Өсч үржих, төлжин дэлгэрэх, цэцэглэн мандахын бэлгэдэл болсон хавар цаг, хаврын тэргүүн сар эх нутагт минь айлчлан ирлээ. Тэсгим өвлийн хүйтэн жаварт хайрагдаж, хөр цасанд толгой гудайсан Монголын цэлгэр талд удахгүй төлийн дуу цангинаж, түмэн зүйлийн цэцэг навчис дэлгэрнэ. Түүхийн ээдрээ нугачааг элээж, орчих оршихуйн дайдад олон хаврыг угтаж үдсээр ирсэн бидний алтан баринтагтай цадигт XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр барс жил хэрхэн тэмдэглэгдэж үлдэх бол.
Монголчууд бэлгэ дэмбэрлийг эрхэмлэж ирсэн ард түмэн. “Сайхан жил гарлаа. Ирж буй жилд бултаараа буян хишиг нь дэлгэрч, эсэн энхийн жаргал оршном буй за” хэмээн хэлэлцдэг нь ч ёс. Гэхдээ бэлгэ дэмбэрлээс гадна бодит ахуй гэж байдаг. Энэ талаас нь шинжин үзвэл монгол хүн бүрийн сэтгэл, итгэлд цагаан барс жил өөдлөн дээшлэх, өргөжин хөгжих сайхан цагийн үүд хаалгыг нээнэ хэмээсэн найдварын гал бадамлан асч байх шиг.
Улиран одсон “Харшлалт” хэмээх шороон үхэр жил монголчуудын хувьд тийм ч амар байсангүй. Үер ус, халдварт өвчин, зуд турхан гээд түмэн олны тэвчээр, төр засгийн бэлтгэлийг шалгасан олон үйл явдал шилээ шилээ даран өрнөв. Сүүлийн гучин жилд тохиогоогүй хатуу өвөл болж, нийт нутгийн гуравны хоёр нь цасан хунгарт дарагдан, хүн малгүй зутарч, шуурга даалгүй шургачиж унах дөхөв. Саяхан л 43 сая хүрлээ хэмээн хөөрцөглөж байсан малын тоо толгой гурван сарын дотор даруй хоёр саяар хорогдов. Энэ нь зун намаржин наадамлаж, найрлаж явсаар хадлан тэжээлээ хангалттай базааж аваагүй хөдөөгийнхөнд хатуухан сургамж болсны зэрэгцээ төр засагт малын гаралтай түүхий эдийн үйлдвэр хөгжүүлэхгүйгээр тоо толгойг өсгөх нь саваа бэлдээгүй байж саалиа халгиулан асгахын үлгэрийг санууллаа.
Засгийн газраас 2009 оныг “Үйлдвэржүүлэлтийн жил” болгон зарласан ч ноолуур, нэхий эдлэлийн хэдэн үйлдвэрийг эс тооцвол өнгөрсөн жилд мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн экспортлодог үйлдвэрийн тоо төдий л нэмэгдсэнгүй. Ер нь мал аж ахуйн түүхий эдийн үйлдвэр гээд ярихаар малчдын гар дээрээс арьс шир авч угаагаад гаргах дамжлага төдийхнөөр хэмжигддэг хэвээрээ. Аливаа түүхий эд эцсийн бүтээгдэхүүн болж байж өндөр үнэд хүрдэг бол түүхий арьс шир хоногийн хоол залгуулах төдий. Чухам хоногийн хоолоо аргацааж ядан яваа үйлдвэртэй улсад олон мал дараа болно уу гэхээс ашиг өгөхгүйг улирч буй жил бидэнд хангалттай нотлов.
Нөгөөтэйгүүр намартаа хэдэн тэвш өвс хурааж тавиад өвөлжингөө түүнийгээ түлш гарздан хөдөөгүүр тараах байдлаар өвлийг давдаг байдлаа өөрчлөх цаг болжээ. Чухамдаа малын эрүүл ахуйг төрийн хатуу бодлогоор анхаарахгүй бол мал эмнэлгийн үйлчилгээ байхгүйгээс гууранд цоорсон арьс, бруцеллёзтой сүү, эрүүл ахуйн баталгаагүй махыг гадныхан нэг нүдээрээ ч харахгүй байна. Малаа чанаржуулж, малчдынхаа амьжиргааг дээшлүүлэн баргийн зуданд барьц алддаггүй болгохын тулд энэ хоёр асуудлыг л эн түрүүнд шийдэх хэрэгтэйг үхэр жилийн зуд үнэхээр тодорхой хэлж өглөө. Гэхдээ аливаа зүйл өөрийн цаг хугацаатай, үе давтамжтай. Өдөр шөнө ээлжилдэг шиг өвлийн дараа хавар, зовлонгийн дараа жаргал ирдэг. Мал нь хорогдсон ч чанаржиж, малчид туйлдсан ч тэвдэх цагт тэвнээр тусалсан түмнийхээ итгэл, сэтгэлээр тэнхэрч, хахир хүйтэн өвлийг мэнд давсандаа өегшиж байна. Тиймээ, дэлгэр нутагт минь хавар ирсэн шиг дэвжих төрд маань зөв бодлого, дээдлэх түмэнд минь тэгш амьдрал заяана. Энэ бол барс жилд дайх бас нэгэн үг.
