Monday, March 1, 2010

Төрөх эмнэлэг ба төрийн ордон

Байшин тойрсон шүүмжлэлт үгс ойрын хэд хоног олны амнаас салсангүй. Шатсан буурин дээр босох МАХН-ын 12 давхар ордон, шатаагүй ч гологдоод байгаа байрны суурин дээр сүндэрлэх АН-ын 20 давхар өргөөг эс тооцвол шүү дээ.

Нийслэл рүү чиглэсэн хөдөөгийнхний нүүдэл суудал идэвхжиж эхэлсэн 1990-ээд оны дунд үеэс л их хотын эмнэлгүүдийн даац хэвийнхээсээ хэлбийж, ялангуяа амаржих газрын ачаалал хэрээс хэтрэн, хүчин чадал нь хаанаа ч хүрэхгүй мөхөсдөж байгаа тухай ярих болсон. Нүүдлийн хажуугаар төрөлт ч огцом нэмэгдэж, 2000 оны эхэн үеийнхтэй харьцуулахад одоо хоёр дахин олон эх амаржиж байна.

Гэвч “Монголын үрс маш олон болтугай”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэх мэт эхийн цагаан сүүтэй зүйрлэм сайхан үгсийг сав л хийвэл ишлэх дуртай төрийн түшээд нийслэлд нэмж амаржих газар барих тухай зөвхөн ярьсаар л өдийг хүрэв. Шинээр барих нь битгий хэл дөч гаруй жилийн хугацаанд дөрвөн амаржих газрын барилгад олигтой засвар ч хийсэнгүй. Цаасан дээрхээ ажил болгохгүй явсаар цаг алдсаны гор гарч дөнгөж мэдэлсэн дөрвөн нярай сарын өмнө хүйн халдвараар эмнэлэгт нас барсан. Одоо л нэг “хэргийн эзэн” амаржих газруудыг хувийн эмнэлэг бараадуулж нүүлгэчихээд, байрыг нь засч янзалж байна. Уул нь эртхэн иймэрхүү арга хэмжээг шат дараатай авч явсан бол хүний хорвоод дуугаа хадааж ирсэн жаахан үрс бусдын буруугаас орчлонг орхихгүй, бие тулгар эхчүүд ингэж хаврын хавсарганаар эмнэлгээс эмнэлэг дамжин зутарч явахгүй байхсан.

Гэтэл “муухай дээрээ улцан” гэгчээр сар шинээс хойш улирлын томуу гэдэг өвчин огцом дэгдэж нийслэлийн бүх шатны эмнэлгүүд 40 хэм хүртэл халуурсан багачуудаар дүүрэн, хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүдэд эмнэлгийн хонгил, шал хүртэл ховордов. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд нийт 350 хүүхдийн ор байдаг бол өдгөө өвчилсөн хүүхдийн тоо 1500 хол гарчээ. Аргаа барсан эмнэлгийнхэн Батлан хамгаалах яамны агуулахаас 50 эвхдэг ор гуйж аваад ч хүрэлцсэнгүй. Дахиад л эрүүл мэндийн байгууллагын төсвийг нэмэх, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, шинээр эмнэлэг барих тухай ярьж байна. “Олон хавар нэгэндээ” гэдэг. Олон удаагийн сэрэмжлүүлэг нэг удаа нэгмөсөн ниргэхийн жишээг бид нэг бус удаа харсан. Байшин барина гэдэг уул нь тэгтлээ ч барж дийлэхгүй ажил бишсэн.

Хачирхалтай нь, энэ өдрүүдэд шинэ парламентын ордон барих тухай асуудал яагаад ч юм эргэн сөхөгдөж, зэрэгцэн яригдаж байна. Сэжүүр нь ордны зураг төслийг хийж байгаа ажлын хэсэг саяхан хуралдсантай холбоотой бололтой юм. УИХ шинэ ордонтой болоход Кувейтын Засгийн газар 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ аль 2006 онд мэдэгдсэн ч 1,5 сая кв.км газар нутагтай монголчууд газар олдохгүй байна хэмээн гурван жил зүгээр суужээ. Асуудлын гол нь эрхэм түшээд шинэ ордноо нийслэлдээ, тэгэхдээ бүр заавал хотын төвд, одоо байгаа ордныхоо ойр орчимд залгуулж барих гэж зүтгэсэнд байгаа юм. Харин саяхан ажлын хэсэг газраа нэгэнт тогтож, шинэ ордонг төрийн ордны ард буюу төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нойрсож байсан цэцэрлэгт барихаар зураг төслөө бэлэн болгожээ. Тэд Улаанбаатарын ганц гайгүй цэцэрлэгт байгууламжийн талыг нь зөөж шилжүүлж газар чөлөөлж авахаар болсон гэнэ. Одоогийн шаргал ордонтойгоо гурав, дөрөвдүгээр давхраараа холбогдох уг 14 давхар шинэ харшийн олон улсын тэндерийг зургадугаар сард зарлаж, наймдугаар сараас барилгын ажлыг эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ ордонг босгоход 20 орчим сая ам.доллар шаардагдах учир дутаж буй хөрөнгийн талаар дахин Кувейтын талтай ярьж магадгүй байна. Асуудал шийдэгдвэл 2012 онд сонгогдох гишүүдийг шинэ ордонд тухлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Нэг зүйлийг нэмж өгүүлэхэд, дөрөвдүгээр амаржих газрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу "Чингис хаан" олон улсын нисэх буудлын урдаас Төв аймаг руу салдаг замын тэнд барихаар төлөвлөж буй. Үүнд иргэд сэтгэл дундуур байгаа. Шинэ мэндлэх иргэнд хором мөч бүр үнэтэй. Хэрэв унаа саатах ч юм уу замын түгжээнээс болж амаржихаар өвдөж буй эх хугацаа алдаж эмнэлэгт хүргэгдвэл юу юунаас илүү эрсдэл учирна. Тэгээд ч түргэн дуудаад хүлээж цөхсөн иргэд голдуу такси барьж амаржих газарт ирдэг. Хүнээ хэвтүүлэх, эргэж тойрох, эмнэлгээс гаргах тоолонд хол газар таксигаар явах нь тааруухан амьжиргаатай нэгэнд амаргүй л байх. Тэгвэл төрийн ордонд тухлагсдад энэ бол асуудал биш. Чухамдаа парламентын ордон барихад хотын төвд газар олдсон хэрнээ төрөх эмнэлэгт нь болохоор зайдуу байрлал ногдож байгааг эргэж хармаар...

Хөрс гэсч, газар шорооны ажил эхлэхийн өмнөхөн Монголд байшин барилга тойрсон нэг иймэрхүү асуудлууд босч ирээд байна. Чухам ямрыг нь чухалд тооцохоо, алийг нь ард түмний амьдралд илүү хэрэгтэй гэж үзэн түрүүлж эхлүүлэхээ эрх мэдэлтнүүд эрхбиш тунгааж буй байлтай.

/"Мм" гуравдугаар сарын 01/

No comments:

Post a Comment