Хүн төрөлхтний овоо хараа ойрын өдрүүдэд Канадын Ванкувер хот руу чиглэж байна. Энэ сарын 12-нд нээлтээ хийсэн өвлийн 21 дүгээр опимп 17 хоног үргэлжилнэ. Харамсалтай нь олимпийн эрх авсан манай хоёр тамирчин эхний гараандаа хойгуур байр эзэлснээр монголчуудын хувьд энэхүү аз, эз сорьсон цагаан олимп өнгөрөгч долоо хоногийн эхээр дуусчихаад байгаа.
Хэдийгээр Монгол дөрвөн улиралтай, өвөлдөө цас мөстэй төдийгүй жилийн талаас илүүг хүйтэн өнгөрөөдөг орон ч цагаан олимпоос медаль авах өдий байна гэх гонсгор үгс энэ үеэр хүн болгоны амнаас гарч байсан. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан манай тамирчин Э.Очирсүрэн 78 тамирчнаас 74 дүгээрт оров. Тэрбээр энэ зайг 32 минут 56 секундэд туулж, улсынхаа амжилтыг шинэчлэв. Энэ зайд түрүүлсэн Шведийн тамирчнаас мань хүн найм орчим минутаар хоцорчээ. Найман минут гэдэг бага хугацаа мэт боловч спортод асар том зөрүү. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн зайд уралдсан Х.Хаш-Эрдэнэ 95 тамирчнаас 87-д орж, хувийнхаа амжилтыг л ахиулжээ.
Монголчууд 12 дахь удаагаа өвлийн олимпод, тэр дундаа цанын спортоор 11 дэх удаагаа олимпийн мөсөн замд “тоос өргөж” буй. Энэ хоёр тамирчны хувьд өмнө нь 2006 оны Турины олимпод хүч үзэж байсан туршлагатай. Манайхан өвлийн олимпоос медаль хүртэх нь бүү хэл дорвитой амжилт ч үзүүлэхгүй байгаа нь спортын энэхүү том арга хэмжээнд оролцох арга хэлбэр, бэлтгэл сургуулилтаа өөрчлөх цаг болсныг Ванкуверын олимп дахин нотоллоо. Манай тамирчдын урд орсон цаначид дунд өвөл болдоггүй, халуун орны тамирчид цөөнгүй байсан нь ч нэгийг өгүүлж, хоёрыг бодуулна.
Амжилт үзүүлэхгүй байгаагийн шалтгаанаа хөрөнгө санхүү рүү чихдэг байсан нэг үеийг бодвол төр засгаас биеийн тамир спортын хөгжилд анхаардаг болж, үндэсний шигшээ баг байгуулан, шаардагдах хөрөнгийг төсөвт жил бүр хуваарилдаг болсон. Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын бай шагналыг ч нэмэгдүүлсэн. Гэвч тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтийг хангалттай хэмжээнд хүргэх суурь бааз, техник хэрэгсэл дутуу, өрсөлдөгч цөөхөн, өндөр мэргэжсэн дасгалжуулагч алга.
Нөгөөтэйгүүр манай спорт холбооны удирдлагуудад шинжлэх ухаанч мэдлэг, судалгаа үргэлж дутагддаг. Тэд дөрвөн жилийн хугацаанд тамирчдаа олигтойхон бэлтгэж, олимп болох орны уур амьсгалын онцлогийг сайтар судалж болох байсан. Өвлийн олимп зохиож буй өндөр хөгжилтэй орнууд манайхаас арай өөр уур амьсгалтай. Тэдний өвөл чийглэг дулаавтар учир цас мөснийх нь ширхэг нь ч бас ондоо байдаг аж. Гэтэл манайд өвлийн спортын бэлтгэл хангах битүү байгууламж байхгүй, хэдэн тамирчин нь жавар тасхийсэн гадаа агаарт жаал салхи залгиж, тамираа барж байгаад явдаг. Тал нутгийн жавар тамирчдад ташуур биш тушаа болдогийг олимпод “баян ходоод” болсны дараа баахан ярьдаг ч өнөөдрийг хүртэл хөөцөлдөөд шийдүүлчихсэн юмгүй байна.
Спортын амжилтын тулгын гурван чулуу нь сайн дасгалжуулагч, сайн тамирчин, сайн өрсөлдөгч. Гэтэл манайд олон улсын тавцанд өрсөлдөх тамирчдаа хурцлаад өгөх олигтой өрсөлдөгч алга. Тиймээс ч “жаран чавганц” дундаас шалгарсан хэдэн тамирчин нь эндээ цойлж байгаад тэнд очоод хэт тасарсан гадаадын тамирчдад навс ялагддаг. Өвлийн спортыг цаашид дормитой хөгжүүлье гэвэл тамирчдыг багаас нь сонгон шалгаруулж, хүчтэй өрсөлдөөн дунд системтэй бэлтгэх хэрэгтэй юм. Гүйлтийн цана, шорт трейкээр дорвитой амжилт гаргаж чадахгүй байгаа бол сноуборд зэрэг шинэ төрөлд хөрөнгө мөнгө зарцуулж, гадаадаас сайн дасгалжуулагч гэрээгээр ажиллуулах, хамтарсан бэлтгэл зохиох шаардлагатай. Уг нь тулалдаанд зөвхөн шонхорууд л өрсөлддөг. Гэтэл манайхан хувийнхаа ч юм уу улсынхаа амжилтыг ахиулахын төлөө аягласаар, багахан амжилтдаа сэтгэл ханасаар... Үнэндээ өвлийн улиралтай улс орны өвлийн спорт “Гуяа дагадаг хүзүү” шиг хөшүүн атлаа шоовдор байж боломгүй. Эс бөгөөс бөөн хөрөнгө зарлагадаж явчихаад гаргасан амжилт ч үгүй ирж байхаар тэр мөнгийг өвлийн спортыг бүх нийтийн биеийн тамир болгон дотооддоо хөгжүүлэхэд зарцуулбал илүү үр дүнтэй байх биш үү.
/"Мм" 2-р сарын 22/
No comments:
Post a Comment