Монголын улстөрд тун “дажгүй” мода дэлгэрээд чамгүй удаж байна. Төрийн ажил хашиж тамга эзэмшиж байгаа дарга дургүйгээ хүрэхээрээ өрөөгөө түгжээд тамгаа өвөртлөөд зугатаачихдаг, эсвэл ажлын хариуцлага тооцох, огцруулах тухай ярих гэхээр тамгатайгаа “өвдчихдөг”. Энэ жишиг Монголд 2008 оны сонгуулийн дараахнаас тогтсон. Хаа нэгтэйгээс хуулбарлаагүй энэ “аргачлалаа” манайх өнөө хэр өвлөн үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлж яваа. Монголоос өөр газар ингэж төрийн тамгыг хувьдаа өмчилж, өндөг мэт өрцөндөө дарж хэвтээд улсын ажил унагаах, гацаах явдал гардаггүй байх. Тэгэхээр зарим мода Монголоор эхэлж болдог байх нь.
Тамгаа хүлээлцдэггүй дарга, тахимаа өгдөггүй бөх хоёрын зорилго ерөнхийдөө агаар нэг. Гэхдээ унасан бөх өвдөг шороодсоноо хүлээн зөвшөөрөхгүй дахиж барилдаж хайнаа хагалахыг шаарддаг бол огцорсон дарга дахин өрсөлдөхгүйгээр суудалдаа үүрд үлдэхийг гүрийдэгээрээ багахан ялгаатай.
Монголчууд эртнээс “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж ярьдаг ч өнөө цагт албан тушаал өмчлөх харалган хандлага хаяагаа тэлсээр байгаад учир байна. Аливаа бүхэн, албан тушаал ч ялгаагүй аваа өгөөтэй байдаг нь амьдралын жам. Гэвч даргын суудалд нэг л тухалсан бол тэндээ тэр чигтээ “наалданпад” болохыг хичээдэг нь цаанаа хувь хүний амин зуулга гэхээсээ улстөрийн томоохон шалтгаан оршиж буй бололтой.
2008 оны орон нутгийн сонгуулийн дараа Хан-Уул дүүргийн нэг хороо тамгатай тамгагүй хоёр даргатай хэсэг хугацаанд ажиллаж, бүр хорооны иргэд нь жагсаал цуглаан хийхдээ хүрч байсан. Нэг хороо байтугай бүхэл бүтэн аймагт энэ мэт удирдлагатай холбоотой хэл ам, хэрүүл тэмцэлтэйгээр хэд хэдэн дарга зэрэгцэн оршиж байсан удаатай. Хэнтий аймгийнхан хоёр гурван Засаг даргатай болчихоод учраа олохгүй мунгинаж байсан бол Баян-Өлгийнхэн бас дарга цэргээ огцруулахаар өвлийн хүйтэнд суулт зарлаж, байгалийн зудтай барьцаж ашиг сонирхлын зуд өдөөж байв. Саяхандаа, Замын-Үүдийн Засаг дарга бас хөрөнгө орлогоо худлаа мэдээлснээс хариуцлага тооцох гэсэн чинь тамгаа аваад зугатсан удаатай. Бүр олон хоног гүрийж эцэст нь шүүх цагдаа болж байж төрийн тамгыг салгаж авч хамгаалалтад авсан гэсэн.
Нэг нь авч давхиад нөгөөх нь гуядаж нэхдэг тоглоом одоо бүр шат шатанд халдварлажээ. Нэг хорооны хэсгийн ахлагч шинээр ажил авсан чинь өмнөх хүн нь өөрийгөө хууль бусаар ажлаас өөрчлөгдлөө гэж үзэн хороо хориныхоо иргэдийн бүртгэлийг аваад арилсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч л байсан. Арга буюу шинэ байцаагч айл айлын хаалга тогшин учир байдлаа хэлж байж дахин данс бүртгэлтэй болсон гэнэ билээ. Тамгатай нь тамгаараа, тамгагүй нь бүртгэлээрээ албан тушаал барьцаалж буй энэ мэт байдалтай хэн хариуцлага тооцож байна вэ? Уул нь иргэдийн бүртгэл мэдээлэл гэдэг төрийн нууц байх учиртай болохоос хэн нэг хурган мяндагтны хурууны үзүүрээр нааш цааш зөөгдөх цаас биш л баймаарсан. Хэрэг дээрээ хэсгийн ахлагч гэдэг тогтмол цалингүй, хэдхэн төгрөгийн урамшуулалтай, хүн дурлаад байх ажил биш юм шиг боловч цаанаа хэний багт багтаж, цаашдаа ямар албан тушаалд очихоор бэлтгэгдэж байгаад хамаг учир байдаг бололтой.
Тамгатай хөөцөлдөөн өнөөдөр ч өрнөж л байна. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын С.Баярт аанай л тамгатайгаа алга болчихжээ. Бүр он дамжин ор сураггүй болсон гэж байгаа. Сураг дуулахнээ өвдсөн гэж байв. Хэн ч өвдөж болох авч эмнэлэгт хэвтэхдээ төрийн тамга өвөртөлж очихоор өвчин амархан илааршдаг дом байдаггүй л баймаар. Үр дүнд нь өчнөөн хүн цалингаа авч чадахгүй, жагсаал цуглаандаа тулж байна. Хороо, дүүрэг гэдэг үргэлж маргаж мэтгэлцэж байдаг парламентын танхимаас шал өөр. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх анхан шатны нэгж болохоор өдөр тутмын аж амьдрал засаг захиргааны эдгээр нэгжүүдийн тамгагүйгээр явахгүй. Гэтэл тамгатай хөөцөлдөөний учрыг олж, учгийг тайлах хүн алга.
Энэ мэтээр тоочвол тамга булаалдах тоглоомд оролцогчдын нэрс, шалтаг шалтгаан, үр дагавар их л урт жагсаалт болох нь. Тэмээн хяруул аюулаас нуугдахдаа элсэнд толгойгоо шургуулдаг гэдэг шиг тамгатайгаа байвал албан тушаалтайгаа байна гэсэн гэнэн ч гэмээр хөгийн ч гэмээр ойлголт Монголын төрд хүчээ авч байгаа нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.
Аливаа албан тушаалтанд ажил хэргийн ёс зүй, улстөрийн соёл гэж байх учиртай. Төрийн албыг авч чадсан шигээ өгч чаддаг болоход эрхмүүд эн түрүүн суралцах хэрэгтэй байна. Эс тэгвээс ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг эдүгээ цагт биелэлээ олохыг үгүй гэх газар алга.
/”Мм” гуравдугаар сарын 3/
No comments:
Post a Comment