шаардлагатай барилга угсралт, зам харгуй, эрчим хүч, дамжуулах шугам гээд олон тооны ажил гүйцэтгэлээ хүлээж байна. Дэлхийн жишигт нийцсэн энэхүү уурхайг дагаж тийм түвшний техник технологи нэвтэрнэ. Товчхондоо блокчлох буюу газар хөндийлөх аргаар Монголчууд үүцээ задлах юм. Энэ нь манайх шиг ил уурхай хөгжүүлсэн улсад анхны бөгөөд цоо шинэ алхам болно. Оюутолгой зөвхөн Оюутолгойгоор хязгаарлагдахгүй. 100 хувь төрийн мэдэлд байгаа Тавантолгой орд энэ оны эхний хагаст багтан эдийн засгийн эргэлтэд орно. Том ордуудыг дагаад жижигхэн Монголд олон ажлын байр шинээр бий болно. Ажил хийвэл ам тосддог шиг ажилгүй хэмээн бүртгэгдээд буй 130 гаруй мянган иргэн амьжиргаатайгаа залгах сайхан үүд нээгдэж байна.

Түүнчлэн бидний идэх талх, өмсөх хувцас болдог экспортын гол бүтээгдэхүүн алт зэс дэлхийн зах зээл дээр ханш сайтай байгаа гэх сайхан мэдээ чих мялааж байгаа. Хэсэгтээ хуйсагнасан хямралын салхийг мэнд гэтэлж, цагаан барс жилд элбэг дүүрэн байх тохиол биднийг тосож байна гэсэн үг. Олны санал шүүмж, зөв бурууг тунгааж буй шүүлтүүр дор он дамжин өртөөлж буй Хамтарсан Засгийн газар энэ оныг бизнесийн орчинд шинэтгэл хийх жил хэмээн зарлачихсан байнаа. Энэ бүхний дүнд ажилгүй хүний тоо багасах, ажил хийгээд авдаг хэдийнх нь тоо үржих нь лавтай. Босгоё бүтээе гэсэнд нь босго болдог хүнд суртал ч арилна хэмээн олон хүн найдаж буй. Гагцхүү бодол бүхнээсээ боломж олж, боломж бүрээ бодит ажил болгох орчин нөхцөл бүрдүүлж өгөөсэй төр засагт хүргэх удаах үгсийг төмөр барс жилд дайж байна.

Дэлхийн хүн ам арвай буудай шиг өсч, зургаан тэрбумыг даваад буй. Тиймээс хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг утгаараа өсөн үржиж буй энэ олон “ходоод”-ыг хэрхэн хоолтой ундтай байлгах вэ гэдэг асуудал өнөөдөр олон оронд, ялангуяа Азийнханд тулгамдаж байгаа. Манайх шиг цөөн хүн амтай улс одоохондоо нэгнийгээ “хоолны сав” хэмээн адлах дээрээ тулаагүй ч өдрөөс өдөрт нэмэгдэж буй түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өөрийн эрхгүй нэрмүүлж байгаа.

Харин өмнөх Засгийн газраас залгамжилсан Атрын гуравдугаар аяны эхний хоёр жилийн үр дүн бидэнд эх орныхоо хөрсөнд ургуулсан тариа будаагаар хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадна гэсэн итгэлийг авчирсан. Аяны гурав дахь жил болох энэ онд хил дамжин гурил, ногоо ганзагалж ирэхийн зовлон бүрмөсөн арилах учиртай. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн эхний ээлжинд монголчууд идэх талх, тарих төмсөө өөрсдөө базааж, хэрэглэж чадаж буй нь бүх хэрэглээгээ бие даан бэлтгэж, илүүг нь экспортлодог болох хожмын өдөр ойрхон байгааг харуулж байна өөдрөгөөр харж болохоор байна.
Үхэр жилд монголчууд 60 гаруй мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ бол дээш заалттай тооны хамгийн эрхэм нь. Барс жилийг хэдийгээр нялхаст хатуу, нярайлж хуримлахад тохиромжгүй хэмээн зарим зурхайч айлдаж байгаа ч “жилийн өнгө хүндээ” гэдэг. Тэгээд ч дэлхийд цуугаа дуурсгасан олон алдартан энэ жилд мэндэлсэн байдаг. Мухар сүсэгт хөтлөгдөлгүй хүн бүр зөвхөн өөрөө өөртөө итгэж, Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтдаа голлон анхаарвал бид хөгжин дэвшихэд ойрхон байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ ч гэж ярьдаг.

Жил бүрийн өнгөнд монголчууд дэлхий дэлэгнэсэн, дэнж хотойсон жил болоосой хэмээн залбирч наманчилдаг. Гэсэн хэдий ч хангай дэлхий аашаа өөрчлөөд удаж байна. Уул усаа түшиж, ургамал ногоогоо дагаж амьдардаг бидэнд даргын аашаас илүү хангай дэлхийн ааш хатуу тусах боллоо. Харин ч хүн малгүй дасан зохицох тухай асуудал цухас хөндөгдөж, байгальтай хатуу харьцсан зан үйлээ өөрчлөх тухай хүчтэй ярих боллоо. Цагаан барс жилийн зурлагад хуртай зун, өнтэй өвөл болохоор буусан байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүн өөрчилж чадахгүй ч урьдчилан сэргийлж, бэлтгэлтэй байх нь айсуй гамшгийг аюул багатай гэтлэх нэгэн боломж билээ.

Морилон ирсэн жилийн босгон дээр монгол монголоороо үлдэх өрнүүн эрмэлзэл хүн бүрт буйг харуулсан үйл явдал тохиолоо. Өв соёл, үндэсний хувцасаа харийнханд алдахгүй гэхдээ монгол залуус сар шинээрээ өмнөх жилүүдээс илүүтэй дээлээрээ гоёв. Алтайн хязгаараас эхтэй хөөмийн урлаг, эрийн гурван наадам зэргээ урд хөршийн олз болгохгүй гэж залуус нэгдэн төрийн бус байгууллага ч байгуулж үзэв. Үр дүнд нь ЮНЕСКО-гоос хариу ирж, монголын соёлыг монголд нь үлдээхийг судалж үзэхээ амлалаа.

Хүн төрөлхтөн мянга мянган хаврыг угтаж, олон зуун жилийг алсалсан. Гэхдээ цаг хугацааны шинэ мөчлөг бүрийг шинэ мөрөөдөл, шинэ итгэл найдвартайгаар угтдаг. Цагаан барс жилийг ч мөн Монголын ард түмэнд тусаа өгч, тосоо дусаах сайхан жил байх болно хэмээн итгэж байгаа. 1206 онд Онон мөрний хөвөөнд анх Монголын тулгар төрийг байгуулан Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөхөд улаан барс жил гарч байсан. Тэгэхээр Монголын төр барс жилтэй. Монголчууд барс жилд бахархалтай сайхан амьдрана гэж тэмүүлж явах ёстойгоос биш хэн нэгний шившсэн шооны нүхэнд итгэж амьдрах цаг биш. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Барс жилийн баринтигтай үгс биелэлээ олог хэмээн айсуй жилийг аргадан өгүүлэхэд ийм буюу.

/"Мм" 2-р сарын 19/

Friday, February 12, 2010

Үгэн доторх үг

Монголчуудын ерөөл хэлэх учир шалтаг, төрөл зүйл үнэхээр баялаг. Ахуй онцлог, зан үйл бүрдээ тохирсон уран цэцэн, утга агуулга үлэмж төгс бэлгэдлийн үгсийг өдөр тутмын амьдралтайгаа уялдуулан өөр хоорондоо хэлэлцэж, зохих хариуг нь барин харилцаж ирсэн уламжлалтай. Аливааг аль болох өөдрөгөөр харахыг эрхэмлэж, сөрөг бодол тээх, таагүй үг хэлэлцэхээс “муу ёр” хэмээн зайлсхийдэг байсан нь “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэх хэлц үгээс харагдаг.

Гэвч сонирхолтой нь, хараалын үгсийг ч бас донж маягийг нь олж, тухайн нөхцөл байдалд тохируулан тойруу битүү утгатайгаар хэлэлцэж иржээ. Өвөг дээдэс маань бичгийн ямар агуу соёлтой, хэлний өндөр боловсролтой хүмүүс байсан нь хамгийн доод найруулга болох хараалын үгийн зохиомжоос тод харагдаж байна. Хараал хэлэхдээ хүртэл мөр толгой холбож, өөрийн гэсэн дэг жаяг, өвөрмөц хэлц баримталдаг үндэстэн хэр олон байдгийг хэлж мэдэхгүй юм.

Тэр болгон яригддаггүй, амьдралд хэрэглэгддэггүй ч өнөө үеийнхэн бид өвөг дээдсийнхээ хэл ярианы өв соёлоос өчүүхнийг ч болов мэдэж байх нь зүйтэй санагдана. Ядаж л ерөөл, хараалыг хооронд нь ялгаж салган, ямар үед хэрэглэх, хэрэглэхгүйг мэдэж авах нь сар шинийн баяр дөхөж буй энэ үед танин мэдэхүйн талаасаа ч, монгол хэлний найруулгазүйн мэдлэгээ бататгах үүднээсээ ч ач холбогдолтой учир далд утгатай хараалын үгсээс түүвэрлэв. Тухайлбал орчин үеийнхэнд:
"Нар сарыг гэртээ мандуулж
Навч цэцгийг хотондоо ургуул”

хэмээвэл учрыг нь олж, ухаж тунгаалгүй хэлбэр талаас нь сонсоод тоолгүй, толгой дохиод өнгөрч болох юм. Зарим нь бүр мундаг хүн болох гэж “Тэр ерөөл бат оршиг ээ” хэмээн хэлсэн хүнийх нь бах тавыг хангаж ч мэднэ. Гэтэл нь энэ нэлээд хахир хатуу хараал аж. “Нар сарыг гэртээ мандуул“ гэдэг нь үгээгүй хоосорч ядууран, үйлээ үзэж үсээ үгтээн, нар сар нэвт гэрэлтсэн навсархай хар овоохойд насыг бар гэсэн үг гэнэ. “Навч цэцгийг хотондоо ургуул” гэдэг нь хонь малаа барж, хоосорч үгүйрэн хогийн ургамлаар хот нь дүүр гэсэн утгатай юм байна.
Түүнчлэн:
“Явган нүүж
Нүцгэн жаргаарай”
гэвэл байдгаа баран, хөл нүцгэн таваргаж, мөр нүцгэн жиндэхийг хэлж буй аж.
Тэр ч бүү хэл:
“Мөнхийн хутгыг амьддаа олж
Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг”

гэдгийг нэлээд дургүй хүргэсэн хүндээ өширхөж хэлдэг байжээ. Амьддаа мөнх наслах хутаг олсон хүн жам ёсоороо хорвоогоос хальж чадахгүй, үр хүүхэд, ач гучдаа адлагдах, зөнөглөж жилцэхийн ёр гэж үздэг байна. “Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг” гэхээр духаа цоортол мөргөвч ач гавьяа нь амьдралд нь биш зөвхөн буян болж хойд насанд нь үлдэг гэсэн далд санааг илэрхийлжээ.
Дээхнэ үед бурхан болоочдыг ил тавьдаг байсантай холбоотойгоор дургүйг нь хүргэсэн нэгнийг:
"Торгонд боолгож
Тосоороо гоож"
хэмээн өнгөц харахад ерөөгөөд байгаа юм шиг боловч цаад утгаараа "үхээсэй" гэж хараадаг байж. Мөн:
"Монголоо алдаж
Модоо баримар"
хэмээхийн шилжсэн утга нь ёс заншилаа гээж, үгүйрч хоосрохыг хэлдэг аж.
Бас:
"Эрүүгээ авч
Нуруугаа маажмар
Элгээ авч
Сэмжээрээ ороомор"
гэсэн хараал ч байдаг аж.
Арай орчин үеийн зүс хувиргасан, мэдүүштэй үгсээс дурдвал:
“Дөрөв нь дээшээ
Дөрвөлжин нь доошоо”
гэсэн битүү утгатай ерөөл ч юм шиг хараал байна. Учрыг ухаж үзвээс унаатай хүн уурлахаар аж. Дөрвөн дугуй нь дээшээ харж, дөрвөлжин кабин нь доошоо харах буюу бүтэн эргэж онхолдож унахыг хараасан байх шиг байгаа юм.
“Уудагтаа ус хийж
Унадагтаа чулуу тохмор”
гэсэн тойруу утгатай хараалын үгийг ч бас дурдмаар санагдлаа. Цай, цагаа, сархад ууж байх ёстой аягандаа ус уух нь мөн л үгүйрч ядуурахын шинж аж. Харин эмээл тохом тохохын оронд чулуу нидрэх нь буянт малаа шүтэж амьдардаг монголчуудад тэвчишгүй хараал болох юм.
“Үс чинь үргэлж хар
Шүд чинь дандаа цагаан
Нуруу чинь байнга тэнэгэр байг”

гэдгийг өнгөц сонсоод "Баярлалаа" гээд өнгөрмөөр байгаа биз. Гэтэл үнэндээ "нас залуу, цус шингэн, зүс идэр үедээ хорвоог орхи" гэсэн уур хүрч уушиг сагсаймаар үзэмжтэй ганган хараал гэнэ.

