УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид саяхан БНСУ-д айлчлаад ирлээ. Монголын парламентынхан энэ үеэр дэлхийн хамгийн орчин үеийн технологийн дэвшил бүхий 53.3 хавтгай дөрвөлжин км.газартай Сонгдо дүүрэгт зочилж, Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийг үзэж сонирхов.
2020 онд бүрэн ашиглалтад орох уг чөлөөт бүсэд одоогоор 410 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн гэнэ. Хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын нэлээд ажил хийж, Азидаа анхны ногоон бүс болох зорилтынхоо үндэс суурийг хэдийнэ тавьсан байна. Мөн энд олон улсын боловсролын төв байгуулагдаж АНУ-ын 12 сургууль салбараа нээх аж. Чөлөөт бүсийн үйл ажиллагаанд ОХУ, Хятад зэрэг худалдааны томоохон зах зээлтэй орныг ч татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаагаа солонгосчууд манай төлөөлөгчдөд тайлбарлажээ. Гэтэл 10 орчим жилийн өмнөөс л хойд, өмнөд хил дээрээ чөлөөт бүс байгуулах тухай ярьж эхлээд төмөр хашаа тойруулахаас хэтрэхгүй байгаа бидэнд эндээс санаа авах зүйл дэндүү олон байгаа аж.
УИХ 2002 онд Сэлэнгийн Алтанбулагт худалдааны, Дорноговийн Замын-Үүдэд эдийн засгийн, Баян-Өлгийн Цагааннуурт худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хууль баталсан юм. Гэвч тэр үеэс өнөөг хүртэл чөлөөт бүсэд дорвитой хөрөнгө шийдээгүй, бодитой ажил ч хийгдээгүй, хойд хил дээрээ төмөр хашаа хатгаж, урд хил дээрээ гурвалжин чулуу босгоод, газрын зураг дээр Цагааннуур, Чойрт чөлөөт бүс байгуулах цэг хатгаснаас өөр тоймтой зүйлгүй сууж байгаа юм. Болоо ч үгүй төмөр хашаа барих гэж тендер зарлаж, тэрбум орчим төгрөг зарцуулсан гэж байгаа.
Инчоны чөлөөт бүсийн дэд бүтцийг Солонгосын Засгийн газар бүрэн хариуцаж зам, холбоо, ус, цахилгаан эрчим хүч зэрэг асуудлыг шийдсэн байна. Чөлөөт бүс байгуулах эрхзүйн орчин бүрдмэгц улсаас давхар хөрөнгө оруулалт шийддэг нь олон улсад түгээмэл жишиг аж. Дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа 1000-гаад чөлөөт бүс бий. Тэдний дэд бүтцийг тухайн улс орон өөрсдөө хийсэн байдаг. Хар ухаанаар бодоод үзсэн ч хүний мөнгийг өөртөө татах гэж байгаа улс энэ зэргийн бэлтгэл ажил хангасан байх шаардлагатай, үүндээ элдэв ашиг сонирхол, улстөржилт оруулалгүйгээр мөнгө хаях хэрэгтэй юм. Гэтэл манайх бүс байгуулна гэж ярьдаг ч дагалдах хөрөнгийг нь хангалттай шийдэхгүй, өөрсдөө хүчрэхгүй ч бусдын мөнгийг татах талаар дорвитой ч ажиллахгүй байгаа учир ийн чөлөөт бүсийг төмөр пайзан дээрх зургаар төсөөлөөд сууж байна.
Чөлөөт бүсийн хамгийн гол эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд эдийн засаг, худалдааны чөлөөт бүс амжилттай байгуулж чадсан аль ч орны туршлагаас харахад чухам үүнд л хамгийн ихээр анхаарсан байдаг. Хэдийгээр манай улс далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хоёрхон улстай хиллэдэг, хүн ам цөөтэй буюу зах зээлийн багтаамж бага гээд гадны шууд хөрөнгө оруулалтыг хангалттай авч чадахгүй байгаа шалтгаанаа тоочвол одоо урт жагсаалт гарах ч гол нь хууль эрхзүйн орчноо хэр эрүүл авч явж байгаагаас олон зүйл шалтгаалдаг нь Инчоны чөлөөт бүсээс харагдаж буй аж. Үнэндээ монголчууд дэлхийн эдийн засгийн жишгээс үргэлж хол хоцорч явдагийг элэглэсэн онигоо ч бий. “-Цаг хугацааны машиныг анх хэн бүтээсэн бэ? -Монголчууд. -Яагаад? -Тэд цаг хугацааны машиныг бүтээгээд бусад үндэстнүүдийг 300 жилээр урагшлуулаад өөрсдөө араас нь бэдэрч яваа юм” гэж.
Чөлөөт бүс байгуулах асуудал 2004 оноос арайхийн идэвхжиж Замын-Үүдийн чөлөөт бүсэд тендер зарлан “Вэст Парадайс” /West Paradise/ хэмээх Британийн компанийг шалгаруулаад байсан. Гэвч тус компани гэрээт хугацаандаа үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээг цуцалжээ. Мөн онд “Алтанбулаг” чөлөөт бүсийн дэд бүтэц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээний төслүүдийг хэсэгчлэн хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендер зарласны дүнд зарим нэг ажил хийгдэж байгаа юм байна. Дэд бүтцийг нь төр хариуцахаар болсон бөгөөд эхний ээлжинд 987 сая төгрөгөөр чөлөөт бүсийг гаалийн хяналтын талбайтай холбосон хэсгийн замыг сайжруулах, Алтанбулаг сумаас чөлөөт бүс рүү цэвэр усны хоолой, цахилгааны шугам татахад зарцуулахаар төлөвлөжээ. Гэвч жил тутам шаардагдах хөрөнгийг нь төсөвлөхгүй байсаар байшин барилга барьж буй хөрөнгө оруулагчдыг гацаанд оруулаад байгаа аж.
Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд чөлөөт бүсүүдэд зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа ч нэг бүсэд нэг л тэрбум ногдож буй аж. Ингэж нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг жилд хийгээд явлаа гэхэд нэг бүс гучин жилийн дараа л хөл дээрээ босох дүр зураг харагдаж байна. Уг нь Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт хөтөлбөрт Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн дэд бүтцийг иж бүрнээр нь шийдвэрлэнэ гээд тусгачихсан байгаа. Үүний дагуу орон тооны бус зөвлөл байгуулагдсан ч үйл ажиллагаанд дорвитой ахиц гарахгүй, чөлөөт бүс чөдөр тушаатай хэвээр л байгаа аж. Олон улсад чөлөөт бүсийн дэд бүтцийг 3-4 жилд тавьдаг бөгөөд 10-15 жилд өөрийнхөө зардлыг бүрэн хэмжээнд нөхөөд ашигтай ажилладаг жишиг байдаг аж. Гэтэл манайд дээр өгүүлсэн ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх бэнчинтэй болохоо хүлээх, эс бол хөрөнгө оруулагчдын хүсч байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг батлах хоёр л зам байгаа аж.
"Мм" гуравдугаар сарын 02/
No comments:
Post a Comment