Monday, March 1, 2010

Ченжийн засаглал

Монгол хэлний үгсийн санд орчуулахад хэцүү ч ойлгоход хялбар нэлээд хэдэн гадаад үг бий. Тэдгээрийн нэг нь “change”. Энэ үг манайд ерээд оны эхээр, монголчууд хилийн дээс алхаж худалдаа наймаа хийх нь элбэгшсэн цагаас орж иржээ. Уг нь “солих”, “солилцоо” гэсэн утгатай англи үг. Гэвч одоо үед улс орны амьдралыг тодорхойлогч гол давхарга, хөгжлийг хөдөлгөх чухал хүч мэт далайцтай сонсогддог болоод буй.

Үнэндээ монголчуудын амьдрал солилцоон дээр тогтож байгаа гэхэд хилсдэхгүй. Нийгмийн бүхий л салбарт ченж шургалж, ченжийн гараар ороогүй юм гэж нэгээхэн ч үгүй болж. Хар захын наймаачнаас эхлээд төрийн өндөр албан тушаалтан хүртэл ченж маягаар ажиллаж, амьдраад хэвшчихлээ. Үр дүн нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа, хэдэн гар дамжиж тэнгэрт хадсан үнэтэй орон байр, унаа тэрэг, яриулж зуучлуулж орсон нэгэнд үүдээ нээх ажлын байр...

Чухамдаа төрийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж, хамгийн их доголдсон салбаруудад ченж үүссэн байдаг. Тэд тухайн салбарт гарч буй гажуудал дээр дөрөөлж, шийдвэр гаргагчдын олж харж зохицуулж чадахгүй байгаа зүйлийг анзаарч орон зайг нь нөхөж байна. Мэдээж энэ нь хэсэг бүлэг хүнд л ашигтай болохоос ард түмний хувьд хүсээд байх зүйл биш. Сүүлдээ ченжийн сүлжээ улам бүр далд хэлбэрт орж, цаад нууц ноёнтон нь бодлого боловсруулагчид болж батжиж байх шиг.

“Батгана явсан газар өттэй” гэдэг шиг ченж оролцсон салбар бүр жирийн хүмүүст хохиролтой. Тухайлбал шатахууны ченжүүд үгсэж хуйвалдаад үнээ нэмж орхино. Дэлхийн зах зээл дээр газрын тос үнэ өсөх сургаар л шууд нэмчихдэг хэрнээ буурлаа гэхэд дагаж хэзээ ч бууруулж байгаагүй. Зарим үед улсын төсвөөс нөхөн олговор авах нь бий. Валютын ченжүүд “ногоон”-ы ханшийг хөөрөгдөж, заримдаа үгсэж тохироод зохиомол хомсдол үүсгэдэг. Мал аж ахуйн түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн ч бүхэлдээ ченжийн гарааг зохицуулагддаг. Хэрэв төрөөс шударга өрсөлдөөн буй болох нөхцлийг хангаж, зөв менежмент хэрэгжүүлж чаддагсан бол ченжийн хэрэг байхгүй. Модны ченж нар ойн байцаагчидтай найзууд. Тэд машины тэвш дүүрэн модыг байцаагч, цагдаа нартай хуйвалдаж нийслэл рүү зөөсөөр. Чоноор хонь мануулж байгаа энэ үйл явцыг мэддэг нь мэдэхгүй мэт царайлна. Тэдэнтэй бүр цагдаа нар орооцолдсон ч гэх мэдээлэл бий.

Энэ мэтээр тендерийн, автомашины, алтны, визний, газрын гээд тоймгүй олон ченж улс орны өнцөг бүрт, салбар болгоныг эзлэн аж төрсөөр, ашиг орлого хүүлсээр. Сүүлийн үед утааны ченжүүд хүртэл бий болчихжээ. Улаанбаатарын утааг багасгана хэмээн төсөл санхүүжилт авч дорвитой хийсэн ч юмгүй дундуур нь өөрсдийнхээ бизнесийг шахна. Агаарын бохирдолд тэрбум тэрбумаар төсөвлөх атлаа цогцоор нь шийдэж байгаа юмгүй, шахмал түлш, утаагүй зуух, гэрийн дулаалга, хийн түлш гээд тал тал тийш тарамдуулж орхиод, нь хойтон намар нь хэнэг ч үгүй дахиад л хорт утаатайгаа золгоно.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. Хууль баталдаг, эсвэл түүнийг хэрэгжүүлж мөрдүүлэх үүрэгтэй хүмүүс хуулиа зөрчиж, илүү харж билүү долоож байгаагаас л ченжүүд хүчээ авч, хүрээгээ тэлэх боломж олгож байгаа хэрэг. Хамгийн гол нь дээрх этгээдүүдэд төр ямар ч хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг ченжийн засаглал улс орныг бүрхэх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг.

Саяхан харин сар шинийн өмнөхөн үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэсэн хүмүүстэй Засгийн газар хариуцлага тооцох тухай ярих болов. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар одоо л жинхэнэ утгаараа ажиллаж эхлэх нь бололтой. Хэдхэн хоногийн өмнө Монголд болсон эдийн засгийн чуулга уулзалтаар бүртгэлийн тогтолцоог сайжруулах нь бүх салбарт ач холбогдолтой талаар дэлхийд нэртэй эдийн засагчид ярьж байсан. Үнэндээ ченжүүдийг эхлээд бүртгэж, далд сүлжээг илрүүлэхээс л эдийн засгийн үр ашгийг сайжрах тухай яриа эхлэх ёстой болов уу. Эс тэгвэл ченжийг дагаад авлига бий болж, баян хоосны ялгаа улам бүр гаарч, салбар болгонд ченж нэртэй бодлого, үнэ үгсэн хуйвалдаж тодорхойлж байдаг хэсэг бүлэг хүмүүс улс орныг удирдан залах дээрээ тулах болно.

/"Мм" 2-р сарын 24/

No comments:

Post a Comment