Энэ мэт хэнд ч хэрэггүй юм шиг боловч анзаараад үзвэл анхаарал татах үгс бишгүй л байдаг бололтой. Ер нь үг гээч нь хамар доорхи хагархайнаас хамаагүй урсдаг эд биш, утга агуулга, нөхцөл байдлыг өөртөө шингээдэг харилцааны хамгийн чухал хэрэглүүр гэдгийг хэн бүхэн мэддэг боловч өдөр тутмын амьдралдаа тэр бүр ойшоож үздэггүй. "Ам алдвал барьж болдоггүй" ч гэдэг. Одоогийн бидэн шиг орос монгол англи үг хольж чамирхан, хараалын утгыг ч, ерөөлийн бэлгэдлийг ч үл хайхарч явдаг улс үгэн дотор үг багтдагийг үргэлж санаж явууштай.

/"Мм" 2-р сарын 11/

Tuesday, February 9, 2010

“Дал”-ын төлөөх дажин

Харьж явсан жавар эргэж хурган хацар эсгэчих дөхсөн нэгэн долоо хоног ард улирав. Төрөөс олгож байгаа далан мянган төгрөгөө сар шинээс өмнө авах гэсэн иргэд харин хаялах цас, хайрах хүйтнийг ч үл ажран харьяа хороо, салбар банк руугаа хошуурсаар.
Манайхан л болсон хойно хаана ч очсон дараалал, түүнээс үүдэлтэй түмэн бухимдал, бас бөөн хүнд суртал…

Энэ дүр зургийг харахаар картын бараанд алалцаж асан тэртээх он жилүүд санагдана. Эсвэл Солонгос явахаар бүртгүүлэх гэж Төв цэнгэлдэхийн хашаанд хонож өнжиж байсан үй олон хүн санаанд орно. Бас “бид ямар ч ядуу юм бэ дээ” гэж эрхгүй шүүрс алдмаар. Тэр хэрээр ард түмнийхээ хоосон ходоодонд дөрөөлж баахан мөнгө амлан санал авчихаад, ичсэн нэрэндээ эргээд амлалтынхаа гурван хувьд хүрэхтэй үгүйтэй мөнгөөр ам хааж байгаа түшээдэд дургүй хүрэх юм.

Асуудлыг арай өөр өнцгөөс харвал, бэлэн мөнгө амлаж, бэлэнчлэх сэтгэлгээг даамжируулах нь эрх баригчдад ашигтай, иймэрхүү өглөгийг иргэдээс ирэх эрүүл шүүмжлэлийн эсрэг гал унтраах хэрэгсэл болгож байх шиг. Цөөхөн ч гэсэн хэдэн төгрөг авахаар хөөцөлдөж, энд тэнд дугаарлаад завгүй яваа хүмүүс юун яасан төр засгийн алдаатай бодлогыг шүүмжилж, зөв зүйтэйг шаардах… Улстөрчид ард түмнийг үргэлж ийм л байлгахыг хүсдэг бололтой.

Цагтаа дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн удам хэмээн хийрхэхээ байя гэхэд уул уурхайн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог, өргөн уудам газар нутагтай, 1000 гаруй ашигт малтмалын орд, 8000 орчим илрэцийн эзэн бид яагаад ингэж хоногийн хоол аргацаах төдий мөнгөний төлөө барьц алдан байдгаа барна вэ? Энэ асуултад монголчуудын хоёрны нэг нь ядуу, нийслэлчүүдийн тал хувь нь буюу 43,2 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэсэн судалгааны дүн хариулж байна. Гэхдээ “ядуу” гэдэг үг монголчуудын зөвхөн халаасны хэмжээнд хамаатай бус, төрийн гар харсаар сэтгэх, бүтээх чадвараа мөхөөж буй тархины “тураалтай” холбоотой. Үүний цаана дахиад л нөгөө сонгуулийн явуургүй амлалт, хэн сайн амалсан нь улс төрд орж ирэх төрийн гаж тогтолцоо…

Үнэндээ бэлэн мөнгө тараах нь нийгмийн халамжийн хэлбэрүүд дотроос хамгийн үр дүнгүй хэрнээ сөрөг нөлөө ихтэй арга гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай батлагдсан. Халамжийн сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, инфляци өсөхөөс эхлээд сар шинийн өмнөхөн тарааж буй энэ мөнгө иргэдийн амьжиргааг тэтгэнэ гэхээсээ Эрээний зах зээлд хөрөнгө оруулаад таарна, эхнээсээ ч ингэж байна. Тэглээ гээд амлалт нэхэн алгаа тосох олныг яалтай ч билээ.

Засгийн газар эхний ээлжинд 91 тэрбум төгрөгийг 1,3 сая хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээхээр олгож байгаа. Албаны хүний мэдээллээр хоёр долоо хоногийн хугацаанд дээрх иргэдийн 70 орчим хувь нь эх орны хишгээ авчээ. Багахан хугацаанд ийм олон хүн мөнгөө авсан нь монголын жирийн иргэдийн амьдрал ямаршуухан байгаа, яажшуухан аж төрж буйг харуулаад өглөө. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж тэрбум тэрбумаар хөрөнгө баталж суудаг түшээд жирийн иргэд нь 70 мянган төгрөгний төлөө хөхөө өвлийн хүйтэнд яаж хөлөө хугалах шахам гүйж байгааг хараад эрхбиш нэгийг бодсон л байлгүй. Бодоод зогсохгүй дараагийн нүүдлээ зөв тодорхойлж, амлалтаа арай бүтээлчээр хэрэгжүүлэх гарцаа олсон байх гэж найднам. “Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хувь, хишиг олгох ажил улам хүрээгээ тэлнэ” гэж салбарын сайд мэдэгдэж байгаа. Хэрэв энэ мэтээр аманд ч үгүй, хамарт ч үгүй арав таван цаасаар гол зогоогоод байвал уул уурхайн баялаг ямар ч үлдэцгүй, үр ашиггүйгээр салхинд хийсэх нь байна. “Иргэн баян бол улс баян” гэдэг. Эхлээд 70 мянга, дараа нь 50 мянгыг авлаа гээд ард түмний амьжиргаанд мэдэгдэхүйцээр нөлөөлж чадах уу? Ядаж л зуданд малаа бараад ядуусын эгнээг тэлэх малчдад ямархан нэмэр болох бол. Энэ мэт хувь, хишиг тойрсон олон асуулт хариу нэхнэ, гэхдээ судалгааны дүнгээс арай илүү жинтэй, далайцтай хариулт эрэлхийлж байна.

/"Мм" 2-р сарын 8/

Амлалтаа эхлүүлж, зудаар зувчуулсан чуулган

УИХ-ын 2009 оны намрын чуулган өндөрлөлөө. Анхаарал татсан олон асуудлын ард гарч, халгаа сэлгээ, албан тушаалын томилгоогоор баялаг байсан энэ удаагийн чуулган ажлын 91 хоногт үргэлжилж, 104 хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэж баталжээ. Цаг хугацаа давчидсаны улмаас хэлэлцэхээр төлөвлөсөн 40 гаруй асуудлыг орхигдуулснаа ч эрхэм гишүүд хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээрээс тэргүүлэх ач холбогдолтой гэж үзсэн, бодлогын чанартай 28 төслийг хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэхээр түр ацаглаад байгаа юм. Үүнд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага тогтоох, төсөвт тодотгол хийх зэрэг олон чухал асуудал бий.

Энэ удаагийн чуулганы хугацаанд Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гарган, чуулганы хуралдаанд мэдэгдэл хийснээр парламентад дараагийн Ерөнхий сайдыг томилох ажил ундрав. С.Баярын халааг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан С.Батболд залган авч, Хамтарсан Засгийн газрыг тэргүүлэхээр болсон юм. Тэмдэглүүштэй нь энэ чуулган урьд урьдын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ярьдаг шигээ ашиг сонирхлоороо талцан асуудлыг гацааж цаг авсангүй, танхимын сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шуурхай батламжилсан. Гэхдээ шинэ Ерөнхий сайдын саналын дагуу ЗГХЭГ-ын даргын алба хашиж байсан Б.Долгорыг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишvvн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хvрэлбаатарыг томиллоо. Мөн Ерөнхий сайд өөрийн хашиж байсан Гадаад харилцааны сайдын албан тушаалд УИХ-ын гишvvн Г.Занданшатарын нэрийг өргөн барьж, чуулганы хуралдаанаар батлуулсан юм.

Намрын чуулганы хугацаанд өөр нэг онцлох зүйл тохиосон нь 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш жил гаруй хугацаанд дутуу бүрэлдэхүүнтэй явсан парламент элэг бүтэн болсон үйл явдал. УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан С.Эрдэнэтэй холбогдох сонгуулийн маргаан шүүхээр шийдэгдэж, тэрбээр УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр Баянголчууд парламентад бүрэн төлөөлөлтэй болов. Мөн УИХ-ын 24 дүгээр тойргоос сонгогдсон Ц.Элбэгдорж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсноор тус тойрогт нөхөн сонгууль зарласан. Нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ялснаар тэрбээр парламентын гишүүдийн бүрэлдэхүүнд багтав. Ийнхүү УИХ 76 гишүүнтэй болж, намрын чуулганаар бүтэц бүрэлдэхүүн цэгцэрсэн юм.

Жил жилийн намрын чуулган нь ирэх оныхоо төсөв, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталдагаараа хаврын чуулганаас илүү хариуцлага үүрдэг. Гэвч энэ үеэр гишүүд хөрөнгө оруулалт нэрээр тойрог тус бүрдээ тэрбум төгрөг хуваарилан, төсөв захиран зарцуулах эрх бүхий төсвийн захирагч нарын нэр дээр тараан байршуулсан нь нийгэмд багагүй шуугиан тарилаа. Хоёр том хамтарч Засгийн газраа байгуулснаар сөрөг хүчний дуу хоолой УИХ-д үгүйлэгдэж байгааг иргэд шүүмжилж, тойрогтоо дахин сонгогдох хундаамаа цутгаж байна хэмээн эсэргүүцэж байсан ч асуудал гишүүдийнхээр шийдэгдсэн юм. Хэдийгээр УИХ-д бие даан сонгогдсон З.Алтай, Ногоон намын төлөөлөл Д.Энхбат, ИЗН-ийн дарга С.Оюун нар сөрөг хүчний байр суурь илэрхийлсэн ч тусыг эс олсон. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан ч гишүүд хүлээж аваагүй. Ийнхүү 76 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий, 358 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар 2010 оны төсөв батлагдаж байв.