Хулжиж одсон үхэр жил монголчуудын хүсэн хүлээсэн олон үйл явдлын учигийг тайлсан жил болсон гэж хэлж болохоор. Говийн ганц айл, цагаан зээрийн нутаг байсан Оюу толгойн ашиглалт энэ оноос эхлэх нь. Арав гаруй жилийн өмнөөс анхны хайгуул хийгдэж, тав зургаан жилийн турш хөрөнгө оруулалтын гэрээндээ хүлэгдэж байсан ил уурхай өнөөдөр жинхэнэ утгаараа Монгол түмний хувь заяаг атгаж байна. Магад ганц Монгол биш дэлхий нийт энэ товцог тойрсон яриа хөөрөө, явдал суудлыг сонирхон, сониучирхан харж байгаа гэхэд нэг их буруудахгүй биз. Манай улсын “саалийн ганц үнээ” гэгдэх Эрдэнэтээс гурав дахин нөөцтэй буюу тодруулбал, 1000 орчим тонн алт, 32 гаруй сая тонн зэсийн нөөцтэй гэх энэ ордын чиглэсэн эхний цуваа хэдийнэ өмнө зүг хөдлөөд буй.
Монгол Улсын төв болон өмнөд хэсэгт орших 62 мянган хавтгай дөрвөлжин км энэ талбайд ил болон далд уурхай, хайлуулах үйлдвэр, түүнийг эхлүүлэхэд шаардлагатай барилга угсралт, зам харгуй, эрчим хүч, дамжуулах шугам гээд олон тооны ажил гүйцэтгэлээ хүлээж байна. Дэлхийн жишигт нийцсэн энэхүү уурхайг дагаж тийм түвшний техник технологи нэвтэрнэ. Товчхондоо блокчлох буюу газар хөндийлөх аргаар Монголчууд үүцээ задлах юм. Энэ нь манайх шиг ил уурхай хөгжүүлсэн улсад анхны бөгөөд цоо шинэ алхам болно. Оюутолгой зөвхөн Оюутолгойгоор хязгаарлагдахгүй. 100 хувь төрийн мэдэлд байгаа Тавантолгой орд энэ оны эхний хагаст багтан эдийн засгийн эргэлтэд орно. Том ордуудыг дагаад жижигхэн Монголд олон ажлын байр шинээр бий болно. Ажил хийвэл ам тосддог шиг ажилгүй хэмээн бүртгэгдээд буй 130 гаруй мянган иргэн амьжиргаатайгаа залгах сайхан үүд нээгдэж байна.
Түүнчлэн бидний идэх талх, өмсөх хувцас болдог экспортын гол бүтээгдэхүүн алт зэс дэлхийн зах зээл дээр ханш сайтай байгаа гэх сайхан мэдээ чих мялааж байгаа. Хэсэгтээ хуйсагнасан хямралын салхийг мэнд гэтэлж, цагаан барс жилд элбэг дүүрэн байх тохиол биднийг тосож байна гэсэн үг. Олны санал шүүмж, зөв бурууг тунгааж буй шүүлтүүр дор он дамжин өртөөлж буй Хамтарсан Засгийн газар энэ оныг бизнесийн орчинд шинэтгэл хийх жил хэмээн зарлачихсан байнаа. Энэ бүхний дүнд ажилгүй хүний тоо багасах, ажил хийгээд авдаг хэдийнх нь тоо үржих нь лавтай. Босгоё бүтээе гэсэнд нь босго болдог хүнд суртал ч арилна хэмээн олон хүн найдаж буй. Гагцхүү бодол бүхнээсээ боломж олж, боломж бүрээ бодит ажил болгох орчин нөхцөл бүрдүүлж өгөөсэй төр засагт хүргэх удаах үгсийг төмөр барс жилд дайж байна.
Дэлхийн хүн ам арвай буудай шиг өсч, зургаан тэрбумыг даваад буй. Тиймээс хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг утгаараа өсөн үржиж буй энэ олон “ходоод”-ыг хэрхэн хоолтой ундтай байлгах вэ гэдэг асуудал өнөөдөр олон оронд, ялангуяа Азийнханд тулгамдаж байгаа. Манайх шиг цөөн хүн амтай улс одоохондоо нэгнийгээ “хоолны сав” хэмээн адлах дээрээ тулаагүй ч өдрөөс өдөрт нэмэгдэж буй түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өөрийн эрхгүй нэрмүүлж байгаа.