Энэ оны төсөв алдагдалтай батлагдсан ч vvнтэй зэрэгцээд Хvний хөгжлийн сангийн тухай хуулийг хамтатган баталж, эх үүсвэрийг нь шийдсэнээрээ энэ чуулган түүхэн шийдвэр гаргасан гэж хэлж болно. Улстөрийн хоёр том хүчний сонгуулийн амлалтад дөрөөлсөн хувь хишиг хүртээх тухай асуудал Хүний хөгжлийн санд туссан бөгөөд уул уурхайн баялагаас эхний ээлжинд иргэн бүртээ 120 мянган төгрөг хүртээхээр болсон юм. Үүнийгээ нэгэн зэрэг хүн болгонд, нэг дор олгох боломжгүй учир хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар шинийн баяраас урьтаж 70 мянган төгрөг олгож буй. Хэдийгээр энэ нь хоёр намын ам уралдан амласан 1,5 сая төгрөгийн эх орны хишиг, нэг сая төгрөгийн эрдэнийн хувьтай харьцуулахад үлэмж бага тоо ч чамлахаар чанга атгахыг илүүд үзсэн иргэд өвлийн хүйтнийг ч эс хайхран хороо хорин, харьяа банкныхаа салбарт урт дараалал үүсгэж байна.

Гэхдээ энэ чуулганы хугацаанд улс орны хэмжээнд ч, олон улсын түвшинд ч санхүү, эдийн засгийн байдал хүндхэн байсан, тэр нь одоо ч үргэлжилж буйг хэлэх хэрэгтэй. Манай орны экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тогтворгүй байгаа учир төсвийн орлогын хуваарилалт, зарцуулалт маргаан дэгдээсээр байгаа юм. Энэ бүхэн нь төсвийн төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, төсвийг бодит боломжтойгоо уялдуулан тэнцвэржүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг УИХ-аас шаардаж буй.

Энэ хэрээр батлан гаргасан 2010 оны төсөв, мөнгөний бодлого бүхэлдээ эдийн засгийн уналтыг зогсоох, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хэмээн УИХ-ын дарга хэлж байсан. Дэлхийг хамарсан санхүү эдийн хямрал үргэлжилж, ялангуяа манай банк санхүүгийн салбарыг хүчтэй нэрвэж байгаа ч УИХ энэ онд эдийн засгийн өсөлтийг 7.4 хувиас буулгахгүй байх зорилт тавьж буй аж.
Энэ зорилтоо хангахын тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 443 тэрбум, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөөд байгаа. Хувийн хэвшлийнхний өөрсдийн хийх хөрөнгө оруулалтын ажлыг нэмж тооцвол улсын хэмжээний нийт бүтээн байгуулалтын ажлын цар хэмжээ хоёр их наяд давах тооцоо гарчээ.

Санхүүгийн хямралыг хохирол багатай давахын тулд Монголын төр банк санхүүгийн салбарын дархлааг сайжруулж, иргэдийн хадгаламжинд баталгаа гаргасан боловч өнгөрсөн хугацаанд хоёр ч арилжааны банк дампуурч орхисон. Найдваргүй зээл, буруу менежмэнтийн улмаас дансаа дугуйлсан “Анод”-ын араас “Зоос”-ыг тавиад туучихаж болох байсан ч шийдвэр гаргагчид уг банкийг төрийн мэдэлд авахыг илүүд үзэн, УИХ-аас Засгийн газарт 100 тэрбумын бонд гаргах эрх олгосон юм.
Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд энэ намрын чуулган онцгой анхаарч ажиллав. Үйлдвэрлэлд зориулсан хөрөнгийн хэмжээг өнгөрсөн жилийнхээс 1.5 дахин нэмэгдүүлж, 45 тэрбум төгрөгт хүргээд байна. Мөн дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагыг харгалзан Үйлдвэрлэл, технологийн паркийг бүс нутагт байгуулах эрх зүй, эдийн засаг, татварын таатай орчинг бүрдүүлэх хэд хэдэн эрхзүйн баримт бичгийг батлав. Хэрвээ энэ том зорилтууд ажил хэрэг болж чадвал ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого сайжрах учир Засгийн газарт бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах л үлдээд байна.

Түүнчлэн Концессын тухай хууль анх батлагдсан нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаархи төрийн бодлогыг тодорхойлсон томоохон алхам боллоо. Дотооддоо хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хөгжүүлэх, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд бие дааж гарах шаардлагад нийцүүлэн төрийн өмчийн хувьчлалыг явуулах, эрдэс баялгийг эргэлтэд оруулах талаар Засгийн газрын саналыг УИХ хүлээн авч Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг тодорхойлсон нь ч намрын чуулганы нэг ололт байв. Одоо энэхүү эрх зүйн энэхүү дэмжлэг, нөхцөл, боломжийг Засгийн газар бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай тулгараад байна.

Намрын чуулган завсарлахынхаа өмнөхөн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Б.Жавхланг, дэд Ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг амжиж томиллоо. Өмнө нь алба хашиж байсан Б.Энххуяг, Д.Энхжаргал нар өөрсдийнхөө хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Гэхдээ халаа сэлгээ ярихаар л гацаа үүсдэг байдал энэ удаа ч давтагдаж намын бүлгүүд зөвшилцөөнд хүрэх гэж цөөнгүй хоног алдсаныг дурдах нь зүйтэй болов уу.

Монголын нийт нутгаар өвөлжилт хүндэрч, ойрын гучин жил тохиогоогүй зудын гамшиг нэрвэсэн нь яах аргагүй парламентын “шүдний өвчин” болж байлаа. Зудтай аймгуудад тусламж хүргэх, өвс тэжээл худалдаж авахаар УИХ 3,7 тэрбум төгрөг хуваарьлаж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг цаашид хохирол багатай даван туулах, малгүй болсон иргэдийг малжуулах чиглэлд нэмж хөрөнгө гаргахаар болоод байна.

Төрийн түшээдийн зарим нь чуулган завсарлахыг хүлээж тэсэлгүй зудтай аймаг сумдыг зориод байгаа. Үлдсэн хэд нь ч өнөө маргаашгүй тойрог руугаа явахаар бэлтгэлээ базааж, малаа алдаж хотоо харлуулсан тэдэнд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхээр яарцгааж байна. Төв, суурин газраас сонгогдсон гишүүдээс ч малчдад туслах санал удаа дараа гарсан бөгөөд малаар барьцаалсан банкны зээлийг төрөөс барагдуулах хувилбар яригдсан ч хараахан батлагдаагүй. Товчхондоо намрын чуулганы сүүлийн хагас нь зудаар амьсгалж, байгалийн гамшгийг давахтай холбогдсон бодлого шийдвэр гаргахад чиглэгдлээ. Ийнхүү танхимаа бүрдүүлж, сонгуулийн амлалтаа эхлүүлсэн энэ удаагийн намрын ээлжит чуулганыг үүрэг зорилгоо үндсэндээ хангасан гэж дүгнэж болохоор байна.

/"Мм" 2-р сарын 5/

Thursday, February 4, 2010

Зудан дээр зуд

Манайхны цаг тооллогоор, таван ес шувтрах тийшээ хандаж, талын жавар наашилж байгаа хэдий ч Монголын нийт нутгийн 90 орчим хувийг хамраад байгаа зудын гамшиг цаашлах яагаа ч үгүй байна. 200 гаруй суманд өвөлжилт хүндэрч, ядарч туйлдсан малчид сая илүү толгой малаа зуданд тавиад туучихлаа. Өвс ачсан тусламжийн цуваа, үхсэн малын сэг зэмээр барьсан хашаа үдэш бүр л цэнхэр дэлгэцээр үзэгдэх болов. Тэр хэрээр малчдыг эвийлж хөөрхийлөх хүний тоо олширч, ам нээх бүртээ анхаарал халамж хүссээр.

Зудтай аймгуудад өвс тэжээл, өргөн хэрэглээний бараа худалдаж авахаар Засгийн газар 2,7 тэрбумыг зарцуулахаар болж, хойд урд хөршүүд, олон улсын байгууллагынхны тусламжийг машин машинаар нь орон нутагт хүргэх их аян улс даяар өрнөн буй. Улаанбаатарт байгаа нутгийн зөвлөлүүд ч хандив тусламж цуглуулж, хүн бүр чадах ядахаараа идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүчлэн байж байдгаа барин гүйлдэж байна. Төсвийн байгууллагууд ажилчдынхаа нэг өдрийн цалинг хандивлаж, сургуулийн багачууд зайрмагны мөнгөө лаа чүдэнз, нэмнээ болгож багшдаа хураалгасаар. Нэг үгээр хэлэхэд монголчууд тэвдсэн малчиддаа тэвнээр ч болов туслахсан гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна.

Гэвч энэ бүхний цаана “Зуд болохоор нохой зоолж, зовлон ихдэхээр лам цаддаг” гэдэг шиг байгалийн гамшгаар далимдуулан нэр төр олох, орон нутагт оноо авах гэсэн улстөрийн тоглолт давхар дэглэгдэж байна. Үүндээ зунжингаа найр хэсч морь уралдуулчихаад, өвс тэжээлээ хангалттай аваагүйдээ бантсан малчдыг гол дүрдээ тоглуулсаар. Тусламжийн цувааг тууз хайчилж, хундага тулгахын наахнуур замд үдэж буй дарга нар, дараагийн сонгуульд нэр дэвших далд санаа өвөрлөн сая сая төгрөгийн хандив амлан буй бизнес эрхлэгчид, хэдэн малаа бараад хэцүү бэрхээ тоочиж байгаа малчдыг харахаар өөрийн эрхгүй нэг иймэрхүү зураглал бууж байгаа юм. Үүнд орон нутагт газрын баялгыг нь ашиглаж байгаа гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн сайхан сэтгэлийн өглөг ч бас хамааралтай. Товчхондоо монголчууд зудыг ашиг сонирхлын хэрэгсэл болгоод сурчихжээ.

Хахир өвлийн жаварт хайруулж ядаж байхад нь хатуу хөтүү үгээр дайрах гээгүй ч өнөөдөр монголын зуд малчдад зол, улстөрчдөд олз болж байгааг олон жишээгээр тайлбарлаж болно. Ер нь зуд хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл мөн боловч малчдын өвлийн бэлтгэлээс шууд шалтгаалдаг, байгалийн гамшиг дотроос хүний хүчин зүйлээс хамгийн их хамааралтайгаа онцлогтой. Газар хөдлөлт, цунамитай харьцуулахад эрсдлээ хүн өөрөө удирдаж болдог учир гадныхан манай зудыг нэг л сайн ойлгож өгдөггүй гэсэн. Их цас унах, хүйтрэх нь дэлхийн олон оронд тохиодог үзэгдэл бөгөөд тэглээ тэд манайхан шиг өвлийг зуд, зудыг гамшиг, гамшигийг үл дийлдэх хүчин зүйлийн хэмжээнд авч үздэггүйгээрээ ялгаатай. Тиймээс зудыг “монгол маягийн гамшиг” ч гэж хэлж болох юм.

Нөгөөтэйгүүр зуд нь нүүдэлчин монголчуудад ялгавартай хандаад байх шиг. Аль төлөвлөлт тооцоо муутай, залхуу малчны хотонд илүү тухлах дуртай. Харин айсуй өвөлд алсаас бэлдэж, өвс тэжээлээ хангалттай базаан, өөрөө өөрийгөө аваад явчих арчаатай нэгнээр тэр бүр оролдоод байдаггүй.

Аймаг, сум, багын Засаг дарга нар ч битүүхэндээ зуданд элэгтэй. Намрын тайландаа өвөлжилтийн бэлтгэл 80-100 хувьтай хангагдсан дүн мэдээ ирүүлдэг мөртлөө анхны цаснаар л аврал эрэн хашгирдаг. Бодит байдлыг тавин хувь хүндрүүлж, болохоо байвал мал төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн “авралын” заалтаар түрээ барихаа ч андахгүй. Түүнийг нь ард түмэн, малчин олныхоо төлөө гал руу үсрэхээс ч буцахгүй эх оронч төрийн түшээд өлгөн авч телевизийн камерын өмнө “Малчдад хэн нь илүү хайртай вэ” реалити шоу зарлан өрсөлдөж эхэлнэ. Ингээд л гахайн ханиад, эх нялхсын эндэгдлийг бууруулахад олддоггүй хөрөнгө мөнгө ямаа үржүүлэхэд, мах борлуулахад, малчдад саван шампунь худалдаж авч тараахад урсаж өгнө. Байчихаад малчдын тавьсан зээлийг татварын мөнгөөр төлөх хуулийн төсөл ч яригдаж байна. Уул нь “Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү дурын хэрэг” гэгчээр малтай иргэд хувийнхаа өмчийг банкиндаа барьцаална уу, тогоогоо тосолно уу, мах сүүгээ өндөр үнээр худалдаж авдаг хотын бидэнд төдий л хамаатай бус.

Хэрэв энэ хууль батлагдчихвал эрсдэлтэй бараа буюу зуданд хэзээ ч үхэж болох мал барьцаалж зээл өгсөн арилжааны банкнуудын үүрэх хариуцлагыг татвар төлж байгаа жирийн иргэд үүрч таарах нь. Энэ мэтээр төр засаг алаг үзэлтэй, айлын үрэлгэн авгай шиг зан гаргаад байвал иргэн бид татвараа төлөхөө больчихмоор байна. Даанч сумын засаг даргад өвсний, аймгийн дарга нарт тээврийн бизнес авчирч, нутгийн зөвлөлд сонгуулийн нэр хүнд, намын гишүүдэд хувийн “пи-ар” бэлэглэдэг зуд гээч “ачтан” илүү хүчтэй бололтой.

Нөгөөтэйгүүр “малчдад туслах” нэрийн дор хандив тусламж зохион байгуулж байгаа хүмүүс ч цугласан хөрөнгөнөөс “дансны аргаар” идэж буйг үгүйсгэх аргагүй. Гишүүдийнхээ татвараас өөр санхүүгийн эх үүсвэргүй жалга довны зөвлөлүүд дундаас нь баахныг зувчуулж, хүргэж яваа “энхийн элч” нар завсраас нь жаахныг зохицуулаад, тарааж хуваарилах эрх бүхий эвэртэн туурайтнууд үлдсэнээс нь өчүүхэн тоншдог гэх яриа мэр сэр дуулддаг. Барин тавин үзүүлчих баримт үгүй ч хандив тусламж хаагуур ороод, хэний гарт хэрхэн очиж байгааг эргээд нэгбүрчлэн тайлагнаагүй цагт иймэрхүү хардлага сэрдлэг гарах нь зүйн хэрэг.

Түүнчлэн цасанд боогдсон сумдад өвс тэжээл хүргэх машинууд замдаа сууж, араас нь аврахаар мөн тооны машин техник түлш шатахуун зарцуулан, хүрэх тусламжийн үнийн дүнгээс илүү үргүй зардал гаргаж буй мэдээ орон нутгаас ирсээр байгаа. Аймаг, орон нутаг өөрсдөө өвс тэжээлийн фонд хангалттай бүрдүүлэхийн оронд төвөөс тусламж дуудаж, тэр болгонд мянгаад км-ийн холоос малчдад өл залгуулахаар хөрөнгө урсгаж, хөл болж явахын оронд нэн шаардлагатайг нь нисдэг тэргээр хүргээд явчихвал олон машины цуваанаас арай л хямд тусна. Гагцхүү хүмүүсийн хувийн тоглолтод л жаахан ашиггүй байх.

Бид л сүүлийн гучин жилд тохиогоогүй гамшиг учирлаа хэмээн сүржигнээд байгаа болохоос монголчууд түүхэндээ цөөнгүй зудын нүүр үзэж, хүнд хүчир өвлийг даван туулж ирсэн. Гэтэл зуданд дулдуйдсан бидний энэ мэт араншин учирсан хохирлыг улам дэврээж байна. Байгалийн зудаар бамбай болгон, ашиг сонирхол, улстөр, нэр хүндэд ашиглаж байгаа хүмүүст төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсаны хэлсэн гуравхан үгийг сануулчихмаар байна. 1960-аад оны дундуур зудтай сумд руу төлөөлөгчид явуулах тухай хэлэлцсэн нэгэн чухал хурал дээр Ю.Цэдэнбал дарга Ж.Самбуу даргаас ямар бодолтой байгааг нь асуухад тэрбээр хэсэг чимээгүй сууснаа "Зудан дээр зуд" хэмээсэн байдаг. Үнэндээ том дарга нар очлоо гээд зуд арилахгүй, харин ч нөгөө аймаг, сумын Засаг дарга нар нь дагаж намиран ажлаа алдаж, байгаа хэдэн төгрөгөө төлөөлөгчдийн хоол хүнс, бензин шатахуун, архи дарсанд өгөөд дуусгах учир бөөн зардал чирэгдэл болох нь тодорхой. Одоо орон нутгаас сонгогдсон гишүүн бүр чуулган завсарлав уу үгүй юу зудын голомтод очихоор зэхэж байгаа. Тэднийг дагалдаж нутгийн зөвлөлийнхөн, аймаг орон нутгийн удирдлагууд хөдөөгүүр явна. Энэ мэтээр зудан дээр зуд бологсод байгалийн гамшигийг байгаагаас нь хоёр дахин хүндрүүлэх юм даа.

/"Мм" 2-р сарын 4/

Monday, February 1, 2010

Газар хөдлөлтийн айдас ба Гаитигийн сургамж

Байгалийн давагдашгүй хүчин зүйл дотроос хамрах талбай, халдах уршигаараа хамгийн хөнөөлтэй нь газар хөдлөлт гэгддэг. Азаар манай улс түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хэдэн тохиолдлыг эс тооцвол байгалийн энэ гамшигт харьцангуй бага өртөж иржээ. Харин сүүлийн үед "Дайны хажуугаар дажин" гэгчээр ойрын хэдэн жил тохиогүй зуд турхантай зэрэгцээд нийслэлд газар хөдлөх мэдээ олныг түгшээх болов.

Ингэж айх ч бүрэн үндэслэлтэй. Хориодхон хоногийн өмнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 км зайд 5.1 магнитут газар хөдөлсөн бол Улаанбаатарт 3-5 баллын хүчтэй мэдрэгдсэн. Ер нь манайд газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа төдийгүй тодорхой давтамж үүсчихээд буйг шинжлэх ухааны байгууллагууд ч анхааруулж байгаа. Одон орон, геофизикийн судалгааны төвийн мэдээллээр Эмээлт өртөөнөөс Өлзийт хорооллын баруун хэсэгт 9-10-н балын, зүүн хэсэгт 8-9 баллын, түүнчлэн Хустайн нурууны урд хэсгийг дагнасан хэсэгт 9-10 баллын хүчтэй газар хөдөлж болзошгүй аж. Тэд энэ талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн бөгөөд Хустайн нурууны газар хөдлөлт нийслэлд 8-9 баллын хүчтэй мэдрэгдэх гэнэ. Гэхдээ газар хөдлөх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй учир яг хэдийд гэдгийг хэлж чадахгүй байгаа аж. Тойм баримжаа гаргахын тулд гурван тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгтэй гэж байв.

Хэдийгээр хүн гэдэг амьтан байгалийн "агсамнал"-ыг зогсоож чадахгүй ч түүнийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдэг хамгаас чухал. Улаанбаатарт энэ хэмжээний газар хөдөлбөл тэсч үлдэх барилга байшин бараг байхгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт сэтгэл сэрдхийлгэж байгаа энэ үед сэтгэлээ чилээж, тархиа гашилгаж суух ёстой төр засаг, холбогдох байгууллагууд ажин түжин байгаа нь "Сүх далайтал үхэр амар" гэгч болж байна.
Ертөнцийн нөгөө бөөрөнд Гаити хэмээх арлын жижиг улс газар хөдлөлтийн гамшигт бүрэн нэрвэгдэж, дэлхий нийт тэрхүү үндэстний хувь заяанд санаа зовинож буй. Улстөрийн зөрчил, дотоод тэмцэлдээ туйлдаад байсан тэр улсыг байгалийн "гэсгээл" мөддөө өндийхгүй болтол нь навс ниргэж, үй олны хүний амийг авч одсон. Одоо олон улсын байгууллагын тусламж дэмжлэг, хүмүүнлэгийн өглөг төдийхнөөр амь зогоож буй тэднийг бэлхнээ харсаар байж бид юу хийж байна вэ?

Өвөл болохыг мэдсээр байж өвс тэжээлээ хангалттай базаагаагүй малчиддаа хошуу дэвсэн, өөр хоорондоо сандал ширээ албан тушаал булаалдан маргаж суух зуур үнэхээр тэр аюулт үзэгдэл болвол яах вэ? Ядаж л бидэнд ямар ямар барилга газар хөдлөлтөд тэсвэргүй талаарх бодитой судалгаа, хэрэв гамшиг тохиолдвол хэрхэх тухай тодорхой төлөвлөгөө байна уу? Эсвэл заавал байшин нурж, хүн эндэж байж сэрж сэхээрэх гээд байна уу? Үгүй бол газар хөдлөх нь яг тогтоогдоогүй, таамаг төдий болохоор үл тоож байна уу?
Улаанбаатарын барилгуудын 60 гаруй хувь нь найман магнитутын газар хөдлөлийг тэсвэрлэх боломжгүйг ОХУ-ын Сибирийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд зургаан жилийн өмнө тогтоож байжээ. Түүнээс хойш чанаргүй барилгын тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Дээрээс нь нийслэлд 50, 60 жил болж буй барилга өчнөөн бий, ядаж байхад бүгдээрээ шахам бөөрнөөсөө нүхлэгдсэн, даацын ханаа нураалгасан байшингууд хэтрүүлж хэлбэл дөмөгхөн салхинд дашираараа яваад өгөх аюултайг ам дамжин ярих төдий. Үгүйдээ л улсын комисс хүлээж аваагүй 100 гаруй барилгад хүн амьдарч, зочид буудал, худалдаа үйлчилгээ явуулсаар байгаа. Газар хөдөлсөн, хөдлөөгүй чанаргүй барилга алсдаа ямар урхаг авчирахыг хэн бүхэн хэлүүлэлтгүй мэддэг атлаа хойргошиж, хойш суусаар юу хожих бол. Урдчилан сэргийлэх гэдэг нь муу амлахаас ялгаатай л баймаар.

/"Мм" 2-р сарын 1/

Улстөр амилах цагаар

Хамтарсан Засгийн газрын далбаан дор харьцангуй нам гүмхэн оршиж байсан Монголын улс төрийн амьдрал сүүлийн хэд хоногт сүрхий хөдөлгөөнд орж бужигнан, будаатай шөл шиг буцлах янзтай болов. Зудтай өвлийн зузаан цастай зэрэгцэн дагтаршиж эхэлсэн энэхүү үйл явц Монголбанкны удирдлагуудын халаа солио тойрсон үйл явдлаар дөрөөлөн нийгэмд хүчтэй мэдрэгдэж байна.