Харин өмнөх Засгийн газраас залгамжилсан Атрын гуравдугаар аяны эхний хоёр жилийн үр дүн бидэнд эх орныхоо хөрсөнд ургуулсан тариа будаагаар хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадна гэсэн итгэлийг авчирсан. Аяны гурав дахь жил болох энэ онд хил дамжин гурил, ногоо ганзагалж ирэхийн зовлон бүрмөсөн арилах учиртай. Гараа сайн бол бариа сайн гэдэгчлэн эхний ээлжинд монголчууд идэх талх, тарих төмсөө өөрсдөө базааж, хэрэглэж чадаж буй нь бүх хэрэглээгээ бие даан бэлтгэж, илүүг нь экспортлодог болох хожмын өдөр ойрхон байгааг харуулж байна өөдрөгөөр харж болохоор байна.
Үхэр жилд монголчууд 60 гаруй мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ бол дээш заалттай тооны хамгийн эрхэм нь. Барс жилийг хэдийгээр нялхаст хатуу, нярайлж хуримлахад тохиромжгүй хэмээн зарим зурхайч айлдаж байгаа ч “жилийн өнгө хүндээ” гэдэг. Тэгээд ч дэлхийд цуугаа дуурсгасан олон алдартан энэ жилд мэндэлсэн байдаг. Мухар сүсэгт хөтлөгдөлгүй хүн бүр зөвхөн өөрөө өөртөө итгэж, Монгол Улсын хувьд бүтээн байгуулалтдаа голлон анхаарвал бид хөгжин дэвшихэд ойрхон байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ ч гэж ярьдаг.
Жил бүрийн өнгөнд монголчууд дэлхий дэлэгнэсэн, дэнж хотойсон жил болоосой хэмээн залбирч наманчилдаг. Гэсэн хэдий ч хангай дэлхий аашаа өөрчлөөд удаж байна. Уул усаа түшиж, ургамал ногоогоо дагаж амьдардаг бидэнд даргын аашаас илүү хангай дэлхийн ааш хатуу тусах боллоо. Харин ч хүн малгүй дасан зохицох тухай асуудал цухас хөндөгдөж, байгальтай хатуу харьцсан зан үйлээ өөрчлөх тухай хүчтэй ярих боллоо. Цагаан барс жилийн зурлагад хуртай зун, өнтэй өвөл болохоор буусан байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүн өөрчилж чадахгүй ч урьдчилан сэргийлж, бэлтгэлтэй байх нь айсуй гамшгийг аюул багатай гэтлэх нэгэн боломж билээ.
Морилон ирсэн жилийн босгон дээр монгол монголоороо үлдэх өрнүүн эрмэлзэл хүн бүрт буйг харуулсан үйл явдал тохиолоо. Өв соёл, үндэсний хувцасаа харийнханд алдахгүй гэхдээ монгол залуус сар шинээрээ өмнөх жилүүдээс илүүтэй дээлээрээ гоёв. Алтайн хязгаараас эхтэй хөөмийн урлаг, эрийн гурван наадам зэргээ урд хөршийн олз болгохгүй гэж залуус нэгдэн төрийн бус байгууллага ч байгуулж үзэв. Үр дүнд нь ЮНЕСКО-гоос хариу ирж, монголын соёлыг монголд нь үлдээхийг судалж үзэхээ амлалаа.
Хүн төрөлхтөн мянга мянган хаврыг угтаж, олон зуун жилийг алсалсан. Гэхдээ цаг хугацааны шинэ мөчлөг бүрийг шинэ мөрөөдөл, шинэ итгэл найдвартайгаар угтдаг. Цагаан барс жилийг ч мөн Монголын ард түмэнд тусаа өгч, тосоо дусаах сайхан жил байх болно хэмээн итгэж байгаа. 1206 онд Онон мөрний хөвөөнд анх Монголын тулгар төрийг байгуулан Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөхөд улаан барс жил гарч байсан. Тэгэхээр Монголын төр барс жилтэй. Монголчууд барс жилд бахархалтай сайхан амьдрана гэж тэмүүлж явах ёстойгоос биш хэн нэгний шившсэн шооны нүхэнд итгэж амьдрах цаг биш. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Барс жилийн баринтигтай үгс биелэлээ олог хэмээн айсуй жилийг аргадан өгүүлэхэд ийм буюу.
/"Мм" 2-р сарын 19/
No comments:
Post a Comment