Төв банкны дэд Ерөнхийлөгч нар үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ нэгэн зэрэг гаргаж шийдүүлсэн учир оронд нь хэнийг томилох вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Дараагийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан нам Н.Золжаргалыг, дэд Ерөнхийлөгчөөр МАХН Б.Жавхланг томилуулахаар оруулж ирсэн ч МАХН-ын бүлэг АН-ын санал болгосон хүнийг дэмжээгүй. Энэ талаар тус намын бүлгийн дарга албан ёсоор мэдээлээгүй ч бүлгийн гишүүд ингэж ярьж байгаа юм. Хэрвээ энэ нь үнэн бол баргийн юмыг ажралгүй, ах намтайгаа нэгэн дээвэр дор эвтэй найртай “аж төрж” байсан АН-д цочроо өгч, цаашид дараагийн сонгуульд хүртэлх үлдэж буй хугацаанд сөрөг хүчнийхээ дүрд тоглох чиг хандлагатай боллоо гэх таамаг чих дэлсэх болов. АН-ынхан УИХ-ын чуулган дээр МАХН-ын бүлгийнхэн нэр дэвшигчийг нь унагаавал дараагийн нэр дэвшигчээр цагтаа төв банкийг удирдаж явсан Ж.Үнэнбатыг сойж магадгүй байна. Хэрвээ тэгвэл Н.Золжаргалтай харьцуулахад харьцангуй олонхийн дэмжлэг авахаар байгаа юм. Хэдийгээр өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Н.Золжаргал, Б.Жавхлан нарыг хоёуланг нь дэмжээд байгаа боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. Төв банкны удирдлагуудын томилгоотой зэрэгцээд банкны салбарын алдаа оноо хүчтэй сөхөгдөж, санал шүүмж өрнөж байгаа. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн суудлыг ганхуулах хэмжээнд хүрч болзошгүй байсан ч энэ удаа дэдүүдийн сэлгээгээр халхлагдаад өнгөрөх төлөвтэй байна.

Дээрх үйл явдлын хажуугаар МАХН, АН-ын тус бүрийн тогоон доторх дотоод зөрчил хүчээ авч байгаа нь эдгээр нөлөө бүхий улс төрийн хүчний зарим нэг гишүүний үг үйлдлээр илэрч байна. Улирч буй долоо хоногийн эхээр УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан “Ардчилсан хүчний холбоо” гэх ТББ байгууллага мэндэлсэн нь үүний нэг илрэл байв. Хэдийгээр энэ холбоо нь “Монголоо шинэчлэе” уриатайгаар ардчилсан үзлийг дэмждэг хүн бүрийн эрх ашгийн төлөө үйлчлэнэ гэж байгаа боловч цаагуураа нам дотроо чигийг заагч “Алтангадас” бүлэглэлийн хүчийг сааруулж, “МАХН-тай нэг хөнжилд орсон” гэж нэг нэр, хоёр хоч зүүх болсон намынхаа нэр хүндийг аврах зорилготой байж магадгүй байна. Тэд намынхаа Үндэсний зөвлөлдөх хороонд цус сэлбэхээр ирэх гуравдугаар сард болох ротацийн сонгуулиас урьтаж “Алтангадас” болон МоАХ, "Мүдняк"-ын талынхантай тулж ажиллахаар ханцуй шамлаж эхэлжээ. Ингэснээр тус намын дотоод бүлэглэлүүдийн “тогоон доторх нанчилдаан” идэвхжиж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. З.Энхболдын бүлэглэлд багтсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ардчилсан хүчний холбоо бол нийгмийн захиалга” хэмээн мэдэгдээд “Ардчилсан намд төлөвшил хэрэгтэй. Гэхдээ илүү нээлттэй байж, бодлого тодорхойлох чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Албан тушаал, ширээ сандлаар олонхийг бүрдүүлж, олон урьгалч үзлийг боомилох явдал гарах болсныг зогсоох нь зүйтэй” хэмээсэн нь дээрх таамаглалыг баталж байгаа юм.

Харин МАХН-ынхан АН-тай харьцуулахад өнгөн талаасаа ажин түжин байгаа хэдий ч өнгөр дотроо нэлээд хөдөлгөөнтэй байгаа аж. МАХН-ын удирдах зөвлөл намынхаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар хэлэлцүүлэг, санал асуулга, судалгаа явуулаад завгүй байгаа. 2010 оныг “Ард түмнээ сонсох жил” болгон зарласан тус нам дотоод ардчилалгүй гэдэг нэрээсээ салахын тулд нам доторх жигүүрийн байр суурийг ойшоон үзэх болжээ. Гэхдээ намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэх шалтгаанаар улс төрөөс түр хөндийрсөн нь тус намыг эзэнгүйдсэн мэт харагдуулж буй. УИХ дахь тус намын гишүүдээс, тухайлбал Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу нар үүнд шүүмжлэлтэй хандаж “Бид ингэж эцэггүй хүүхдүүд шиг байж болохгүй. Бодлого хэрэгжүүлэх, наад зах нь л гэхэд томилгооны асуудал ярих болоход намын дарга байдаггүй. Ингэснээрээ төрийн машин гацаж, нам хоёр хуваагдах дээрээ тулаад байна. Одоо Ерөнхий сайд Сү.Батболдод түүнтэй дүйцэхүйц эрх мэдэл олгож, стандарт ёсоор ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. Энэ нь нэн даруй намын даргыг солих явдал юм. Шулуухан хэлэхэд Монгол төрд үгүйлэгдэж байсан зоримог бодлогуудыг боловсруулж эхлээд байгаа түүнийг МАХН-ын даргаар сонгох нь зөв гэж бодож байна. Авахаараа авдаг, өгөх болохоороо өгч чаддаггүй стандарт бус сэтгэлгээнээс бид татгалзах цаг болжээ” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байна. Ер нь тус намд нэн даруй Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлаа хийн, цаашлаад Их хурлын товыг зарлахыг шавдуулж буй гишүүн олон байна. Тэд үүнийгээ жигүүр хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлсээр байгаа юм.

МАХН-ын гишүүд сүүлийн үед намын шинэчлэлтэй холбоотой асуудлаар нэлээд хүчтэй дуугарч, хэвлэлд ярилцлага өгөх төдий бус өөрсдийн нэрээр нийтлэл бичиж байр сууриа илэрхийлэх болов. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 25-ны дугаарт “МАХН орших уу, эс орших уу” гарчигтай өгүүлэл нийтлүүлж, “Өнөөдөр манай нам үзэл баримтлал, урт хугацааны хөтөлбөрийг дэвшүүлснээрээ биш бүлэглэлээрээ наймаалцан асуудлыг шийддэг болсон нь нууц биш. МАХН дотор албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж ил тод үйл ажиллагаа явуулдаг ганцхан жигүүр бий. Бусад нь голдуу бизнесээрээ нэгдсэн явцуу бүлэглэлүүд. Эдгээр бүлэглэл эрх ашгаа намын эрх ашигтай цаашлаад улс орны амин чухал асуудлуудтай хутгаж чаддаг нь харамсалтай. Үүнээс салж чадахгүй бол бид хөгжихгүй” гэх мэтээр намын өнөөгийн үйл амьдралдаа нэлээд шүүмжлэлтэй хандаж засч залруулах тодорхой санал дэвшүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үнэн” сонины энэ долоо пүрэв гарагийн дугаарт хүний эрхийг дээдлэх асуудлаар бичсэн “Нийгэмд үүрэгт тулгуурласан хандлага үгүйлэгдэж байна” нийтлэлдээ тодорхой нэг нам эвсэлд хандаагүй ч “Манай зарим улстөрч бvлэглэлийн зvгээс зөвхөн улстөрийн ашиг хонжоо олох зорилго, сонирхол давамгайлснаас нийт иргэдийн эрх, эрх чөлөөг тэгш хангах ардчиллын зарчим ярихаасаа гэмт хэрэг, ял шийтгэлд холбогдсон хvний эрхийг сөхөн тавих төдийгөөр хүний эрхийн асуудалд хандаж байна” хэмээжээ. Мягмар гарагт хуралдсан МАХН-ын бүлгийн хуралдаанаар ч намынхаа дотоод асуудлаар нэлээд удаан маргалдсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Байр сууриа илэрхийлж байгаа УИХ-ын гишүүд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд удаа дараа сонгогдсон, архаг хуучуулын дэргэд нам дотроо нөлөө багатай ч ийн үгээ хэлэх болсон нь нэгийг үгүйлж байна. Салхилж буй улс төрийн цаг агаарын цаана бүлэглэл, жигүүр, хөдөлгөөн, хүчнүүд тойрсон тоглолтууд хүчээ авах шинжтэй.

/"Мм" нэгдүгээр сарын 29/

Саналын хулгай

“Монголын парламент ингэж ажилладаг...” гэсэн тайлбар бүхий бичлэг www.youtube.com сайтад тавигджээ. Нээгээд үзвэл УИХ-ын эрхэм гишүүдийн хууль баталж байгаа үйл явцыг Я.Отгонбаяр гэдэг зураглаачийн хальсанд бууснаар оруулсан байх юм.

Чуулганы танхимын самбар дахь он, сар, өдрөөс харахад саяхны хуралдааны бичлэг бөгөөд ирц ба санал хураалтын тоо алд дэлэм зөрүүтэйгээр хууль баталж байв. Танхимд ердөө хорь хүрэхтэй үгүйтэй гишүүд байх атал байгаа нь байхгүй нэгийнхээ өмнөөс товчлуур дарсаар санал хураалтад 44 гишүүн оролцож, 40 нь зөвшөөрч, дөрвөн гишүүн татгалзсанаар уг асуудал дэмжигдэж байна. Нэг гишүүн 2-4 хүнийг төлөөлж санал хураалгасан ба АН, МАХН гэлтгүй бүгд л дор бүрнээ жуумалзан, хавь ойрынхоо эзэнгүй суудлын кнопийг дарсаар. Дунд нь ерөнхий сайд маань ч инээгээд сууж байх шиг. Хачирхалтай нь УИХ-ын дарга үүнийг харсан атлаа хараагүй мэт алхаа цохиж байх юм.

Ер нь хурал “хаясан” хэдийнхээ өмнөөс үлдсэн хэд нь давхар санал өгдөгийг манай парламентын түгээмэл дүр төрх гэж хэлж болно. Албан тушаалаас огцруулах, томилохоос бусад асуудалд гишүүд ихэнхдээ тоомжир муутай ханддаг бөгөөд орж ирж ирцээ бүртгүүлчихээд сонин гарчиглаж сууж байгаад гараад явчихдаг. Санал хураах болохоор гишүүдийг дуудаж авчрах буюу туслахуудаар нь уриулж залуулах хэрэг гарна.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн хуралдаанаар Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэх үеэр гишүүд аанай л ингэж аяглав. Төслийн хувьд нэлээд тулгамдсан, ойрын гурван жилд ямар ямар объектийг хувьчилж төрийн мэдлээс хувийн хэвшилд шилжүүлэх, цаашид ер нь өмч хувьчлалын оновчтой бодлого чиглэл юу байх тухай нэлээд ач холбогдолтой асуудал байлаа. Гэтэл танхимд суугаа арав гаруй гишүүн санал хураахад хангалттай ирц бүрдүүлж чадахгүй байсан учир УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг танхимд орж ирэхийг хэд хэдэн удаа зарлаж, залсны эцэст эрхмүүд уван цуван суудлаа эзэлсээр 25 гишүүн санал хураалтад оролцлоо. Гэвч хэд хэдэн гишүүн ойр хавийнхныхаа өмнөөс санал өгсөөр самбарт 48 хүн санал хураалтад оролцсон мэтээр бүртгэгдлээ.

УИХ-ын хууль баталсан бүх үйл явц Тамгын газрын протоколд үлдэж, баримт болж архивлагддаг. Шинжээчид тухайн асуудлыг хэлэлцэх үед гишүүд ямар байр суурьтай байсан талаар дүгнэлт гаргахдаа дээрх баримтыг иш үндэс болгодог. Гэвч энэ мэтийн саналын “хулгай” хэр зөв баримт болж үлдэхийг хэлж мэдэхгүй юм. “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг шиг гишүүд ч үүнийгээ хулгай, булхайн хэмжээнд авч үздэггүй бололтой.

Нөгөөтэйгүүр, хууль хэлэлцэх нь төрийн энэ институцийн үндсэн үүрэг. УИХ-ын Дэгийн тухай хуульд 76 гишүүний тавин хувь нь буюу 39 хүний ирц бүрдсэнээр санал хураалт явуулах нөхцөл бүрдэх ёстой. Түүнчлэн бусдынхаа өмнөөс санал өгч, өөртөө ашигтай байдлаар кноп дарж суух нь эрхэм түшээдийн Ёс зүйн дүрмийн ашиг сонирхолтой холбоотой заалтыг зөрчиж буй. Гэвч аливаа хуулийг ариутган шүүж, тогтоон хэрэгжүүлэх үүрэгтэй эрхэм түшээд өөрсдөө хууль зөрчин хуулиа баталж байгаа нь тэдний ширээнээс “хууль бус” шийдвэр төрж буйтай агаар нэг юм.

“Монголын хууль гурав хоног”, “хууль гууль болох” гэх мэт хэлцүүд чухам эрхэм түшээдийн энэ мэт хариуцлагагүй үйлдлээс ч улбаатай байж болох юм. Ер нь УИХ-ын Тамгын газраас сар бүр гаргадаг ирцийн мэдээллээс харахад цөөнгүй гишүүн чуулганы хуралдаандаа идэвх султай оролцдог. Хуулиар бол Монгол Улсын Ерөнхийлөгч л чуулганы хуралдаанд тааллаараа суух, үг хэлэх эрхтэй байдаг болохоос биш эрхэм гишүүдийг дуртай хэлэлцүүлэгтээ ороод, дургүйгээ үл тоохыг зөвшөөрсөн зүйл заалт хаана ч үгүй. Жирийн нэг албан хаагч ажлаа тасалбал цалингаа хасуулахаас эхлээд халагдах хүртэл арга хэмжээ авах шийтгэлтэй. Харин үг яриа, үйл хөдлөлөөрөө үлгэр жишээ болж байх учиртай УИХ-ын гишүүдэд иймэрхүү хууль үйлчилдэггүй бололтой. Хаа сайгүй "хариуцлагагүйн зуд" нүүрэллээ хэмээн ярих болсон одоо үед Монголын төрийн эрх барих дээд байгууллага иймэрхүү маягаар ажлаа явуулж байвал хууль хэрэгжүүлэх, хариуцлага тооцох тухайд яриад ч хэрэггүй юм шиг. Хэрэв тухайн хуулийг хэлэлцсэн үйл явц хууль бус бол уг хууль ч хүчин төгөлдөр биш байх учиртай гэдэг ухагдахуунаар эрхэм та дараах бичлэгийг үзээд нэгийг тунгаагаарай.



/"Мм" нэгдүгээр сарын 28/

Нэг удаа ч болов бүрэн ниргэхээс нь өмнө хашгиръя

Бурууг бусдаас хайж, “хариуцлага” гэдэг үгээр хар амиа хайцаалж, маргаж мэтгэлцэж суух цаг алга, эрхэм гишүүд ээ. Нэгдүгээр амаржих газар гарсан нярайн халдвар, түүнээс болж дөнгөж мэндлээд хорвоог орхисон дөрвөн нялх аминаас өөр ямар аваарын дохио, аюулын харанга, баримт нотолгоо хэрэгтэй юм бэ? Одоо дахиад амь амьдрал нь хаашаа ч эргэж мэдэх арав гаруй нялх үрс сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Амаржихаар ирж буй хэдэн арван эх сэтгэлдээ айдастай, зүрхэндээ түгшүүртэй байна.

Үүнээс илүү эмгэнэл гэж юу байхав. Төрөх газрын үүдийг нь барьж, даргыг нь солилоо гээд асуудал нэгэнт эв зүйдээ орохгүйгээс хойш хоосон улстөржилт, ашиг сонирхол, албан тушаалын өрсөлдөөн, хувийн амбициа түр хойш нь тавиад сэхээрсэн дээрээ дөрөвдүгээр амаржих газрыг даруй барьж байгуулъя. Тэгэхгүй бол нярайн халдвар тойрсон энэ дуулиан шуугиан хэсэг яригдаж байгаад л намжиж, дараагийн сенсаацид зайгаа тавьж өгнө. Харин эрүүлжүүлэхээс дээргүй нөхцөлтэй амаржих газрууд ачааллаа хэтрүүлэн ажилладагаараа ажиллаж, эх нялхсын эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэгээрээ дэнжигнэсээр үлдэх болно.

Сүүлийн тав зургаан жил дамжин ярьсан дөрөвдүгээр амаржих газрыг байгуулахад 19 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Их наядаар эргэлддэг төсөвтэй бидэнд тийм ч их тоо сонсогдохгүй байгаа биз. Ялангуяа 76 гишүүн тус бүрдээ хөрөнгө оруулалт нэрээр тойрогтоо тэрбум төгрөг шийдүүлсэн гэхээр хотоос сонгогдсон 25 гишүүний мөнгө шинэ амаржих газар байгуулахад хангалттай хүрнэ. Бүр илүүгээр нь хагас зууны настай гурван амаржих газраа, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвтэй нь иж бүрэн засварт оруулж, ядаж л дусаал гоожихгүй, бохир халихгүй төрөх өрөөнүүдтэй болгож болно. Та бүхний мэдлийн тэрбум төгрөг төсөвт өөр нэрээр, өөр зориулалтаар, өөр багцад суугаад батлагдчихсан байж болно. Гэвч амь тулсан үед тодотгол хийгээд зориулалтыг нь өөрчилчихөж өлхөн чаддаг улс шүү дээ, та нар. Тэр авьяас чадвар, овсгоо самбаагаа яг энэ цаг мөчид л гаргаж хайрла. Оюутолгой, орон сууц, хүн болгонд өгөх 70 мянган төгрөгөөс илүү одоо эс хийвээс оройтох ажил гэж байдаг юм байна. Энэ асуудал зөвхөн хотынхонд ч биш, бараг жар, далан хувь нь нийслэлд нүүгээд ирчихсэн сумын төвд орон нутгийн дэд бүтэц нэрээр баахан хөрөнгө урсгаж, дахин сонгогдохын тулд нүдэнд үлдэцтэй юм хийхээр эмнэлэг сургууль барьж суудаг хөдөөгийн түшээдэд ч хамаатай. Нийслэлээ утаагүй, иргэдээ ядууралгүй болгоно гэх холын мөрөөдөлд автаж, хоосон найдахаа больё. Зүгээр л тэр амаржих газрыг нь Яармагт байна уу, Таван шард байна уу хамаагүй, барихаа л бодъё. Гагцхүү шаардлагатай хөрөнгө мөнгө, барьж гүйцэтгэх аж ахуйн нэгжийг элдэв булхай, будлиангүйхэн шиг тодруулаад л өгчих.

Чухамдаа манай улсад сүүлийн хорин жилд улсын мэдлийн эмнэлэг нэг ч нэмж баригдаагүй. Байгаа хэдийгээ ерээд оны эхээр төрөлт багассан гэх нэрийдлээр цомхотгож, танаж, орон тоо, ор дэвсгэрийг нь цөөлсөн. Тэгээд ч зогсохгүй тухайн үеийн эмнэлгийн дарга нар хэт бизнес сэтгэлгээгээр хандаж илүү дутуу өрөө тасалгаа, нүх сүв болгоноо хувийн эмнэлэг, эмийн сан, аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлчихсэн. Нэгдүгээр амаржих газрын бүхэл бүтэн нэг корпусыг 20 орчим хувийн хэвшил эзэмшдэг байна. “Хүйн халдвар гарлаа, одоо яанаа ийнээ, төр засаг харж үзэхгүй байна” хэмээн халаглаж харамсан зурагтаар яриад байгаа эрхмүүд, нэртэй төртэй зөвлөх эмч нарын хувийн эмнэлэг ч тэдэн дунд томоохон байр суурь эзлэнэ. Төрөх эмнэлэгтэй залгаад хувийн орон сууцны компаниудад зөвшөөрөл олгож, бөөрөөрөө нийлсэн барилга барьж байгааг ч хэлэх юун.

Сүүлийн арав гаруй жилд, тодруулбал 2000 оны эхнээс төрөлт нэмэгдэж, тэр цагаас л аль 1959 онд баригдсан төрөх эмнэлгийг засварлах, шинээр төрөх эмнэлэг барих зайлшгүй шаардлага тулгарч эхэлсэн ч нам дагаж томилогдсон сайд нар, тэдгээрийн үзэмжээр томилогдсон дарга нар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ганцхан тоо дурдъя. Нэгдүгээр амаржих газарт 2001 онд 5000 эх төрж байсан бол өнгөрсөн онд 10773 эх төржээ. Төрж буй эхчүүдийн тоо даруй хоёр дахин нэмэгдчихээд байхад эх баригч эмчийн орон тоо, төрөх орны тоо, нэг эхэд зарцуулах 6000 төгрөгийн зардал гээд бүх юм нь бахь байдгаараа. Цаг үеэ мэдэрч, сонор соргогоор ажиллаж, асуудлаа гарган тавьж шийдүүлж чадахгүй удирдлагуудын харгайгаар өнөөдөр Монголын аль ч эмнэлэгт яваад орсон хүнд суртал, дараалал, ачаалал, бухимдал, эдгээрээс үүдсэн авлига хээл хахууль түгээмэл үзэгдэл болсон. Хүүхдээ төрүүлэх гэж байгаа эхчүүд эх баригчдаа царайчлан гүйж, мөнгө төгрөг, чихэр жимс атгуулан, хажуугаар нь тэдний ааш аягийг хөдөлгөхгүй гэж сэтгэлээ зовоодог явдал магадгүй зөвхөн манайд л байдаг байх.

Асуудлын гол нь ганц төсөв хөрөнгөдөө биш. Эрүүл мэндийн салбар нь улстөрийн “ханиад”, сайдын “томуу”, бялуу хуваарилалтын бялуурлын хамгийн том талбар болдог газар. 2004 оноос хойш зургаан жил хүрэхтэй үгүйтэй хугацаанд энэ салбарт Т.Ганди, Л.Гүндалай, Д.Туяа, Д.Бат-Сэрээдэн, С.Ламбаа нарын таван сайд солигдож ажиллажээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Д.Бат-Сэрээдэнгээс бусад нь энэ салбарын тогоонд төдий л буцалж байгаагүй хүмүүс. Зарим нь бүр тэс хөндлөн мэргэжилтэйг дурдах илүүц биз. Ямартаа ч нам дагаж томилогдсон сайд нар ажлаа мэдэхгүйгээс ийм онцгой газруудад анхаарлаа төвлөрүүлж, дэмжлэг үзүүлээгүй гэх шүүмжлэл нийгэмд хүчтэй өрнөж байна. Сайд болгон өөрсдийн хүнийг томоохон эмнэлэгүүдэд “хуваарилна”. Очсон дарга нар багаа бүрдүүлнэ, халаа сэлгээ хийнэ. Жишээ нь, Улсын төв клиникийн дарга л гэхэд 2005 оноос хойш дөрвөн удаа солигдсон байх юм. Ингэж ширээ сандлын асуудалтай зууралдаж байгаа тэдэнд салбарын тулгамдсан асуудлыг бодитойгоор гаргаж тавьж, араас нь хөөцөлдөж, шийдүүлж, хэрэгжүүлэх цаг хугацаа хийгээд хүсэл сонирхол байсан юм болов уу гэж эргэлзэхээр. Энэ мэт эрүүл мэндийн салбарт өөрчлөх, засч залруулах, нэг үгээр хэлэхэд хатгийг нь шахаж, бэтгийг нь эмчлэх олон асуудал бий. Тоочоод, тоолоод явахдаа биш сэжүүр гарч, сэхээ авсан дээр нь эв зүйд нь оруулахын тулд тэрхүү тогтолцооны гажиг гээчийг эмчлэх хэрэгтэй болжээ. Гэхдээ энэ бүхэн дараагийн асуудал. Нэн түрүүнд, эхэнд өгүүлсэнчлэн шинэ амаржих газрыг даруй барьчихвал ирээдүйд мэндлэх иргэдэд том буян болох юм. Улстөрийн зориг байвал улстөрд болохгүй зүйл гэж үгүй гэдэг. Төсөв шийдэж, хөрөнгө хуваарилдаг түшээд нэг удаа ч болов улстөрийн зориг гаргаж, ниргэсний хойно биш өмнө нь хашгирах шийдвэр гаргаасай.

/"Мм" нэгдүгээр сарын 26/

"Дэвжих төрийн дээл..." гэдэггүйсэн билүү?

Би монгол хүн. Нийслэл нь утаатай, нийгэм нь бухимдалтай, төсөв нь төсөрхөн, түмэн нь тарчигхан ч надад үндэсний гэх бахархал, өнө эртний уламжлал, түүх соёл, хувцас эдлэл, бичиг соёл бий. Төв суурин газар төрж өсөөд, түүндээ тохирсон орос зүгийн хувцас голдуу өмсдөг надад баяр ёслолоор гаргаж салхи оруулдаг тэрлэг, хантааз, бас хурган дотортой сэгсүүргэн дээл байгаа. Өвөг дээдсээс уламжилж ирсэн үндэсний хувцсаараа гоёх минь жилдээ тоотой ч, төрсөн цагаасаа л буруу энгэртэй бариувч өмсөж хүн болсноо сайн санадаг. Өвчин жаахан ороомтгой, айлын ганц энхэр хүүхдүүд бол ялангуяа энгэр буруу дээлний учрыг сайн мэднэ. Орчин үеийн загвар дагаж хувцаслах дуртай болсон ч айлд бэр болж очихдоо гэрээсээ дээлтэй л гарсан. Баруун аймгийн заншлаар босго давсан надад хадмынхны хамгийн түрүүн өгсөн бэлэг, өмсүүлсэн хувцас нь дээл л байсан.

Цагаан сар болгоноор хүүхдүүдээсээ дээлийн өнгө бэлгэнд авдаг эмээ маань бурхан болсон өвөөгийн үстэй дээлтэй зурагны өмнө байнга л зул барьж суудаг. Дөрвөн жил оюутны ширээнд дэгжирхэж явсан залуус төгсөхдөө монгол дээлээрээ гоёдог. Энэ мэт төдийгөөс өдий хүртэлх бүх монгол хүний ахуй амьдралын цаг мөч бүхэн дээлтэй салшгүй холбоотой. 24 үндэстэн ястнаас бүрддэг Монгол Улсын хаана ч очсон дээлийг Монголын үндэсний хувцас гэж ам бардам хэлнэ.

Гэтэл эртний түүхтэй, өв баялаг уламжлалтай үндэсний хувцсанд маань хятадууд санаархаад эхэлжээ. Эхлэхээр барахгүй Хятадын Засгийн газраас монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх бэлтгэлээ базааж дууссан гэнэ. Биднийг итгэж ядсаар явтал монгол дээл хятадаар овоглоход ойрхон очсоныг China Mongolian news website-д дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд “Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж. Хэрэв ЮНЕСКО монгол дээлийг хятадынх хэмээн бүртгэж, дэлхий нийтэд зарлавал дээл өмссөн хөдөөх малчин, хөрстэй бор жаалууд бүгд өвөрлөгч иргэн болж таарах нь.

2000 гаруй жилийн түүхтэй, цагтаа хувцасны хуультай байсан нүүдэлчин монголчуудад хамгийн тохиромжтой энэ хувцас тариаланчдын ахуйд яавч нийцэхгүй. Гэвч уртын дууг хагас өмчилж, “Гэсэр”, “Жангар” тууль, хөөмийг бүтэн өмчилсөн тэд монгол үндэсний дээл хувцсыг урд зүгийнх гэж бүртгүүлэхээр улайран хөөцөлдөж байгаа мэдээ чих дэлссээр буй нь монгол хүн бүрийн санааг зовоож байгаа биз. Хэзээ ч торго үйлдвэрлэж байгаагүй боловч эрт дээр үеэсээ дэлхийг байлдан дагуулж байсан монголчууд эдийн сайн, эдлэлийн үнэтэйг авчирч, ард иргэддээ эдлүүлж байсан түүх бий. Манжийн дарлалд 200 жил нухлуулан, улмаар социализмаар 70 гаруй жил замнасан бид цаг үеийн байдал, цаг уурын нөхцлийн улмаас үндэсний хувцасныхаа хэлбэр загварыг өөрчилж, хэрэглээгээ багасгасан нь үнэн. Гэвч энэ нь бусдад алдах шалтгаан биш юм. Ер нь даяаршлыг дагаж үндэсний, эртний гэх эд зүйлсээ хэрэглэхээ больсон ч бусдад алдана гэдэг буруу. Тиймээс сар шинэ, наадмаар тоотой хэд өмсдөг үндэсний баялаг хувцсаа хамгаалж үлдэн, үр хүүхэддээ өвлүүлэхийн тулд өөрийнх гэдгээ өрсөж батлах зайлшгүй шаардлага тулгарлаа.

Бүрэлдэхүүнд нь өвөр монголчууд байдгаар далимдуулж хувцасыг маань өмчлөхийг хүссэн тэд дараа нь босоо бичигт маань, бүр эрийн гурван наадамд маань санаархахыг хэн байг гэхэв. Нүүдэлчин монголчуудын сууц болох монгол гэрээ хүртэл бид өнөө хэр бүртгүүлж амжаагүй яваа нь бидний л муугийнх.

Хэдийгээр хэсэг залуус монгол дээлээ хамгаалж үлдэхийн тулд “Дээлтэй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, “Нүцгэн Монгол” болохгүйн тулд ТББ байгуулсан ч үүнд төр засгийн дэмжлэг, ялангуяа салбарын яамны оролцоо дутаж байх шиг. Ялангуяа ЮНЕСКО-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, БСШУЯ-ны Соёлын өвийн төвийнхөн эрхбиш нэгийг бодож, хоёрыг сэтгэж буй гэдэгт итгэлтэй байна.

Ер нь биет бус соёлын өвөө хамгаалж үлдэхэд цаашид бид илүү ихийг хийж, илүү хурдан хөдлөх хэрэгтэй болжээ. Аливаа үндэстний уламжлалт хувцас нь тухайн улс орны өв соёл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илтгэдэг. Гэтэл бид “тэртэй тэргүй манайх” гэсээр явтал хэдэн жилийн дараа өөрийн гэх юу ч үгүй, өрөөлийн өмчийн сүүдэрт халхлагдах болчихоод байна. Морин хуураа бүтэн бүртгүүлж, уртын дуугаа хагас өмчлөх болсондоо бид ханаад суух ёсгүй.

Чухамдаа энэ нь төр засгаас гадна хүн бүрт хамаатай асуудал. Бид сүүлийн хориод жил үндэсний хувцасаа өмсөх нь элбэгшсэн ч уран сайхны хэтрүүлэгтэй, хэт загварчилсан байдлыг илүүд үзэж буй нь ийн бусдын олз болоход хүргэсэн тал бий. Үндэсний хувцасны загварын үзүүлбэр л гэхэд хэтэрхий орчин үечилсэн, хятадчилсан байдлаар хийгдэж байгаа. Монголд мэргэжлийн дизайнер бэлддэг 10-аад сургууль байдаг хэрнээ үндэсний хувцасны түүхтэй холбоотой хичээл ордоггүй нь үүний нэг жишээ. Тиймээс боловсролын тогтолцоо, сургалт сурталчилгаанд ч зөв зүйтэй бодлого үгүйлэгдсээр байгааг БСШУЯ онцгойлон анхаарах шаардлагатай юм. Монгол Улсыг дэлхийд төлөөлж, ард түмнийхээ эв нэгдлийн билэгдэл болдогийнхоо хувьд Төрийн тэргүүн ч үүнд сэтгэлээ чилээх ёстой. Н.Багабанди Ерөнхийлөгч морин хуурыг албан байгууллага, айл бүр хоймортоо залахыг, Н.Энхбаяр Ерөнхийлөгч Монголын нууц товчоог өрх бүр өргөмжлөн дээдлэх тухай зарлиг гаргаж байсан сайхан уламжлал бий. Үндэснийхээ хувцасыг ч бас үеийн үед эрхэмлэн “Мандах төрийн малгай, Дэвжих төрийн дээл, Бүтэх төрийн бүс, Тулах төрийн гутал” хэмээн билэгшээж ирсэн түүхтэй улс шүү дээ, бид чинь.

/"Мм" нэгдүгээр сарын 22/

Цаазын ялаас цааргалах тухайд

Монгол Улс ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Цас зуд ч юм уу эсвэл байгалийн баялагаараа биш цаазаар авах ялыг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Төрийн тэргүүний УИХ-ын чуулганы индэрт хэлсэн үг энэ удаад дэлхийн чихийг дэлдийлгэв.

Энэ тухай мэдээллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлснээс хоёр цагийн дараагаас BBC, CNN, “Ройтерс” мэтийн дэлхийд нэртэй агентлагууд онцлон мэдээлж, уг санаачлагыг талархан дэмжиж буйгаа НҮБ, Франц, Их Британи, ХНБГУ болон эгнээндээ 27 улсыг нэгтгэдэг Европын холбоо илэрхийлэв. Европын холбооны энэхүү байр суурийг тус холбоонд элсэхээр яриа хэлэлцээ явуулж байгаа зургаан орон, Европын чөлөөт худалдааны хэлэлцээрийн гишүүн найман улс мөн дэмжиж байгаа аж.

Цаазын ялаас татгалзах тухай Ерөнхийлөгчийн уриалгыг гадаад ертөнц ийн нааштай хүлээж авч байх зуур энэ шийдвэр харин монголчуудын сэтгэхүйд шооны хоёр тал мэт хар цагаанаар бууж байна. Нийгмийн нэг хэсэг нь амь уучлах гэдэг нь ял уучлах гэсэн үг биш, онц гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг нь биеэр эдлүүлэн гэмших, засрах боломж олгох ёстой гэж байна. Өөрөөр хэлбэл хүн ямар ч хүнд гэмт хэрэг үйлдсэн түүний төрмөл эрхэнд төрийн нэрийн өмнөөс халдахгүй байх нь зөв гэж үзэж байна.

Харин нөгөө хэсэг нь “амийг амиар” буюу хүн алсан хүн заавал эрлэгт очих ёстой хэмээж буй. Ийм бодолтой иргэдийн дийлэнхийг ойр дотны хүнээ бусдын гарт цаг бусаар алдаж, цөхөрч шаналсан хүмүүс эзэлж буй нь яалт ч үгүй үнэн. Тэдний өнцгөөс харвал Монгол Улс цаазын ялаас татгалзана гэдэг шударга бус ч юм шиг. Асуудлыг гуравдагч байр сууринаас авч үзэж, нэгэнт дээд хэмжээ авсан хүнийг олон жил хорих нь эдийн засгийн үр ашиггүй гэх нэгэн ч байх юм. Бүр Ерөнхийлөгчийг тулгамдсан олон асуудал, амлалтаа орхигдуулж, цаг нь болоогүй зүйлээр оролдлоо гэж шүүмжлэх нь ч байна. Ямартаа ч энэ тухай нэгэнт л төр засгийн хэмжээнд хөндөж тавьсан болохоор хууль тогтоох байгууллага ойрын хугацаанд шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд ороод байна.

Эдүгээ манай улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд долоон төрлийн хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноодог. Улс төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, төрлөөр нь устгах, хүний амийг санаатайгаар хөнөөх, хүчирхийлэх, зандалчлах, террорист үйл ажиллагаа зохион байгуулах, хүн төрөлхтний эсрэгт гэмт хэрэг үйлдэх гэх мэтчилэн. Гэхдээ энэ долоон заалтыг дотор нь задлаад үзвэл хүнийг цаазаар авах ялаар шийтгэж болох 59 хэсэг, гэмт үйлдэл байдаг аж. Иргэнээ цаазаар аваачих ийм өргөн талбар нээчихсэн хэрнээ түүнийгээ оноох, шийтгэх, гүйцэтгэхдээ зөв зүйтэй зохицуулалт, хөндлөнгийн хяналт ямагт дутуу явсаар ирсэн дөрвөн орны нэг нь Монгол гэнэ. Цаазын ял гүйцэтгүүлсэн хүмүүсийн талаар хангалттай мэдээлэл байдаггүй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй байдаг нь дээрх үзүүлэлтийг хойш нь чангаадаг аж.

Цаазын ял шийтгүүлсэн хүнийг “буудан хороох” тухай манай Эрүүгийн хуулийн зүйл ангид заажээ. Гэхдээ ялыг хэзээ, хэн, яаж гүйцэтгэх нь нууцын зэрэглэлд хамаардаг учир ялагдагчийн ар гэрийнхэн ч мэдэх боломжгүй. Чухам эндээс л цаазын ялаас цааргалах эгзэг эхэлж байгаа юм.

Манай улсад цаазаар авах шийтгэлийг 18 нас хүрсэн, 60 нас хүрээгүй эрэгтэй хүнд оноодог. Энэ нь гэмт хэрэг үйлдээгүй, аль эсвэл өөр ялаар шийтгэх боломжтой байхад уг ялыг дээрхи насны хоорондох дурын иргэндээ оноочихсон байх үүд хаалга нээлттэй байгаа талаар Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд гарч байв. Зөвхөн ганц жишээ дурдахад 1937 оны 10 дугаар сараас 1936 оны дөрөвдүгээр сар хооронд буюу нэг жил, дөрвөн сарын хугацаанд 20474 хүнийг буудан хороосон баримт Монголын түүхийн хуудаснаа хар толбо тогтоон үлдсэн байдаг. Өнөөгийн улс төр, эрх зүйн орчинг тэр үеийнхтэй харьцуулахааргүй өөрчлөгдсөн ч хүний амийг төрийн нэрийн өмнөөс егүүтгэдэг нь хэвээрээ. Монголд шүүхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67 хувь нь идэрхэн 20-40 насны эрчүүд байгаа аж. Эдний олонхи нь анх удаа гэмт хэрэг үйлдэж цааз сонссон байдаг байна.

Цаазын ял тойрсон хамгийн ярвигтай, үеийн үед гарсаар ирсэн, гарч ч байгаа асуудал бол нийгэм дэх хардлага сэрдлэг. Уг ялыг нууцаар гүйцэтгэдэг, хаана, хэзээ, хэрхэн гэдэг нь эцсийн мөчид үзэгний үзүүрээр шийдвэр гаргах эрх бүхий Ерөнхийлөгчид хүртэл нууц байдаг учир тэр. Хүний амийг санаатайгаар хохироосон этгээд зүсээ хувиргаад гадаадад явж байна гэх мэт ам дамжсан, худал үнэн нь үл мэдэгдэх яриа тархаж, хохирогчийн гэр бүлийнхэнд сэтгэлийн дарамт болсоор буй нь эдүгээ нууц биш юм. Харин цаазын ялыг түдгэлзүүлснээр энэ хардлага үгүй болж, шийтгэл ил тод, нээлттэй, бодитой болох боломж бий. Цаазын ялыг 30 жилд гянданд хорих ялаар солих нь хүний амийг жигшүүртэйгээр хороосон хүнд илүү тохирох шийтгэл ч байж болох юм.

Өөр нэг зүйл нь цаазаар авах ялыг цаазаар шийтгэгдэх ёстойд нь биш ёсгүйд нь халдааж хэрэглэсэн жишээ манайд цөөнгүй байдаг. Завхан аймгийн харьяат н.Эрдэнэ-очир гэдэг хүнд Монголын шүүх гурван удаа цаазын ял өгсөн боловч долоон жилийн дараа хэрэг нь цагаадаж байсан аж. Хэрвээ түүний эцэг нь Монголын шүүхтэй долоон жил заргал¬даж, давж заалдаж яваагүй бол хэргийн үнэн мөн илрэхгүй, эсвэл нэгэнт цаазыг гүйцэтгэсний дараа илэрсэн ч ялыг буцаах аргагүй болно гэсэн үг.

Үүнээс зайлсхийхийн тулд Америкт жишээ нь ял хойшлуулах аргыг хэрэглэдэг аж. Тухайн гэмт хэрэгтний үйлдсэн хэрэгт цаазын ял өгөх боловч ялын гүйцэтгэлийг тодорхой хугацаагаар, 3-5 жил хүртэл хойшлуулдаг байна. Энэ хугацаанд хэрэг задрах ч юм уу, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх, жинхэнэ гэм буруутан илрэх тохиолдол байдаг учраас тэр. Гэтэл манайд цаазаар авах ял сонссон хүн хэргээ давж заалдах бол 10, хэрвээ амь гуйх бол дөнгөж 15 хоногийн л хуулийн эрхтэй. Уул нь энэ хугацаанд наад зах нь гурван жилээс багагүй байх ёстой гэж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага зөвлөдөг аж.

Шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазын ял өгсний дараа ялын гүйцэтгэлийг хэрэгжүүлэх тогтоолд Ерөнхийлөгч гарын үсэг зурдаг. Энэ хугацаанд яллагдагчийн ар гэрийнхэн Ерөнхийлөгчид хандан уучлал хүсч өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Ерөнхийлөгч тэдний хүсэлтийг ёсоор болгож, амь хэлтрүүлсэн тохиолдолд цаазын ял 30 жилийн гяндангаар солигддог. Харин өнгөрсөн 2009 оны сонгуулиас хойш хагас жил гаруйн хугацаанд Ерөнхийлөгч нэг ч ялын тогтоолд гарын үсэг зураагүй тухай албаны эх сурвалжууд өгүүлж байна. Мөн үүнээс хойш ч Ерөнхийлөгч цаазын тогтоолд гарын үсэг зурахгүй гэдгээ зарлалаа. Үүнийг олон улсын хэллэгт моратори гэж нэрлэдэг аж.

Манайхаас бусад орон цаазын ялд хэрхэн ханддагийг сонирхож үзвэл, Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзсэн байна. Өөрөөр хэлбэл “хөгшин” Европ цаазын ялаас цааргалсан үзүүлэлтээр түрүү магнайд явж байна. Харин Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бүрэн халжээ. Дээр нь эндхийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээ мэдэгдэж түдгэлзсэн аж. Ингэснээр хар тивийн нийт орны 76 хувь нь уг ялыг халсан эсвэл түдгэлзсэн байна.

Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар 78 хувийн үзүүлэлттэй байгаа бол Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халж, нэг орон түдгэлзсэнээр харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа аж.
Харин Монгол Улсын Төрийн тэргүүн ийн мэдэгдсэнээрээ манай улс цаазын ялаас түдгэлзсэн орны тоог нэгээр нэмж, гадаад ертөнцөд нэр хүндээ өргөж байна. Гэвч энэ нь Ерөнхийлөгч нэг удаа үг хэлээд л шийдэгдчих асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуульд хүний амьд явах эрхийн талаар “Шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосноос бусад тохиолдолд хүн амьд байх эрхтэй” гэж заасан байдаг байна. Тиймээс Эрүүгийн хуулиас цаазын ялыг авч хаяна гэвэл Үндсэн хуульдаа гар хүрэх тухай дахиад л ярих хэрэгтэй болно. Гэхдээ зарим нэг орон шиг хуульдаа гар хүрэхгүйгээр цаазын ялыг хэрэглэхгүй явж болох л юм. Францад жишээ нь хуулиараа цаазын ялыг хүлээн зөвшөөрдөг ч шүүхийн практик-таа сүүлийн 40 жил хэрэглээгүй аж.

Хэдийгээр хүний эрх, эрх чөлөөний тухай ярьдаг, нийгмийг илүү эрүүл саруул, гэгээлэг талаас нь хардаг оюунлаг хэсэг нь дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан цаазын ялыг хэрэглэхгүй байх нь зөв гэж үздэг ч олон нийтийн хувьд энэ нь бас л маргаан дагуулсаар буй зүйл. Ялангуяа алдсаны арван тамыг эдлэн буй хохирогчийн ар гэрийнхэнд хамгийн эмзэг асуудал гэдгийг дээр өгүүлсэн. Гэвч цааз, гучин жилийн гяндан хоёрын аль нь ч амиа алдсан хүнийг нь босгоод ирэхгүй. Хохирогчийн ар гэрийнхэн цөхөрч шаналсан сэтгэлээ өчүүхэн ч болов тайлах гэж, бас шударга ёсны нэгээхэн хэсгийг ч болов хүсэмжилсэндээ амийг амиар солихыг илүүд үздэг байж болох юм. Харин шийдвэр гарсны дараа гэмт хэрэгтэн цаазлуулсан болов уу, үгүй болов уу гэж эргэлзэн, хэвлэлийн шар бор мэдээ, элдэв цуу яриад итгэж ядан алдсан хүний арван тамаа нэгээр нэмэхийн зовлонг эдэлдэг. Энэ үүднээсээ ил тод, бодитой шийтгэл хохирогчийн ар гэрийнхэнд ч хэрэгтэй гэдэг талаас нь харвал бас ч гэж тэдэнд ч ач холбогдолтой.

Ерөнхийлөгч мэдэгдэл хийснээс хойш олон хоног өнгөрөөгүй байгаа энэ цаг мөчид цаазын ял тойрсон дуулиан шуугиан нийгэмд намжаагүй байна. Намжих ч болоогүй биз. Ямар боловч Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн эрх мэдлийн хүрээнд цаазын ялаас татгалзаж, дэлхий дээр төр нь иргэнээ егүүтгэдэггүй зуу гаруй орны эгнээнд улс орноо аваачих оролдлого хийлээ. Энэ шийдвэрийн зөв бурууг шүүхдээ биш ийм хэмжээний шийтгэл хүлээх гэмт хэрэг хийдэггүй ухамсар бүхий иргэдийг төлөвшүүлэх, ийм төрлийн гэмт хэргийн орчингүй нийгмийг бүрдүүлэх нь л бидэнд одоо юу юунаас илүү чухал байгаа билээ.

/"Мм" нэгдүгээр сарын 20/